Эрүүгийн цагдаагийн газраас гуравдугаар сарын 19-нд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд нэгжлэг хийж, уран зураг хураасан тухай зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан юм. Уг мэдээлэл үнэнд нийцэхгүй болохыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудсаараа дамжуулан  "Би зураг хулгайлдаг хүн биш, цуглуулдаг" хэмээн мэдэгдээд буй. Өчигдөр Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Прокурорын зөвшөөрлөөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өрөөнөөс зураг хурааж авсан ажиллагаа хийгдсэн. Зарим нэг нь Галерейд байсан зураг байж магадгүй гэж хурааж авсан. Ийм ажиллагаа хийгдсэн нь үнэн" гэсэн юм.Дээрх явдалтай холбогдуулан Х.Болдбаатар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Би Монголын дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын үндэсний нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Энэ байгууллага 10-аад жилийн өмнө байгуулагдсан, монгол зураачдын зургийг цуглуулдаг, хадгалдаг, гадаадад сурталчилдаг, гадаадын зураачдыг Монголд авч ирдэг байгууллага. Энэ сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас над руу утасдаад “Танай байгууллагын цуглуулгад үзлэг хийх гэсэн юм” гэсэн. Би зөвшөөрөөд хуучин Ардын эрхийн байранд байдаг архивын газартаа хамт очсон. Тухайн үед цагдаагийн албан хаагчид “Их тэнгэр” цогцолбороос 20 орчим зураг алга болсон гэсэн мэдээллийг надад өгсөн. Ингэхдээ тухайн зургуудыг зурсан зураач нарын нэрс, зургуудын хэмжээг үзүүлсэн. Ийм зураг алга болсон гэсэн фото зураг үзүүлээгүй. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн албан өрөөнд нэгжлэг хийсэн гэсэн мэдээ гарсан. Тийм зүйл болоогүй. Монголын дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын үндэсний нийгэмлэгийн архивт үзлэг хийсэн юм. Үзлэг хийгээд алга болсон зургуудтай төстэй байна гээд 10 зураг аваад явсан. Мэргэжлийн хүмүүст харуулахаас гадна шинжилгээ хийлгэнэ гэж хэлсэн” гэв.

-“Их тэнгэр”-ээс алдагдсан зураг танай архивд ямар нэгэн байдлаар ирсэн байх магадлалтай юу?

-Архиваас алдагдсан зурагтай ойролцоо гэж үзсэн 10 зураг гарсан нь үнэн. Гэхдээ тэр цагдаагийн албан хаагчид зураг сайн мэдэхгүй учраас би зургуудаа тайлбарлаж танилцуулсан. Зарим зургууд хоорондоо төстэй байх магадлалтай. Яагаад гэвэл зураачид нэг зургаа 3-4 удаа ойролцоо хэлбэрээр зурдаг. Тиймээс би тэр зургууд үнэхээр алдагдсан зураг мөн үү, үгүй юү гэдгийг мэдэхгүй. Цагдаагийн байгууллага удахгүй тодорхойлох байх.

-Та хэзээнээс уран зураг цуглуулж эхэлсэн бэ?

-Би анхныхаа цалингаар Юндэн, Нансалмаа хоёрын зургийг авч байлаа. Тухайн үед таван төгрөгийн үнэтэй байсан байх. Түүнээс хойш зураг цуглуулж эхэлсэн.

-Таны нэр дээр эсвэл, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид ямар нэгэн галерей байдаг уу?

-Би ямар галерей байдгийг үзүүлэх зорилгоор өнөөдөр мэдээлэл хийж байгаа юм. Би 1989 оноос хойш бизнес хийсэн. Энэ хугацаанд их олон зүйл хийсэн. Барилгын салбарт ороод 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд 1000 гаруй айлын орон сууц ашиглалтад оруулсан. Энэ мэдээлэл хийж байгаа газар бол миний дөрөв дэх төсөл. Уг нь энэ газар хоёр орон сууц барих байсан юм. Гэвч зогсоолын хийх газар багатай байсан учраас үзэсгэлэнгийн танхим барьсан. Үүнийг маань галерей гээд байгаа юм. Түүнээс биш үүнээс өөр галерей байхгүй.

Би дээрээ ганцхан эгчтэй. Би хүргэн ахтайгаа 1988 онд “Улаан-Од” сонинд ажилладаг дэслэгч байхад нь танилцаж байсан. Тухайн үед адилхан зураг цуглуулах сонирхолтой гэдгийг нь мэдсэн.

-Таныг одоогийн Ерөнхийлөгчтэй бас ойр ажиллаж байсан гэсэн мэдээлэл бий. Энэ үнэн үү?

-1997 онд хийж байгаа наймаа энэ тэр маань бүтэлгүйтээд би одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын жолооч болсон юм. Энэ хүний оймсыг ч угааж, гутлыг нь ч тосолж явлаа. Гурван жил жолоочоор нь ажилласан. Би энэ хүнтэй ойр ажилласандаа бахархаж явдаг. Энэ хүнтэй хамтарч ажиллаад зураг цуглуулах хүсэл маань улам нэмэгдсэн. Манай Ерөнхийлөгч чинь зураач хүн шүү дээ. Ангийнхантай нь дотно найзууд болсон. Хувь заяаны тохиолоор хоёр Ерөнхийлөгчтэй их ойр байж ирлээ.