Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Татварын багц хуулийн төсөл, Тендерийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Татварын багц хуулийн хэрэгжих хугацааг 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлүүлэхийг гишүүдийн олонх дэмжсэн байна. Хуулийн төсөлд жижиг, дунд бизнесийг дэмжих чиглэлээр жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага бол төсөвт төлсөн татварын 90 хувийг буцаах заалт тусгажээ. Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын босго гурван тэрбум төгрөг байгааг зургаан тэрбум төгрөгт хүртэл өсгөх, элэгдэл тооцох хугацааг багасгах, алдагдал шилжүүлэх хугацааг салбар харгалзахгүй таван жил болгох зэрэг заалтууд байгаа юм:

ХХОАТ-ын хуулийн хэлэлцүүлгээр малчин өрх, мал бүхий этгээдийн малын ашиг шимээс олдог орлогыг үйл ажиллагааны орлогод хамруулах гэснийг хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг 85.7 хувийн саналаар дэмжжээ. Мөн албан татвар төлөгчийн энэ хуульд заасан эцсийн хугацаанд тайлагнаж төлсөн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 550 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 25 хувиар, 1000 км- ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар хөнгөлнө гэж нэмэх ажлын хэсгийн саналыг дэмжжээ.