Үндэстэн дамнасан телевизийн драмууд соёлын томоохон үзэгдэл болсныг дэлхий даяараа хүлээн зөвшөөрч байна.

Соёлын үзэгдэл

Даяарчлалын үеийн медиа салбарын өсөлтийг голчлон судалдаг Айовагийн их сургуулийн профессор Тим Хэйвенс өндөр чанартай телевизийн драмуудыг XIX, XX зууны үеийн дуурийн сүрлэг театрууд тухайн үндэстнийхээ оюун санаанд гүйцэтгэж байсан үүрэгтэй зүйрлэжээ. Дуурийн театрууд цагийн уртад үндэстнийхээ орчин үежилт, оюунлаг байдлын илэрхийлэл болж үлдсэний адил, эдүгээ XXI зуунд үндэстний соёлын бүтээлч үйлдвэрлэлийн Соёлын үзэгдэл гол илэрхийлэл нь олон үндэстэн дамнан үзэгчдэд хүрч буй телевизийн драмууд гэж тэрээр дүгнэж байна. Олон төрөл, жанр, үндэстний дахин давтагдашгүй өвөрмөц байдал, түүхийг тусгасан үндэстэн дамнасан өндөр чанартай телевизийн драмууд нь FAANG буюу Facebook, Amazon, Apple, Netflix, Google болон дэлхийн хэрсэн шууд дамжуулах жижиг компаниуд, Английн BBC, Францын Arte, Герман дахь ZDF, Хятадын IQiyi зэрэг хүчирхэг компани, платформуудыг оролцуулан өсөн нэмэгдэж буй үзэгдэл юм. Энэ нь мэдээж хэрэг шинэ зүйл биш. Аль 1980-аад оноос Европт Америкийн өндөр чанартай телевизийн хөтөлбөрүүдтэй өрсөлдөх зорилгоор стратеги хэрэгжүүлж эхэлсэн. “Europudding” буюу Европын үндэстнүүдийн онцлогийг тусгасан дэлгэцийн бүтээл туурвих энэхүү санаачилга нь тэгтлээ өндрийг аваагүй ч, олон сайн, алдартай цуврал гарч ирэх үндэс болжээ.

Амжилтын хүчин зүйлс

Пан-Америкийн их сургуулийн судлаач Мариа Тереза Николас Гавиланы ажиглалтаар үндэстэн дамнасан, амжилттай цуврал бүтээхэд 5 хүчин зүйл чухал нөлөөтэй ажээ. Нэгт, үйлдвэрлэлийн чанар, хоёрт, сэдвийн олон талт байдал, гуравт, төрөлжсөн судалгаа, дөрөвт дистрибьютор, тавд, дүрүүд. Телевизийн цуврал бүтээгчид юун түрүүн мастеруудын сонгодог ажиллагааг шуудхан авч ашиглана. Дүр сонголт, техник тохиргоо, дуу хөгжим гээд бүхий л зүйл дээр өндөр чанарыг чухалчилж, бүтээн босголт, түүхийг бодитоор бий болгоход онцгойлон анхаардаг гэсэн үг. Хоёрдугаарт, амжилттай цувралууд өргөн хүрээг хамаарч, олон талт асуудлын гогцоо, зангилаагаар үзэгчдийн анхаарлыг татдаг. Цуврал бүтээх явцдаа зах зээлийн өнцөг булан бүхнийг хэдийн онилчихсон байдаг. Өргөн агуулга, судалгааны үндэслэлтэй зохиол, шийдлүүд үзэгчид цувралын дараагийн бүлгийг үзэх сэдэл үүсгэх гол хүч юм. Мөн технологийн хөгжил ямар ч суваг, хэрэгслээр цувралыг цацах боломж бий болгожээ. Хүмүүс суурин телевизор, онлайн телевиз, олон төрлийн дэвшилтэт платформуудыг ашиглан дуртай үедээ телевизийн цувралуудыг үзэж байгаа. Эцэст нь амжилтын гол хүчин зүйл бол дүрүүд. Цуврал драмууд удаан хугацааны турш өрнөх түүхийг гол болон туслах дүрүүдээр дамжуулан хүүрнэдэг. Ийм удаан хугацааны өгүүлэмжийн шугам нь сайтар цогцлоож, бүх л улирлын туршид гарч ирэх хэсэг бүрийг нь нарийн тооцоолсон цогц дүрүүдийг шаарддаг. Дүрүүдийг хэдий чинээ гүн гүнзгий, хэдий чинээ бидний мөн чанарт дөхүүлнэ, төдий чинээ амьд харилцаа үүсэж, жам ёсны мэдрэмж төрж эхэлдэг. Эдгээр таван хүчин зүйлийн цаана мэдээж хэрэг ур чадвартай уран бүтээлч, техник технологийн мэргэжилтнүүд, тэднийг цуглуулах продюссинг, эцэстээ тэгээд мөнгөний асуудал босож ирдэг. Өөрөөр хэлбэл, үндэстэн дамнасан телевизийн драм гэдэг өөрөө хамгийн анхаарал татахуйц хөрөнгө оруулалтын талбар болчхоод байна.

Ихийг зарж, асар ихийг олох...

Сүүлийн жилүүдэд Netflix Amazon, HBO, Hulu, Sky гэх мэт контент мангасууд энэ салбарт хэдэн зуун сая ам.доллар цацаж эхэлсэн. Үүний зэрэгцээ дэлхий даяараа зуу зуугаараа байгаа эдгээрийг түгээх үүрэгтэй үйлчилгээний компаниудад мөн мөнгө цутгаж байна. Дэлхийд алдартай “Endemol Shine Group” л гэхэд өнгөрсөн 2018 онд 700 медиа контентыг 250 платформ болон сувгаар цацжээ. Энэ группын “Яг түүн шиг” шоуны франчайзинг Боловсрол сувгаар, “Бирменгемийн дээрэмчид” телевизийн цуврал Mongol HD телевизээр цацагдаж байсныг үзэгчид санаж байгаа байх. Үндэстэн дамнасан телевизийн драмд нэгэн бичигдээгүй хууль үйлчилдэг. Ихийг зарж, асар ихийг олох. “Netflix”- ийнхэн “Get Down” цувралын нэг ангид 11 сая ам.доллар, “Легион” цувралын нэг анги тутамд 4 сая ам.доллар зарцуулсан. Английн хатан хааны түүхийг өгүүлэх тун амжилттай яваа “The Crown” цувралын нэг анги 13 сая ам.доллароор, дэлхий даяараа сүүлийн улирлыг нь хүлээж буй “Game of Thrones”-ийн нэг анги 15 сая ам.доллароор бүтэж байна. Монголд ч чамгүй алдартай ”Lost” цувралын нэг ангийг дунджаар 4 сая ам.доллароор бүтээсэн. Энэ нь өдгөө Америкт цуврал киноны нэг анги бүтэх дундаж өртөг болжээ. Ер нь бол дэлхийн телевизийн цувралын зах зээлийн 76 хувийг Америкийн цувралууд эзэлдэг байна. Америкчууд энэ зах зээлээс жилд 150 тэрбум ам.долларын ашиг хийдгээс гадна, өсөлт нь 6.2 хувьтай байна. Телевизийн драмууд үндэстэн дамнан үзэгчдийг байлдан дагуулж буй хандлага зөвхөн барууны зах зээл, барууны соёлын тэсрэлт төдий биш улам бүр дэлхий нийтийг хамарч, даяарчлалын хүчин зүйлсийн нэг болжээ. Тухайлбал, Турк улс шашин, соёл төст Арабын бүс нутгаар зогсохгүй дэлхий дахины анхаарлыг татсан өөрийн гэсэн форматтай телевизийн бүтээлийн томоохон экспортлогч болчхоод байна. Өмнөд Америкт “1001 шөнө” гэх турк сериалууд шуугиулж, турк нэр хүүхдэдээ өгөх моод дэлгэрчээ. Үүний ачаар Туркийг зорих Латин Америк жуулчдын тоо 70 хувиар өссөн аж. Анх 1999 онд анхны “Deli Yürek” хэмээх телевизийн драмаа гадаадад үзүүлснээс хойш туркчууд энэ салбарт асар хурдан амжилт олсон нь төрийн бодлоготой дэмжлэгийн үр дүн гэх. 2017 онд Турк улс дэлхийн 100 гаруй оронд 350 сая ам.долларын телевизийн драм экспортолсон нь Америкийн дараа орох үзүүлэлт. Тэд энэ тоогоо 2023 он гэхэд 1 тэрбум ам.долларт хүргэх зорилготой байна. Туркийн адил, Солонгосын “К-драма” Ази тив, дорно дахинд амжилтад нэгэнт хүрч, Ойрхи Дорнод болон Америкийн зах зээлийг байлдан дагуулж эхлээд байна. Ид цэцэглэж буй Солонгосын телевизийн драмуудыг улам бүр мөнгөөр зодож хийх болжээ. Хамгийн сүүлд ихээхэн дуулиан болон бүтээсэн Mr.Sunshine цувралын нийт өртөг 30 тэрбум вон буюу 27.8 сая ам.доллар. Нэг анги нь ойролцоогоор 1 сая ам.доллар илүү өртгөөр бүтсэн гэсэн үг. Ирэх 3-4 сард Америк, Япон, Солонгост зэрэг нээлтээ хийхээр ихээхэн дуулиан тарьж буй “Vagabon” хэмээх цуврал 23.2 сая ам.доллароор бүтэж байгаа аж.

Зөөлөн хүчний бодлого

Хятад, Солонгос, Япон гэсэн дорнын гурван гүрний “зөөлөн хүчний бодлого”- ын өрсөлдөөнд Солонгос илүү үр бүтээлтэй байна. Дубайн “Middlesex University”-ийн судлаач Донья Саберийн үзсэнээр Солонгос поп соёлын давлагаагаа хоёр шаттай явуулжээ. Эхнийх нь 1990-ээд оноос эхлэн Зүүн, Өмнөд Азийн орнууд руу эрчимтэй чиглүүлсэн Солонгосын поп соёлын түрлэг. Өмнөд Солонгос Хятадтай дипломат харилцаа тогтоосон 1992 оноос хойш таван жилийн дотор 150 сая хятад хүн солонгос телевизийн драм үзэх болжээ.

Донья Сабери Солонгосын зөөлөн хүчний хоёр дахь давлагааг 2012 онд эхэлсэн гэж үзжээ. Дундад Ази, Хойд Америк, Европт Солонгос поп соёл, к-драма нэвтэрч, хэл, соёл, уран зохиол, үндэсний соёлоо түгээн дэлгэрүүлж чаджээ. “Gangnam Style” тэргүүтэй k-pop дуунууд “Биллбоард”-ын жагсаалтад орох болж, савангийн дууриуд нь газар авсан. Арабын Нэгдсэн Эмират улсад л гэхэд 2012 оноос хойш Солонгос гоо сайхны барааны худалдаа 300 дахин нэмэгджээ. Солонгосын телевизийн цувралууд дээр үндэсний соёлоо сурталчлахдаа угсаатны зүй, түүхийн хувьд асар олон гуйвуулга хийдэг нь хятад, япончуудын эгдүүцлийн ихээр төрүүлдэг талаар Сингапурын Үндэсний их сургуулийн Ази судлалын институтийн удирдагч Чуа Бен Хуа ярьж байна. Чуа Бен Хуа профессорын үзэж буйгаар хятадууд энэ чиглэлд хоцорч яваа аж. Хэдийгээр хятадууд “Гурван улсын түүх” гэх мэт эртний түүхэн зохиолууд болон орчин үеийн амьдралаараа олон төрлийн телевизийн цуврал үйлдвэрлэсээр байгаа ч энэ нь Азид байгаа Солонгос, Японы өргөн хэрэглээний соёлыг давж гарч чадахгүй буй аж. Хэдий техник технологи нь өндөр түвшинд хүрсэн ч үзэл суртлын хяналт байгаа нь Хятадын телевизийн драмууд олон улсад амжилт үзүүлэхгүй буй шалтгаан гэж Хуа профессор ярьжээ.

Нэгэнт телевизийн драмын тухай хөндсөнийх цөөн хэдэн залуусаас үзэх дуртай цувралынхаа тухай хуваалцахыг хүслээ.

CRIMINAL MINDS

Гэмт хэргийн сэдэвт драм. 2005

Триллер, гэмт хэрэг төрлийн сайн цуврал хүний мөн чанарын бараан талыг илчлэх, илчлээд зогсохгүй учир шалтгааныг нь шинжих, хүн хүндээ хамгийн байж болох харгис хэрцгийгээр хандаж буй, хүний гэмт зан үйлийг харуулдгаараа, түүнийг тодорхой процесс, арга техникийн дагуу мөрдөн мөшгөж илрүүлдгээрээ ямагт үзэгчдийн сонирхлыг татдаг төрөл. Энэ төрлөөс криминологи, виктимологийн шинжлэх ухааны судлагдахуун ч болгож болмоор “Criminal minds”-ийг онцолмоор байна. АНУ-ын Холбооны мөрдөх товчооны “Behavioral Analysis Unit” буюу “Гэмт хэрэгтнүүдийн зан байдлыг судлах тасаг”-ийн мөрдөгчид цуврал аллага, хүчин, олноор нь барьцаалах, хядах, терроризм зэрэг онц хүнд хэргийн мөрдлөгийн явцад гэмт хэрэгтэн болон хэрэгтнүүдийн зан байдал, ерөнхий төрх, нас хүйс зэргийг үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, үйлдсэн арга, ажиллагаа, хохирогчоо сонгосон байдал зэрэгт тулгуурлан гаргадаг, тэрхүү гаргасан дүгнэлт, гэмт хэргийн ерөнхий дүр төрх, зураглалаас үндэслэж тухайн хэргийг илрүүлдэг онцгой үүрэгтэй тасгийнхан юм. Энэ цуврал 2005 оноос хойш өдий хүртэл нийт 14 бүлэг, 314 анги гарсан бөгөөд Америкийн телевизийн түүхэнд хамгийн урт, удаан үзэгчдээ алдалгүй тогтвортой үргэлжилж буй амжилтыг эзэмшдэг. Эл цувралын амжилтын гол шалтгаан нь тусгай тасгийн мөрдөгчид хувь хүнийхээ хувьд биеэс тэс ондоо улс боловч яг л эвлүүлдэг тоглоомын хэсгүүд шиг нэгдэн нийлж, хамтран ажиллаж чаддаг хүчирхэг, сонирхолтой, хүнлэг, суут гэмээр чадвартай хүмүүсийн нэгдэл юм. Товчхондоо дүрүүдийн харилцаа, хамаарал сайтай кино. Мөн аймшигт гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хүн байтугай араатнаас дор авирлах хүний харгис хэрцгий зан үйл хэрхэн бүрэлддэг, хүний оюун ухаан, зүрх сэтгэл, сэтгэц хэрхэн гэмтэж шархалдаг, тийн гэмтэж шархалсан хүн хэн болж хувирдаг, бусдыг хэрхэн зовоож, тамладгийн учир шалтгааныг тун сонирхолтой, жигтэй аргаар нээхийн хамт үзэгчдийн сэтгэлийг хүнлэг, уудам орон зайд хүргэдгээрээ онцлог. Олон жилийн турш үзсээр найз нөхөд шиг, эсвэл хамт олон шиг болсон дүрүүдээ хүртэл цуст алуурчны гарт хэрхэн шаналж, тарчилж, тэмцэж байгааг цочирдом хурц байдлаар үзүүлдэг үйл явдлын огцом, цочирдом эргэлт, хүнлэг, хүчирхэг дүрүүд сайн, сонирхолтой зохиол, нэг анги болгонд нэг гэмт хэргийг илрүүлж, шийдэж буй сонирхолтой учиг, бүтэц гээд “Criminal minds”-т уягдах шалтгаан мундахгүй. “Criminal minds”-ийн сүүлийн 15 дахь бүлгийг 2019 оны 1 сарын 10-наас хойш хийж эхлээд байна. Мөн шинэчилсэн хувилбарыг нь солонгосчууд мөн хийж байсан удаатай.

Кино шүүмжлэгч Ж.Тэгшзаяа

BORGEN

Улс төрийн драм. 2010-2013

Данийн телевизийн түүхэн дэх хамгийн амжилттай цувралуудын нэг “Borgen” 2010 онд дэлгэцнээ гарчээ. Үүнээс хойш хоёр улирал гарсан бөгөөд Дани төдийгүй Их Британид амжилт олж улмаар Америкийн үзэгчдэд ч хүрч эхэлсэн байна. “Borgen” гэдэг нь Данийн парламент, Засгийн газар, Шүүх засаглал гээд төрийн эрх барих байгууллагууд байрладаг “Christiansborg” ордны албан бус нэршил аж. Эндээс та кино юун тухай өгүүлэх вэ гэдгийг таамаглаж байгаа байх. Хэдийгээр улс төрийн үйл явдал, улстөрчдийн ажил хэрэг, амин хувийн амьдралыг харуулсан кино, цувралууд их болсон ч “Borgen”-ий өгүүлэмж яах аргагүй онцгойрно. Юун түрүүнд, киноны гол дүр нь эмэгтэй улстөрч буюу Данийн анхны эмэгтэй Ерөнхий сайд юм. Биргитт Ньюборг гэх жижиг намын улстөрч эмэгтэй хэрхэн улс төрийн тавцанд “өсөж”, хөгжихийг харахаас гадна эмэгтэй лидерүүдэд хүчээр тулгадаг хүйсийн ялгаварлал, ажил, амьдралын тэнцвэр, ур чадварын шударга бус үнэлэмж зэргийг хэрхэн туулах нь сонирхолтой. Гэхдээ кино зөвхөн энэ тухай өгүүлэх феминизмийг магтан дуулсан бүтээл гэж та яаран дүгнэх вий. Эсрэгээрээ уг кинонд дүрүүдийн хэн байх тухайд бус, тэд ямар асуудлуудтай тулгарч байгаа талаар буюу үзэл санааны талаар өгүүлдэг нь сая сая үзэгчийг татсан шалтгаан нь юм. Кино эхлэхдээ л хамгийн их нэр хүндтэй улстөрчид сонгуулийн өмнө хэрхэн шударга бусаар өрсөлдөж байгааг харуулна. Мэдээж тэдний нэг нь “ялагч” болох авч олон нийт нь шударга бусыг үл зөвшөөрч, өөрийн гэсэн байр суурь, бодлого, үзэл санаатай Биргитт Ньюборгийг дэмжиж эхэлнэ. Эндээс л шинэ Ерөнхий сайдын ажил хэрэг, адал явдал эхэлж олон намын тогтолцоот Данийн Засгийн газрыг тал бүрийн ашиг сонирхлыг хангахын зэрэгцээ зарчмаасаа үл ухран зохион байгуулах, улмаар улс орны асуудлууд болох цагаачлал, байгаль орчин, эрүүл мэндийн үйлчилгээ, хүний эрх, олон улсын харилцаа гээд бүхий л үйл хэргийг хэрхэн шийдвэрлэж байгааг Та дэргэдээс нь мэт харах болно. Америкийн хэт хүчирхэг, төгс гэмээр дүрүүдийн дэргэд дайчин, зарчимч гэхдээ бас шантардаг, гуньдаг, уйлдаг лидерийн замналыг харах нь үзэгчдэд илүү ойр, бодит санагддагаараа “Borgen”бас ялгарна. Улс төрийн тухайд тэр бүр анхаардаггүй үзэгчдийн хувьд энэ кино бүхэлдээ сонирхолтой, шинэ ертөнц мэт байх нь гарцаагүй. Харин улс төрийн сэдэвт кино, цуврал үзэж дадсан нэгэнд бол үйл явдлын драм бус үзэл санааны хэлэлцүүлэг, эргэцүүлэл шиг санагдах нь дамжиггүй.

Сэтгүүлч Ж.Хулан

THE HOUSE OF CARDS ба SCANDAL

Улс төрийн драм. 2005-

Улс төр үнэхээр “Хөзрөн байшин” цуврал шиг юм уу гэж нэгэн танил минь надаас асууж байж билээ. Би “Тийм” гэж хариулсан юм. Улс төр бол ариун гэгээн зүйл биш гэдэг нь ойлгомжтой. “Хөзрөн байшин” цувралд улс төрийн бараан талыг чимэг хачиргүй харуулсан. Цувралын дүрүүд манайхаар бол “жудаггүй” арга замаар цөөнгүй удаа хожоо гаргадаг ч, улс орны тулгуур эрх ашиг, улстөрчийн байр сууриасаа гуйвж буцдаггүй. Френк Андервүүд болон түүний эхнэр, намын хамтрагчид, эсвэл өрсөлдөгчид нь ч өөрийн хувь хүнээ үнэлэх үнэлэмжээ алдахгүй хүчирхэг бие хүмүүс байдгаараа манай улстөрчдөөс давуу. Улс төрийн соёл төлөвшсөн орны улс төрийн сериал хүртэл арай дээр байх юм. Холливүүдийг нөмөрсөн секс скандал Кейвин Спейсиг нэрвэж, ер нь зохиолын хандлага ч Клерт чиглэж, сүүлийн улиралд Френк Андервүүд орж ирдэггүй. Гэсэн хэдий ч Клер Андервүүдийн улирал урьдын адил сонирхолтой байж чадсан. Дэвид Финчерийн бүтээсэн Америкийг гэр бүлээрээ удирдсан асар хүчирхэг хоёр хувь хүний түүх. Гэтэл ижил төстэй төгссөн “Скандал” цувралын төгсгөл тийм ч сонирхолтой байж чадаагүй санагддаг. Энэ хоёр цуврал Бүгд найрамдах болон Ардчилсан намын нөлөөллийг тусгасан гэж цуурдаг нь оргүй яриа ч биш шиг санагддаг. “Скандал”-ын хувьд улс төрийн гэхээсээ илүү адал явдалт талдаа дагнасан цуврал. Ерөнхийлөгч Грант болон Оливиа Поп хоёрын чин сэтгэлийн харилцаа цувралын туршид эргэлтийн цэг болсоор байдаг. Ийм тууштай, шударга, бас романтик Ерөнхийлөгч америкчуудад таалагдсан нь мэдээж. Нэг үе Ерөнхийлөгч Грант жинхэнэ Ерөнхийлөгч Барак Обамагаас ч илүү рейтингтэй байсан гэж байгаа. Хожим Бүгд найрамдах намын сунгаанд Доналд Трамп ялсан үйл явцыг “Скандал” бараг л урьдчилсан зөгнөсөн.

Улстөрч Б.Ган-Очир

LIVE

2018

“Амьдрал” гэдэг нэртэй Солонгосын цуврал кинонд “Амьдрал”-ын тухай л өгүүлнэ. Эргүүлийн цагдаагийн хэсэгт академи төгссөн шинэ залуус хувиарлагдсаны дотор киноны гол дүрийн бүсгүй ирнэ. Зохиолын эргэлт зангилаа өнөөх л дурлалын гурвалжин, эргүүлийн цагдаад тохиолдож болох тун энгийн хэр нь цувралын хийц яагаад ч юм сэтгэл татам. Энгийн байгаадаа ч сэтгэлд ойрхон санагдаж байж болох. Солонгосчууд иймэрхүү уур амьсгалтай, “Дурсахуй 88” гэх мэтийн сэтгэлд ойр цуврал хийхдээ гаргуун болчихжээ. Өрнийн мөрдөгчтэй цувралаас тэс ондоо уур амьсгал “Амьдрал” цувралаас үнэртээстэй. Ийм орчин, ийм ахуйг бий болгохын тулд зохиол дээрээ ажиллахаас эхлээд, хөгжим чимэглэл гээд бүх зүйлийг нарийн тооцож, сэтгэл зүтгэл гарган ажигласан нь анзаарагдана. Монголчууд бид Холливүүд энэ тэр гэж байснаас солонгосчуудын кино урлагаа босгож ирсэн туршлага, хандлагаас л суралцмаар санагддаг юм. Иймэрхүү бодол Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужийг уншиж суухад ч бодогдсон. Бид чинь ер нь нэг их сүрхий юм хийх гэж сүржигнэж байгаад эгэл амьдрал, хүн зоноосоо холдоод явчихсан бэртэгчид юм аа гэж...

Я.Баяраа