Оны 91 дахь өдөр,
шинэ он хүртэл
274 хоног үлдлээ
Өнөөдрийн баяр
Инээдмийн өдөр
Дөрөвдүгээр сарын 1 буюу инээдмийн баярыг зарим оронд тэнэгүүдийн өдөр ч гэдэг. Энэ өдөр олон орны хүмүүс бие биеэ хуурч, тоглоом шоглоом хийж баясдаг уламжлалттай учраас түүнийг олон улсын баяр болгож яагаад болохгүй гэж?
Инээдмийн баярын өдрийн маш олон түүх байдаг. Тухайлбал, Францчууд үүнийг шинэ оныг угтах баярыг хойшлуулсантай холбоотой гэдэг. XVI зууны хоёрдугаар хагас хүртэл дөрөвдүгээр сарын нэгний өдөр шинэ жилийг угтдаг байжээ. Францын хаан шинэ оныг нэгдүгээр сарын 1-нд тэмдэглэх зарлиг гаргасан байна. Гэвч зарим нь энэ шийдвэрийг хүлээн авахаас татгалзаж дөрөвдүгээр сарын 1-нд шинэ оноо угтаж, уламжлалт ёсоор бие биедээ “дөрөвдүгээр сарын загас” залгиулсаар байв. Тиймээс эдгээр хүмүүсийг шоглон тэнэгүүдийн өдөр хэмээн нэрлэжээ. Францчууд энэ өдрийг дөрөвдүгээр сарын загас ч гэдэг. Ер нь Европын ихэнх орнуудад тэнэгүүдийн өдөр гэдэг.
Харин Америк болон Их Британид XVIII зуунаас хуурдаг өдөр хэмээн тэмдэглэж ирсэн байна. 1860 оны энэ өдөр Лондон хотод хэвлэгдэн гардаг нэгэн сонин, хүмүүсийг хэрхэн хуурсан тухай өнөөдрийг хүртэл дурсан ярьдаг. “Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 11 цагт Тауэрт болдог цагаан арсланг угаах ёслолд ноёд, хатагтай нарыг оролцохыг урьж байна” гэсэн зар гаргажээ. Түүний дагуу 11 цагт Тауэрт бөөн хүн цугларсан байна.

Эртний Ромд энэ өдөр Инээдмийн бурхныг залж байсан түүхтэй. Харин Германчууд хамгийн азгүй өдөр гэдэг. Гэсэн хэдий ч бие биеэ хуурдаг. Ингээд энэ өдөр дэлхийн хэвлэл мэдээлэлд гарч байсан хамгийн инээдэмтэй мэдээнээс сонирхуулъя.
Сонирхолтой баримтууд–
"Шувууны олон улсын өдөр"

"Шувууны олон улсын өдөр"-ийг (International Bird Day) 1906 оноос хойш дэлхийн зарим улс оронд тэмдэглэж иржээ. Гол зорилго нь шувууны нэр төрөл, тоо толгойг хамгаалахад оршдог бөгөөд энэ өдөр хот, суурин газар болон ой, шугуй, тал газар шувууны хиймэл үүрийг байрлуулдаг аж. Дэлхийн түүхэнд шувуутай харгис хэрцгий хандаж байсан түүх цөөнгүй байдаг. Тухайлбал, 1860-1890 оны хооронд АНУ-ын Висконсин мужид тагтааг хүнсэнд хэрэглэх болсноор энэ амьтан бараг устаж болсон түүхтэй. Харин манай улсын хувьд шувууны өдрийг дөрөв, тавдугаар сард тэмдэглэж ирсэн. Ингэхдээ шувууны амьдрах орчныг хамгаалах, шувуудын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх олон арга хэмжээ зохион байгуулдаг юм.
ХХ зууны эхээр, 1902 оны гуравдугаар сарын 19-нд “Хөдөө аж ахуйд ашигтай шувуудыг хамгаалах олон улсын конвенц"-ийг арав гаруй орон батлав. Тэр нь 1905 оны сүүлчээр үйлчилж эхэлсэн байна.
Сонирхолтой түүх
Хурдан уусах Нескафе танилцуулагдлаа

1938 – Кофены жинхэнэ амтыг хадгалсан, бэлтгэхэд хялбар, хурдан уусах Nescafé бүтээгдэхүүнийг танилцууллаа.Хурдан уусах кофег химич МаксМоргенталер бүтээсэн баөгөөд тэрээр энэ чиглэлээр 1929 оноос Бразилийн засгийн газрын захиалгаар ажиллаж эхэлсэн байжээ.Nestlé &Anglo-Swiss компани Бразилийн кофены илүүдлийн асуудлыг шийдэх ажилдаа оров.
Өнгөц харахад маш энгийн. Натураль кофены өтгөн ханднаас ууршуулж төмөр лааз, картон хайрцганд савлах. Гэтэл ханднаас усыг нь ууршуулахад кофены үнэр амтыг хадгалдаг эфирийн тос нь мөн ууршин алга болоод байжээ. Энэ асуудал дээр Моргенталер долоон жил ажиллажээ.
Араб хэлэнд хурдан уусах кофе "нискафе"гэж нэрлэгддэг. Гэхдээ хурдан уусах кофе дэлхийд нэлээд эрт гарч иржээ. Кофены нунтгийг 1899 онд япон Сатори Като гарган авсан байв. Чикаго хотноо суурьшсан тэр япон хүн өмнө нь хурдан уусдаг цайг хийж чаджээ. Гветамалад амьдардаг байсан Английн химич Жорж Вашингтон хамгийн анх кофены хандаас усыг ууршуулан шарах үйлдвэрийн технологийг 1906 онд үйлдвэрт нэвтрүүлжээ. Түүнээс гурван жилийн дараа зах зээлд "Red E Coffee"гэх худалдааны марк гарч ирлээ.
Өнөөдөр түүхэнд
527- Дорнод Вей улсын эзэн хаан Шиаминийн охин Ху гүнж хаан ширээнд сууснаар Хятадын хаан ширээнд суусан анхны эмэгтэй болжээ.
1545 - Испанийн эзэнт гүрний колони болох Боливи улсын Потоси орчмоос их хэмжээний мөнгөний илрэц олджээ.
1572- Голландын 17 муж нэгдэн Бүгд найрамдах Голланд улс байгуулахаар болов.

1815- Германы эзэнт улсын анхны канцлер Отто фон Бисмарк төржээ.
1826 - Америкийн зохион бүтээгч Самуэль Мори "Уурын хөдөлгүүр"-ийг зохион бүтээж, зохиогчийн эрх авчээ.
1854- Алдарт зохиолч Чарльз Дикенсийн "Бэрх цаг үе" зохиол "Хаусхолд Уордс" сэтгүүлд цувралаар нийтлэгдэж эхэлжээ.
1867- Сингапур арал Британийн колони болжээ.
1873- Усан онгоц үйлдвэрлэгч "Уайт Стар Лайн" компанийн "Атлантик" хөлөг онгоц Нова Скотиа орчимд осолдон живж 547 хүн амиа алдав. Энэ нь 19-р зуунд тохиосон хамгийн хөнөөлтэй осол болсон юм.
1918- Их Британийн тэнгисийн цэргийн нисэх хүчний салбар байгуулагджээ.
1924- Олон нийтийг эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан хэргээр Адольф Гитлерт таван жилийн ял оноон шоронд хорив. Гэвч тэрээр ердөө найман сар хоригдоод суллагдсан юм.
1930 – Берлин хотын Курфюрстендамм өргөн чөлөөний "Глория-Палас" кинотеатрт Генрих Манны "Багш Унрат буюу нэгэн дарангуйлагчийн төгсгөл" романаар америк найруулагч Жозеф фон Штернбергийн бүтээсэн “Цэнхэр сахиусан тэнгэр” киноны анхны үзвэр гарав.

Тэр үеэс киноны гол дүр кабарегийн дуучин Лолу-Лолугийн дүрийг бүтээсэн Марлен Дитрихын нэрд гарсан юм.
1935- Энэтхэгийн төв банк буюу Энэтхэгийн холбооны нөөцийн банк байгуулагджээ.
1937- Йемены Аден хот Британийн колони болов.
1939- Испанийн иргэний дайн: Бүгд найрамдах засаглалын цэргүүд бууж өгсөнийг удирдагч Франциско Франко зарласнаар Испанийн иргэний дайн эцэслэв.
1947- Шинэ Зеландын тэнгисийн цэрэг албан ёсоор байгуулагджээ.
1949- Канадын засгийн газар япон гаралтай Канадчуудын эрхийг долоон жил хязгаарласны эцэст хүчингүй болгожээ.
1950 – Баруун Германы"Висбаден тагеблатт" сонин хотын ойролцоо осолдсон харь гарагийн хөлгийн нисэгчийн дуулиантай зургийг нийтлэв.

Зураг дээр Америкийн армийн хоёр офицерын хамт хүчилтөрөгчийн багтай, метр орчмын өндөртэй харийн хүн дүрслэгджээ. Доор нь харь гарагийн нисгэгч нэг хөлтэй учир үсэрч явдаг гэж тайлбарласан байв. Гэрэл зургийг дэлхийн сонинууд хуулан нийтэлж гарчээ. Олон жилийн дараа сонины ажилтнууд “Дөрвөн сарын 1-ний шоглоом” байсныг хэлж, харийн нисгэгчийн дүрд сонины ажилтны охиныг тоглуулснаа илчилжээ.
1970 - АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон Тамхины олон нийтийн хяналтын тухай хуульд гарын үсэг зурснаар телевиз, радиогоор тамхины үйлдвэрлэлийг сурталчлах, реклам явуулах зэргийг хоригложээ. Уг хууль 1971 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм.

1976- Америкийн иргэн Стив Жобс, Стив Возняк, Рональд Уэйн нар АНУ-ын Калифорни мужийн Купертино хотод Apple компанийг байгуулав.
1978- Филиппинийн политехникийн их сургууль байгуулагджээ.
1989 - Их Британийн Ерөнхий сайд Маргарет Тетчер татварын шинэ хууль санаачилсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлэв.
2004- Технологийн Google компани цахим шуудангийн үйлчилгээ үзүүлэх Gmail программыг олон нийтэд танилцуулав.
2016 –Уулын Карабах мужид мөргөлдөөн болов. Түүхэнд үүнийг дөрвөн өдрийн дайн гэж тэмдэглэжээ.