-Ө.Энхтүвшин: Бичиг ирэх нь ирсэн. Үнэн эсэхийг нь шалгаж байна -
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь тойрсон дуулиан тасрахгүй байгаа энэ үед 51 хувьтай холбоотой сенсаац дахин нэмэгдлээ. Учир нь, “Эрдэнэт”-ийн төрийн мэдлийн 51 хувийг “Жаст” группийн захирал Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаалж зээл авсан байдаг. Энэ хэрэг 2009 оноос эхтэй бөгөөд 2013 оноос хойш шалгагдаж, Ш.Батхүү хоригдож, Монгол Улс үндсэн зээл болон зээлийн хүү нийлсэн 100 гаруй сая ам.долларын өрийг төлөх ёстой болчихоод байгаа. Энэ асуудлаар Олон улсын Арбитрын шүүхийн шийдвэр нэгэнт гарсан учраас энэхүү өр зээлийг төлөх ёстой гэх асуудал ч яригдсаар байна. Тэгвэл үе үе сөхөгдөөд намжиж байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудал нэлээд ноцтой байдалд тулж ирсэн бололтой. Өнгөрсөн онд Өмнөд Африкаас БНХАУ-ын Үйлдвэр худалдааны банкинд 60 хувь нь шилжсэн “Стандарт” банк Монгол Улсын Засгийн газарт хандаж албан бичиг явуулсан тухай мэдээлэл байна. Энэхүү бичгээр тав хоногийн дотор өрөө барагдуул, үгүй бол “Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжлэх асуудлыг хөндөнө гэсэн бололтой. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалж авсан 50 гаруй сая ам.доллар хүү болон үндсэн зээл, торгууль зэрэг нэмэгдсээр 117 сая ам.доллар болсон аж. Тиймээс энэ мөнгийг нэн яаралтай барагдуулах эсэх бичиг ирсэн талаар Шадар сайд Ө.Энхтүвшингээс тодруулахад “Тийм бичиг ирсэн. Гэхдээ албан ёсны бичиг мөн эсэх. Үнэхээр тав хоногийн визтэй бичиг үү, үгүй юу гэдэг эргэлзээтэй байна. Дашрамд хэлэхэд энэ асуудал шийдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад хамгийн нааштайгаар шийдэгдсэн. Энэ асуудлын талаар маргааш нэгдсэн байдлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ” гэсэн хариу өгчээ.