Монголын төр дээд боловсрол эзэмших хүсэлтэй сурагчдыг дэмжих бодлогоо хэрэгжүүлэхээр нэн хэрэгцээтэй, маш чухал нэгэн үйлийг эхлүүлсэн нь Сургалтын төрийн санг байгуулсан явдал байлаа. 1993 онд байгуулагдсан Сургалтын төрийн сан 2016 оны 10 дугаар сард Боловсролын зээлийн сан болон өргөжсөн юм.
Өргөжин тэлсэн тус сан 100 гаруй их, дээд сургуулийн 70 мянга орчим оюутан хамрагдах боломжтой байгааг гэж нээлтээ хийсэн аравдугаар сарын 18-ны өдөр тухайн үед салбарын сайд Ж.Батсуурь нь мэдэгдэж байв.
Сургалтын төлбөрийн зээлээ жилийн 5 хувийн хүүтэйгээр арилжааны банкуудаар дамжин олгох бөгөөд эргэлтийн болон хуримтлалын хөрөнгийг үүсгэхэд 2020 он хүртэл улсын төсвөөс санхүүжилт хийж, 2020 оноос хойш зээлийн сан бүрдэж, улсын төсвөөс санхүүжихгүй байх боломжтой гэж итгэл төгс хэлсэн сайдынх нь үг мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан нь ердөө 2 жил хагасын өмнөх явдал билээ. Боловсролын зээлийн сангийн захирал асан П.Лхагвасүрэн уг сан нээгдсэн үйл явдлыг банкны системийг боловсролын салбарт жинхэнэ утгаар нь нэвтрүүлж буй “шинэ хуудас” хэмээн онцолсон нь бий. Өдгөө Боловсролын зээлийн сан “зохих журмын дагуу” санхүүгийн дэмжлэг, суралцагчийн тэтгэлэг, сургалтын төлбөрийн зээл олгох, зээлийг эргэн төлүүлэх ажлыг зохион байгуулан дотоод, гадаадын их дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнуудад зориулагдсан 20 гаруй төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж, жилд дунджаар 80 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгодог болжээ.
2004 оны 1 сарын 29-ний өдрийн 22 дугаар тогтоол:
2003 оноос өмнө сургалтын төрийн сангийн зээлээр суралцаж төгссөн төгсөгчдийг зээлээс бүр мөсөн чөлөөлөх шийдвэр гарч дипломуудыг суралцагчдад олгож байгаа юм.
2008 оны 5 сарын 14-ний өдрийн 178 дугаар тогтоол (өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна)
2004-2007 онд сургалтын төрийн сангийн зээлээр суралцаж дипломын болон бакалаврын боловсрол эзэмшсэн төгсөгчид мэргэжлээрээ хоёр жил ажилласан, 2.8-аас дээш голчтой тохиолдолд мөн сургалтын төлбөрийн зээлээс чөлөөлөх шийдвэрийг гаргаж, дипломыг олгож байгаа аж.
Харамсалтай нь дотоодын их, дээд сургуулиудад 1995 оноос хойш боловсролын зээлээр суралцсан оюутнуудын 14 мянга гаруй бакалаврын зэргийн диплом эзнээ хүлээн Боловсролын зээлийн санд хадгалагдаж байгаа аж. Өөрөөр хэлбэл Боловсролын зээлийн сангийн 20 тэрбум төгрөгийн барьцаанд үлдсэн эдгээр дипломын эзэд болох 14 мянга гаруй иргэн байгаа гэсэн үг. Тэд энэ олон жил зээлээр сурчихаад дипломоо авахгүй байгаа нь Боловсролын зээлийн сантай байгуулсан гэрээгээ зөрчиж буй хэрэг.
Жилд зээл нь эргэн төлөгдөөгүй тул барьцаанд үлдсэн 240 орчим диплом хүлээж авдаг тухайгаа Боловсролын зээлийн сангийн төсгөгчдийн асуудал, диплом хариуцсан мэргэжилтэн Л.Базардаргиа ikon.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.
Төгсөгчид Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ төлөхгүй байгаа нь уг сан төгсөгчдөд зээлийн сангийн тэмдэг, тэмдэглэгээ дарагдсан дипломын хуулбарыг олгож, нотариатаар батлуулж өгдөг байсантай нэг талаар холбоотой аж. Нотариатаар батлуулж өгсөн уг хувилбар нь дипломын эх хувьтай дүйцдэг тул тухайн төгсөгчид дипломтой болсноос ялгаагүй байсныг болиулж, 2018 оны есдүгээр сарын 20-ны өдрийн Боловсролын зээлийн сангийн захирлын А-22 тоот тушаалаар дипломын хуулбарыг олгохыг зогсоосон байна. Үр дүнд нь зээлийн эргэн төлөлт харьцангуй нэмэгдсэн гэнэ. Уг зээлтэй холбоотой, сурах чин хүсэл эрмэлзэлтэй сурагчдыг жинхэнэ утгаар нь дэмжих нэгэн шинэчлэл хийгдсэн нь оюутны хөгжлийн зээлийг хүүгүй, барьцаагүй буюу шинэ журмаар олгож эхэлсэн явдал байв. Арилжааны банкнаас хамааралгүйгээр, тухайн суралцагчийн гэр бүлд санхүүгийн дарамт болохооргүй зээлийн эрхийг оюутнуудад нээж өглөө хэмээн баярлан хүлээн авсан нь ердөө 8 сарын өмнөх явдал. Зээлд тавигдах шаардлага багасаж, оюутан нь суралцаж байх хугацаандаа ямар ч төлбөр төлөхгүй, хамтран зээлдэгч болон барьцаа шаардахгүйгээр, урт хугацаатай, хүүгүй олгож эхэлсэн гээд сурахыг хүссэн, мэргэжлийн зэргээ ахиулахыг зорьсон хэн бүхэнд боломж олгосон гээд магтвал олон сайхан зүйл байлаа.
Үнэндээ татвар төлөгчдийн мөнгөнөөс санхүүжиж буй Боловсролын сангийн зээлүүд зорилтот хүндээ хүрдэггүй гэдгийг батлах жишээ саяхан дэлгэгдсэн нь тус санд бүртгэлгүй 179 хүний төлөөгүй 4.5 сая ам.долларын зээл юм.
Тэгш хамруулах боловсрол гэсэн бодлогыг Монголын төр баримталдаг гэдэг. Засгийн газрын шугамаар хэрэгжүүлж буй боловсролын хөтөлбөрүүд, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар бүрэн мэдээлэл авах, сонгон шалгаруулалтад нь оролцох ижил боломжоор хангагдах асуудал ч үүнд хамаарна.
Гэтэл гадаадын их, дээд сургуульд сурахаар зээл авсан 1860 орчим оюутны 179 нь Боловсролын зээлийн санд ямар ч бүртгэлгүй байгаа төдийгүй тэд нийт 4.5 сая ам.долларын өрөө төлөхгүй яваа аж. Мэдээлэлд ойр хүмүүс тэтгэлэгт хамрагдаж, бусад нь мэдээлэлгүйн улмаас орхигддог энэ асуудлыг байхгүй болгох үүднээс БСШУС-ын сайд асан Ц.Цогзолмаа өнгөрсөн оны 12 дугаар сард үүрэг чиглэл өгсний дагуу Засгийн газрын шугамаар хэрэгжиж буй тэтгэлэгт хөтөлбөрүүдийн цахим мэдээллийн нэгдсэн сантай болсон. Гэсэн хэдий ч төрийн албанд ажиллаж, эсвэл танил тал, нэр нүүрээ ашиглан үр хүүдүүдээ гадаадад сургах асуудал таслан зогсоогдохгүй байгаагийн нэг жишээ нь энэ юм. Гадаадын их, дээд сургуульд суралцах их хэмжээний төлбөрийг зээлээр авах боломж хэний хүүхдэд олдож байна вэ? Зээлийн төлөлт бусад төрлийн зээл шиг нэхэл хатуутай байж чаддаг уу? Төрийн албанд ажилладаг эрхэм олноо хүндлэгдсэн аваргын найранд очоод хүүхдийг нь гадаадад тэтгэлгээр суралцуулах эрх бэлэг болгон өгч буйгаа хэлсэн тухай баттай бус мэдээлэл цацагдаж байсан нь саяхан.
Тэгвэл Ikon.mn сайтын “Төрөөс зээл авч гадаадад сураад ор сураггүй болсон 179 хүний нэр ба зээлийн хэмжээ” нийтлэлд дурдагдсан 179 хүний овог нэрс дунд авьяас билиг бүхий найруулагчийн Америкт тансаг сайхан амьдардгаа гайхуулдаг 2 охин, хөрөнгө чинээг нь тооцвол 32000 ам.долларын зээл төрөөс царай алдаж сурахааргүй бизнес эрхлэгч хатагтайн хүү, бакалаврт сурсан хэрнээ докторын төлбөрийн зээл авсан нэр бүхий бүсгүй гээд сонирхолтой олон иргэн байх аж. Боловсролын зээлийн санхүүжилтэд хамрагдсан иргэн сургуулиа амжилттай төгсөж ирээд эх орондоо 5 буюу түүнээс дээш жил тогтвор суурьшилтай ажилласан тохиолдолд зээлээс бүрэн чөлөөлөгдөнө. Харин заасан хугацаанд сургалтаа дуусгаж эх орондоо ирээгүй, гадаадад суурьшсан, сургалтын төрийн санд төгссөн эсэх мэдээллээ ирүүлээгүй иргэн зээлийг буцааж төлөх гэрээтэй байдаг. Хэний хүү, охин байх эсэхээсээ үл хамааран зээлийн сантай байгуулсан гэрээгээ чандлан мөрдөж, зөрчсөн тохиолдолд ямар дарга, сайд, хэчнээн баян чинээлэг байхаасаа үл хамааран хуулийн өмнө хариуцлагаа шударгаар үүрч чаддаг ёстой баймаар.
Нийтлэлийн эхэнд дурдсанчлан дотоодын их, дээд сургуульд суралцахдаа зээл авсан ч эргэн төлөөгүй байгаа 14 мянган дипломны эздийн хувьд гадаадад суралцагчидтай харьцуулахад амьдралын хүнд нөхцөлийн улмаас зээл авах магадлал байдаг төдийгүй ар өврийн хаалга хэрэглэх явдал маш бага. Харин гадаадад суралцахаар зээл авагсдын дийлэнх нь эцэг эх, танил талаа ашигласан байдаг гэдгийг зээлээ төлөөгүй хүмүүсийн нэрсийн жагсаалтаас харахад ойлгомжтой байна.
Боловсролын зээлийн сангийн зээл, ялангуяа гадаадын их, дээд суралцагчдад олгож буй зээл ийм шударга бус байгаа нь сонгон шалгаруулалттай шууд хамаатай. “Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам”-ын дагуу гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт суралцах иргэдийг шалгаруулж, суралцуулахдаа тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн жагсаалтад багтаагүй мэргэжлээр суралцсан ч зээлээ авч чадсан байгаа нь сонгон шалгаруулалт ямар хэлбэрээр явагддаг, үнэхээр сонгож бас шалгаруулдаг уу гэдгийг хэлээд өгнө.
Тиймээс Боловсролын зээлийн сангийн журмаа зөөллөж, барьцаа хөрөнгөгүй болгосон нь, ерөнхийд нь хөнгөлж буй нь үнэндээ иргэдийг бодсон биш өөрсдийн эрх ашиг, таалалд нийлүүлсэн гэж хардах үндэслэл бий.