Засгийн газраас бизнесийн орчныг дэмжиж, хөрөнгө оруулалтыг сайжруулах зорилгоор Татварын дөрвөн хууль болон холбогдох 20 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өнгөрсөн онд хуулийн төсөл боловсруулж УИХ-аар батлаад байна. Татварын ерөнхий хууль өмнө нь 9 бүлэг 76 зүйлтэй байсан бол шинэчилсэн найруулгаар 14 бүлэг 83 зүйлтэй болгохоор шинэчлээд байгаа юм. Энэхүү багц хуулийн шинэчлэлээр олон улсын жишигт нийцүүлж байгаа хэмээн Ч.Хүрэлбаатар сайд мэдэгдсэн. Харин олон нийт болон бизнес эрхлэгчдийн “эгдүүцлийг” хүргээд буй “20 сая төгрөгөөс дээш татварын өр төлбөртэй бол хилээр гаргахгүй байх, татварын өрийг өвлүүлэн үлдээх зэрэг зүйл заалтын талаар маргаан ид өрнөөд байна.
Тэгвэл УИХ-аар дөнгөж батлагдаад буй Татварын багц хуулийн талаарх талуудын байр суурийг бид нэгтгэн хүргэж байна.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин:
-Татварын хууль олон жил олон Засгийн газар дамжин яригдаж байгаа. Өмнө нь танхим гишүүдийнхээ дунд санал асуулга зохион байгуулаад өөрсдийнхөө саналыг ажлын хэсэгт хүргүүлсэн. Эндээс зарим нь дэмжигдэж, зарим нь дэмжигдээгүй.
Гэтэл дэмжигдээгүй саналууд өнөөдөр нийгэмд асуудал дагуулж байх шиг байна. Харин УИХ-аар хэлэлцэгдэж буй Татварын хуульд татварын байцаагчийн торгох хэмжээ эрс нэмэгдүүлсэн байна. Улмаар авлига, ашиг сонирхлын асуудал бүрдэх нөхцөл бүрдэхээр харагдаж байгаа.
Шинэ Татварын ерөнхий хуулиар Татварын байцаагчийн торгох хэмжээ эрс нэмэгдсэн нь дарамтлах, улмаар авлига ихсэх нэг нөхцөл болж болзошгүйг анхаарах хэрэгтэй. Тухайлбал, хуулийн 84.2-д Суутган татвараа аваагүй, тайлагнаагүй бол төлөх татварын 50 хувьтай тэнцэх, мөн 83 дугаар зүйл, 85.1 дүгээр зүйл заалтаар татвар төлөх орлогоо дарагдуулсан гэж үзвэл торгуулийн хэмжээг 50 хувиас 100 хувиар торгох эрхийг олгосон.Гэтэл иргэд татвараа төлөөгүйгээс аж ахуйн нэгж хариуцлага хүлээх нь байж болшгүй юм. Мөн Шинэ татварын ерөнхий хуулийн 53, 55, 62-73 дугаар заалтуудаар татварын өр барагдуулах, албадан арга хэмжээ авах, битүүмжлэх харилцааг хатуу чанга болгож өгсөн нь өнөөдрийн нөхцөлтэй хэрхэн зохицож буйг анхаарах ёстой. Шинэ хуулийн 34 зүйлээр Татварын Эрсдлийн удирдлага гэдэг хяналт, шалгалт хийх шинэ заалтыг оруулж өгсөн. Эрсдэлтэй гэдэг нэрийдлээр хяналт шалгалт хийх нөхцөлийг бүрдүүлж байна.
Мөн татвар төлөгч бус түүний харилцан хамаарал бүхий этгээдүүд болон гуравдагч этгээдийг хамруулан татварын асуудлаар шалгах, хянах, мэдээлэл гаргуулж авах онцгой эрхийг татварын алба, байцаагчид бий болгож өгсөн.
Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан:
-Татварын багц хуульд санаа зовмоор юм их л байгаа бололтой. Буруу зөвөө ярьж ойлголцож болохгүй юу? Төр хувийн хэвшил түншилмээр байх юм.
Манай Засгийн газар нь Оюутолгой төсөлтэй татварын маргаантай байгаа. Рио Тинто компанийн нөхдүүдийг ирээд буцахад нь хил дээр саатуулах эрх зүйн үндэс бүрдлээ гэж ойлгов. Бусад хөрөнгө оруулагчдад ч хамаатай. Баярлах юм уу, яах юм.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
-Гэр бүлийн нэг гишүүн нь татвараа төлөлгүй нас барлаа гэхэд үлдсэн гишүүд нь түүний татварыг төлөх заалт бий. Энэ бол хэзээ ч байж болохгүй асуудал. Үндсэн хуульд заасан хувь хүн өөрийнхөө хариуцлагыг хүлээх зарчмыг зөрчиж байна. Компанийн хувьд оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээдэг. Гэтэл хэн нэгнийг татвар төлөх үүргээ биелүүлээгүй байхад хамаарал бүхий этгээдүүд гээд бусдад харицлага үүрүүлж болохгүй. “Хөрөнгийг нь шилжүүлж авсан” бол гэдэг үгээр халхавч хийж ийм алхам хийх гэж байна. Хөрөнгө шилжүүлж авна гэдэг бол их өргөн утга агуулдаг зүйл. Үүнийг яаж ойлгох вэ гэдэг нь энэ хэлэлцэж буй хуульд тодорхой биш байгаа юм. Ямар нэг маргаан, зөрчил гаргахгүйн тулд сайн зүйлээ хэрэгжүүлэх арга механизмаа хуульд тодорхой зааж өгөх хэрэгтэй. Эсвэл түүнийгээ бүр болих ёстой.
Монгол Улс эдийн засгийнхаа дунд, урт хугацаанд хөгжүүлэхийн тулд ямар салбар, ямар аж ахуйн нэгжийг татварын хөнгөлөлт, чөлөөлөлт зэрэг бодлогоор хэрхэн дэмжихээ тодорхойлох ёстой. Гэтэл энэ талаар оруулсан заалт алга. Миний хувьд эдийн засгийн дөрвөн салбарыг дэмжих хэрэгтэй гэж боддог. Манай улсын эдийн засаг өнөөдөр хоёрхон бүтээгдэхүүний экспортоос хамааралтай байна. Тэгвэл хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн экспортыг дэмжихээр хуульд хэрхэн тусгах, ямар хөнгөлөлт үзүүлэх тухай алга. Аялал жуулчлалын салбар байна. Энэ салбарыг “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичигт тусгасан. Үүнд жилд нэг сая жуулчин хүлээж авна гэсэн. Үүнийгээ хэрэгжүүлэх юм аялал жуулчин хүлээж авах компаниудын оруулж ирж байгаа тоног төхөөрөмжид ямар хөнгөлөлт үзүүлэх нь тодорхойгүй байна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Хууль хэлэлцэж байхад 20 сая төгрөгийн өртэй бол хилээр гаргахгүй гээд худлаа тайлбарыг тараажээ. Энэ заалт бол гадаадын иргэнд хамааралтай заалт юм. Дотоодын аж ахуйн нэгж, иргэдээ хамгаалсан заалт юм шүү.
Зарим нэг хүмүүс татварын өрийг үр хүүхдэд нь өвлүүлэх заалтыг татварын хуулийн шинэ төсөлд нэмж тусгасан юм шиг буруу, худлаа тайлбар өгч байна. Бодит тайлбарыг доор бичээд та бүгдэд хүргэж байна. Хилээр гарах асуудлаар бол хоёр нөхцөл зэрэг биелэх учиртай. Эхний нөхцөл нь Оюутолгой шиг үйл ажиллагаа явуулж байгаа, хөрөнгө мөнгөтэй компанид хамаарахгүй. Та бүхэн хуулиа сайн уншина уу.
