Хүний эрхийн үндэсний комисс цагийн үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус комиссын дарга Ж.Бямбадорж “2014 оны нэгдүгээр сарын 24-нд УИХ-ын есөн гишүүн яаралтай горимоор хэлэлцүүлж Улсын ерөнхий прокурорын дэргэд байсан мөрдөн байцаах албыг татан буулгасан. Энэ үеэс эхлээд Монголд эрүүдэн шүүх асуудал газар авч эхэлсэн. Өчигдөр манай байгууллага мэдэгдэл гаргасан. Үүний дагуу иргэд мэдээлэл өгч байна. Хүний эрхийн үндэсний комисс 17 илтгэл бичсэн үүний 13-т нь ямар нэгэн байдлаар эрүүдэн шүүхтэй холбоотой асуудал орсон. Харамсалтай нь энэ талаар дорвитой арга хэмжээ аваагүй. Одоо хууль хяналтын байгууллагууд нэгнийхээ хууль бус байж болох үйлдлийг шалгахдаа тойроод бие биеэ хянаж шалгадаг болсон. Одоо хууль хяналтын байгууллагынхан өөрсдийнхөө үйлдлийг “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна, нотлогдсонгүй” гээд орхидог болсон.

Монгол Улс Үндсэн хуульдаа “Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ” гээд заачихсан. Манай улс 2014 онд эрүүдэн шүүх, хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлохын эсрэг конвенцын нэмэлт протколд нэгдсэн. Үүнийхээ төлөө эрүү шүүлтээс ангижрах механизм байгуулах ёстой. Түүнээс хойн таван жил өнгөрч байна. Энэ хугацаанд хоёр парламент үйл ажиллагаа явуулж байгаа ч хийсэн ажил алга. Дэлхийн ихэнх орон энэ системээ бий болгоод ажиллаж байгаа. С.Зоригийн амийг хороосон гэх хүмүүсийн хэргийг шийдвэрлэх үед тэр хүмүүсээс гомдол ирж байсан. 2015 оны наймдугаар сарын 31-нээс эхлээд л гомдол ирүүлсэн. Тухайн үед манайхаас олон газарт илгээсэн албан бичгүүд бий. Харамсалтай нь нууцын зэрэглэлтэй. Ерөнхий прокурор, ТЕГ, ШШГЕГ-ын дарга нарт анхааруулж байсан. Ганцхан хариу ирсэн. Нийслэлийн прокурор Амгаланбаатар гэдэг хүний гарын үсэгтэй ганц бичиг ирсэн. Бүгдийг  нь нэгтгээд хариу өгөөд байгаа юм уу, хаашаа юм. Гэтэл өнөөдөр байдал ямар болж байгааг та бүхэн харж байна. Одоо сум, аймагт хэрэг бүртгэх үйл ажиллагааг иймэрхүү байдлаар явуулж байгаа тохиолдол олон бий. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.6-д “Мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлах ба санаатай худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай сануулна” гэсэн заалт бий. Гэтэл одоо энэ заалтыг яг эсрэгээр нь ашиглаж байгаа нь манайд ирж байгаа гомдлуудаас харагддаг. “Чи хэргээ хүлээхгүй бол эхнэрийг чинь, ээжийг чинь авч ирж хорино шүү” гэх мэтээр хамгийн эмзэг хүмүүс рүү нь дайрдаг. Хүний эрхийн үндэсний комисс 2011 оноос байцаалт авах үйл ажиллагааг дараа нь шалгахын тулд дүрс, дууны бичлэгт газар байцааж байхыг шаардсан. Үүний дагуу 2012 онд есөн дүүрэг, 21 аймаг, 461 дүгээр хорих ангид ийм нөхцөлийг бүрдүүлсэн өрөөтэй болсон. Ийм мэдээллүүдийг өгөх зорилгоор өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг хийж байгаа юм. Ингэхгүй бол “Хүний эрхийн үндэсний комисс юм хийж байсан юм бэ” гэж ярих боллоо. УИХ-ын гишүүн хүртэл тэгж хэлж байна лээ. Тэр гишүүн өөрөө Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгах санал гаргасан есөн гишүүний нэг шүү” гэлээ.

Дээрх мэдээллийг өгснийхөө дараа Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, тус комиссын гишүүн П.Оюунчимэг нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Хүний эрхийн үндэсний комисс мөрдөн байцаах ажиллагаа явуулж буй камерын бичлэгтэй танилцах эрхтэй байдаг уу?

Ж.Бямбадорж: -Үгүй. Харин түүнийг шалгах эрхтэй байгууллага нь үзээд шалгаж байг гэдэг үүднээс дуу, дүрсний бичлэгтэй болгохыг шаардсан юм.

П.Оюунчимэг: -Манай байгууллага тэр камеруудын бичлэгийг шалгаж болно. Гэхдээ нууцын зэрэглэлтэй асуудалд оролцох эрхгүй байдаг.

-Байцаалт явуулахдаа ашиглах зорилгоор тусгай сандал оруулж ирсэн гэсэн мэдээлэл гарч байсан. Одоо энэ сандлыг ашиглаж байгаа юу?

Ж.Бямбадорж: -Тэр сандлыг ашиглахгүй байгаа. Тухайн үед нь манайхаас шаардлага хүргүүлээд зогсоосон.

П.Оюунчимэг: -Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад хөлийг нь дөнгөлж гарыг нь гавлах зориулалттай, шаланд бэхэлдэг сандал ашиглахад бэлэн болсон байхыг бид хөдөө орон нутагт шалгалтаар явж байгаад олж тогтоосон. Тухайн үед ЦЕГ-ын дарга нь бригадын генерал Б.Билэгт байсан. Тэр сандлыг аймаг б олон дүүргүүдэд хуваарилчихсан байсан. Тухайн үед Хууль зүйн сайдаар Х.Тэмүүжин ажиллаж байсан юм. Бид тэр сандлын зураг, тараасан байдлыг нь тухай материалуудыг нь илгээж эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын конвенцыг зөрчиж байгааг анхааруулж, хэрэглүүлэхгүй байхыг шаардсан. Үүний дагуу тараагдсан байсан бүх сандлыг буцааж татсан.

-Өнөөдөр тэр хүнээс амьд байгаа учраас эрхийг нь хамгаалах асуудал яригдаж байна. Хэрэв эрүүдэн шүүлтийн үед амиа алдсан бол яах вэ?

Ж.Бямбадорж: -Би хэлж мэдэхгүй байна. Холбогдох хүмүүст нь хариуцлага тооцох байсан байх. Харин нэг зүйлийг санах хэрэгтэй. Цаазаар авах ялыг халсны хүчинд энэ хүмүүс амьд байна. Хэрэв цаазаар авах ялыг халаагүй байсан бол эрэгтэй нь цаазлуулчихсан байхыг үгүйсгэхгүй. Учир нь, эмэгтэй хүнийг цаазалдаггүй.

-Танай байгууллагад 13 илтгэлдээ эрүүдэн шүүх ажиллагаа явуулж байна гэдгийг бичсэн гэсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүдээс хэн нэг нь тодорхой мэдээлэл авахаар танай байгууллагад хандаж байсан уу?

Ж.Бямбадорж: -Үгүй. Бид нар одоо тэр гишүүдийг яалтай билээ. Манайх анхаарлыг нь татах зорилгоор илтгэлдээ зарим тохиолдлыг бүр оруулж бичдэг юм. Тэр битгий хэл, нэг гишүүн “Та нар ер нь энэ эрүүдэн шүүлтээс өөр зүйл ярьдаг улс уу, үгүй юү” гэж хэлж байсан. Ингэж Бямбадорж руу дайрч болно. Харин өдөр, шөнөгүй ажиллаж байгаа ажилтнуудыг ингэж доромжлохыг би тэвчихгүй.