Гепатит гэдэг нь элэгний үрэвсэл гэсэн утгатай. Элгэнд үрэвсэл үүсгэдэг олон вирус байдаг бөгөөд хамгийн ноцтой нь гепатит А вирус, гепатит В вирус, болон гепатит С вирус юм. Эдгээр вирусээр халдварласан ихэнх (гэхдээ бүгд биш) хүмүүст шар өвчний (нүд болон арьс шарлана- шинж тэмдэгтэй ижил) ядрах, дотор муухай оргих, гэдэс өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Эдгээр шинж тэмдгүүдээс хараад аль вирусаар нь халдвар авсан болохыг хэлэх боломжгүй. Зөвхөн цусны шинжилгээ л тодорхойлдог.

Ерөнхийдөө элэгний үрэвсэл үүсгэдэг А,В,С,D,Е,G,F,TT гэсэн есөн төрлийн вирус байдаг. Эдгээрээс манай оронд А,В,С,D вирусийн халдварууд зонхилон тохиолддог.

Элэгний В, С, D /дельта/ вирус бэлгийн зам, цус, цусан бүтээгдэхүүн, мэс заслын үед, зүү тариураар ихэнхдээ халдварладаг аж. Ялангуяа мэс ажилбар  хийх, шүд авхуулах, хануур хийлгэх, зүү тавиулах, шивээс хийлгэх, гоо сайхны мэс засал хийлгэх нь элэгний вирус халдварлах эрсдэлтэй байдаг.

Харин А, В, С, D вирусийн халдвар өөр өөр замаар дамжин халдварладаг. А вируст гепатит  өвчтөний биеэс өтгөнөөр нь ялгаран гарч, хөрс, ус, хүний гар, ахуй орчны эд юмс, хүнсийг бохирдуулж тэдгээрээр дамжин эрүүл хүний хоол боловсруулах замаар орж өвчлүүлдэг. А вируст гепатитын эсрэг вакцин тариулах, гараа бохирдсон тухай бүрт нь тогтмол угаах, хувийн эрүүл ахуй, ариун цэврийг сахих, түүхий ус, цэвэрлээгүй жимс ногоо хэрэглэхээс зайлсхийх, ил задгай газарт худалдаж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх зэргээр анхаарч болно. Элэгний В, С вируст гепатит өвчнийг үүсгэгч вирус нь шинжилгээгүй цус, цусан бүтээгдэхүүнээр, бохир буюу хангалтгүй ариутгасан эмнэлэг, гоо сайхны багаж хэрэгслүүд, шүдний сойз, сахлын хутга бусад хувийн хэрэглээний багажийг дамжуулж хэрэглэх явцад шарх, шалбархайгаар дамжин халдварладаг. Мөн халдвартай хүнтэй бэлгийн харьцаанд орох бас вирус тээгч, өвчтэй эхээс урагт дамжин халдварлана. Тиймээс тохиолдлын бэлгийн харьцаанд орохгүй байх, хамгаалалт хэрэглэх нь чухал юм. Элэгний В, С вирус гадаад орчинд тэсвэргүй байдаг тул бохир гар болон аяга, сав суулгаар дамжихгүй гэсэн үг.

Хүүхдүүддээ санамсаргүй тохиолдлоор элэгний А, В вирусийн халдвар авахаас сэрэмжилж байгаа бол вакцинд хамруулснаар урьдчилан сэргийлж чадна.