УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар нэр бүхий 5 гишүүний санаачилсан Түр хороо байгуулах тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Дэд хорооны бүрэлдэхүүнд зөв хүнээ оруул. Бусдын гар хөл болдог хутгуур хийдэг хүмүүс байна” гэснээс үүдэж УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй маргалдав.

О.Баасанхүү: Чи намайг Эрүүгийн цагдаагийн газраас мөрдүүлж, тагнуулсан.

Ц.Нямдорж: Чамайг хэн мөрдүүлдэг юм. Мэдрэл муутай хүнийг хөөж гарга. Хуралд суулгаж яадаг юм.

О.Баасанхүү: Чамаас айхгүй.

Ц.Нямдорж: Зайл чи. Чам шиг мэдрэл өвчтэй хүнийг түр хорооны бүрэлдэхүүнд оруулахгүй.

Маргаан даамжирч О.Баасанхүү гишүүн хуралдааныг орхин гарав.

УИХ-ын гишүүн Л.Болд “Баасанхүү гишүүн маш их сандарч байна. Эрүүгийн шүүгчдийн гол төлөөлөгч энд хөөс нь цахарч боож үхэх нь. Энэ бол маш гайхамшигтай түр хороо байгуулагдах гэж байна” хэмээв.

Ингээд Түр хороо байгуулах тогтоолын төслийг чуулганаар хэлэлцэхийг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжив. Чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тогтоолын төслийн танилцуулахаар боллоо. Хэлэлцэх эсэхийг нь чуулганы хуралдаанаар шийдсэний дараа Түр хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэх юм байна.