Өнөөдөр дэлхийн нийтийн өмнө эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэх, байгалийн хязгаарлагдмал нөөцийг ариг гамтай зарцуулах, уур амьсгалын өөрчлөлт гэдэг зүйл тулгамдсан асуудал болж байна. Монгол Улс эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулж 2015 онд Улсын Их Хурлаас Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг баталсан. Мөн Засгийн газраас 2017 онд Эрчим хүч хэмнэх Үндэсний хөтөлбөрийг баталсан байгаа.
Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс тодруулахад,
"Хэмнэлтийг эрчим хүчний салбар өөрөөсөө эхлэх нь зүйтэй гэж үзэн 2018 оныг Эрчим хүч хэмнэлтийн жил болгохоор шийдвэрлэсэн. Эрчим хүчний хэмнэлтийн жилийн хүрээнд эрчим хүчний үйлдвэр компани бүр эрчим хүч хэмнэх төлөвлөгөө гаргаж нийт 545 хэмнэлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллалаа. Эрчим хүчний салбарыг өрсөлдөөнт зах зээлд шилжүүлэх эдийн засгийн хөшүүрэг бий болгох зорилт дэвшүүлэн төвийн бүсийн томоохон 12 компанитай "Урамшуулалт зохицуулалтын гэрээ”-г байгуулан ажилласнаар салбарын хэмжээнд цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдал буурсан.
Өнгөрсөн 2018 онд эрчим хүчний салбар 33,2 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 60.8 мянган Гкал дулааны эрчим хүч буюу 7.3 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж ажилласан байна. Дотоодын дулааны цахилгаан станцуудын диспетчерийн график төлөвлөгөөнөөс илүү үйлдвэрлэсэн эрчим хүчний хэмжээгээр урамшуулал олгох журам тогтоосноор 2018 оны хэрэглээний өсөлт болох 270 сая кВт цахилгааны 92 хувийг дотоодын цахилгаан станцуудаас хангаж 28 тэрбум төгрөгөөр импортын эрчим хүчний төлбөрийг бууруулсан.
Эрчим хүч хэмнэлтийн хууль батлагдсанаас хойш 82 эрчим хүчний аудитор, 151 эрчим хүчний хэмнэлтийн менежерийг бэлтгэж, ажилд оруулаад байна. Өнгөрсөн онд нийт 29 байгууллага эрчим хүчний аудит хийлгэж, эрчим хүч хэмнэх тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн эрчим хүч хэмнэлтийн ач холбогдлын талаар олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Нийслэлийн боловсролын газрын оролцоотойгоор Ерөнхий боловсролын 241 сургуулийн 139 мянга гаруй хүүхдэд "Эрчим хүчний хэмнэлт-зохистой хэрэглээ” хичээлийг заасан гээд маш олон ажлууд хийгдэж, тодорхой үр дүнд хүрсэн" хэмээн ярилаа.