Өсөлтгүй жирэмслэлт, зулбалт, ургийн гажиг, дутуу төрөлт, ханиад, хатгалгаа, зүрхний шигдээс, хотын хүн амын төвлөрөл, гэр хороолол, утаа, агаарын бохирдол зэрэг бид бүхэнд тулгамдсан асуудлуудыг Үндэсний статистикийн газраас тоон үзүүлэлтээр холбон судалжээ.

Улаанбаатар хотын агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын агууламж Монгол Улсын хүлээн зөвшөөрөх стандарт хэмжээнээс 2018 онд 339 өдөр давж, сүүлийн 8 жил тоосонцрын агууламж давсан өдрийн тоо тасралтгүй өсөж байна. Хотын агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын агууламж 2011 онд жилийн 365 хоногийн 63.3-66.3 хувь буюу дунджаар 237 өдөр хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнээс давж байсан нь 2018 онд 92.2-93.0 хувь буюу 338 болж тасралтгүй өссөн байна.

Судалгааны зарим тоо баримтыг ҮСХ-ны дарга А.Ариунзаяа дэлгэн тавьснаас харвал, Улаанбаатар хотын 1 км2 газар нутагт 1989 онд 169 хүн ногдож байсан бол 2017 онд нийт хүн амын 45.2 буюу 1.4 сая хүн амьдарч, 1 км2 газар нутаг 311 хүн ногдож 1989 оноос 1.8 дахин нэмэгджээ.

Амьсгалын тогтолцооны өвчлөл агаарын бохирдол ихтэй 10 дугаар сараас дараа оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд бохирдол багатай бусад сараас 2-3 дахин их, үүний дотор 5 хүртэлх насны хүүхдийн өвчлөл бусад насны хүн амын өвчлөлөөс 15.6-30.2 дахин их байна.

Агаарын бохирдол нь хүний биеийн амьсгалын тогтолцоо, зүрх судас, мэдрэл, нөхөн үржихүйн тогтолцооны зэрэг бүхий л эрхтэн тогтолцоо ялангуяа жирэмсэн эхийн ураг, 5 хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй нь судалгааны үр дүнгээс харагдаж байна. Тухайлбал, Амьсгалын тогтолцооны өвчлөл агаарын бохирдол ихтэй 10 дугаар сараас дараа оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд бохирдол багатай бусад сараас 2-3 дахин их, үүний дотор 5 хүртэлх насны хүүхдийн өвчлөл бусад насны хүн амын өвчлөлөөс 15.6-30.2 дахин их байна.

Улаанбаатар хотод 2018 оны байдлаар хатгалгаа өвчнөөр нас барсан 5 хүн тутмын нэг нь 5 хүртэлх насны хүүхэд байжээ. Улаанбаатар хотод хүүхдийн хатгалгаа өвчнийг бууруулах зорилгоор 2016, 2017 онуудад зорилтот бүлгийн, 2018 оноос бүх дүүргийн 0-2 хүртэлх насны хүүхдэд хатгалгааны эсрэг вакциныг хийсэн. Гэвч хатгалгаа өвчлөлийн түвшин буурахгүй байгаа нь агаарын бохирдол болон бусад хүчин зүйлтэй холбоотой байна.

Жирэмсэн эхийн эрүүл мэндэд агаарын бохирдол сөргөөр нөлөөлж, төрөлхийн гажигтай хүүхэд төрүүлэхэд хүргэсэн байх магадлалтай байна. 1000 амьд төрөлтөд ногдох төрөлхийн гажигтай төрсөн хүүхэд сүүлийн 5 жилд 5-6 дугаар сард өндөр, өөрөөр хэлбэл энэ хугацаанд төрсөн эхчүүдийн жирэмсэлсэн хугацаа 7, 8 дугаар сар, ураг эрчимтэй хөгжих үе нь 10 дугаар сараас эхэлж байгаа нь агаарын бохирдол нэмэгдэх хугацаатай давхцаж байна.  Улаанбаатар хотын 1000 амьд төрөлтөд ногдох өсөлтгүй жирэмслэлт агаарын бохирдол хамгийн өндөр байдаг 1-3 дугаар сард их байна. Зүрх судасны тогтолцооны өвчлөл Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдол хамгийн өндөр саруудын дараагийн сард өндөр байгаа нь ажиглагдсаныг судалгаанд өгүүлжээ.

Улаанбаатар хотод 2018 онд 1000 амьд төрөлтөд ногдох өсөлтгүй жирэмслэлт 69 болж, улсын дунджаас 15-аар их, харин 2014 оны хотын түвшнээс 3.3 дахин их болж өссөн байна.

Түүнчлэн 1000 амьд төрөлтөд ногдох дутуу төрөлт 2014 оны 1-р сард 52 байсан бол 12-р сараас өсөж 2015 оны 1-3 сард хамгийн өндөр 83- 98-ын хооронд болсон. 2018 оны 1-5 сарын дундаж хамгийн их буюу 87 болж, өмнөх оны дунджаас 8, 2016 оныхоос 14-өөр өссөн.

10 000 хүн амд ногдох уушгины архаг бөглөрөл өвчнөөр өвчлөгчид 2018 онд 144 болж 5 жилийн өмнөхөөс 18-аар, 10 жилийн өмнөхөөс 27-гоор өссөн байна. 10000 хүн амд ногдох уушгины архаг бөглөрөл хамгийн их нь 2017 онд 169, хамгийн бага нь 2011 онд 112 байсан. Амьсгалын тогтолцооны зарим өвчнийг насны бүлгээр авч үзвэл 5 хүртэлх насны хүүхдийн өвчлөлийн түвшин бусад насныхнаас өндөр байна. Тухайлбал, цочмог бронхит ба цочмог бронхиолит өвчин бусад насны бүлгийн хүн амын дундажтай харьцуулахад 30.2 дахин, хатгалгаа 15.6 дахин их байна.