08.00 цагийн орчимд Нарантуул олон улсын худалдааны төвийн гадна хямарсан, бухимдсан, галын шалтгааны талаар таамаг дэвшүүлсэн иргэд дүүрчээ. Тэд гал хаанаас гарсан байж болох, хэний ямар лангуу шатаж, хэрхэн хохирсон талаар ч хоорондоо ярилцах аж. Мөн үнэ бүхий бараагаа галд шатааж, хэдэн өдрийн орлогоо алдсан худалдаачид нулимс дуслуулан, хэнтэй ч ярих хүсэлгүй нь илт харагдана.

Түрээслэгч Н.Наянтай хэлэхдээ “Гал чухам юунаас болж гарсныг хэлж мэдэхгүй байна. Бидэнд хэн ч мэдээлэл өгөхгүй бас дотогш нэвтрүүлэхгүй байна. Би гал ид авалцаж байх үед ирсэн. Хоёр цагийн дотор долоон эгнээ шатчихлаа. Хүмүүс юу ч үлдээгүй шатсан байна гэж ярьж байна. Манай дүү сая хашаа давж ороод лангуунуудаа харсан чинь бүгд шатсан байна гэсэн. Би хөнжил гудас, орны зөөлөн эдлэл зардаг найман лангуу эзэмшдэг юм. Гэтэл уярсан төмөрнөөс өөр юу ч байхгүй болтлоо шатсан байна гэсэн. Ойролцоогоор 40-50 орчим сая төгрөгийн бараа байсан. Цагаан сарын дараа бид хаврын бараагаа татсан байсан шүү дээ. Үнэхээр харамсалтай байна. Ард түмний амьдрал өнөөдөр ямар байгаа билээ. Зарим түрээслэгчид бүр шоконд ороод даралт нь ихэсч хямарч байна шүү дээ” гэлээ.

Түрээслэгч Ж.Батжаргал “Би  солонгос метрийн даавуу зардаг байсан. Яг гал гарсан хэсгийн голд нь байсан юм. Харахад манай тэр хэсэг нурам болсон байна лээ. Арав гаруй жил ажилласан болохоор хадгалсан бараа ч их байсан. Ойролцоогоор 15 орчим сая төгрөгийн бараа байсан. Одоо бид хэрхэн шийдэж өгөх, ямар мэдээлэл хийхийг л хүлээж байна” гэв.

Мөн бусад түрээслэгчдийн хэлж байгаагаар Нарантуул олон улсын худалдааны төв эргэн тойрондоо манаачтай ч гал гарсныг тухайн үед мэдээгүй байсан гэнэ. Галын дуудлагыг анхлан НОБГ-т “Монсуль” гэх замын эсрэг талын шатахуун түгээх станц өгсөн гэх мэдээлэл байна. Нарантуул олон улсын худалдааны төвийн Хүнсний захад 2013 онд гал гарсан билээ. Энэ үеэр бөс барааны агуулах шатсан байна. Тиймээс түрээслэгчид бараагаа тэргэн дээр хучиж орхин, ил хадгалж байжээ. Ингэхдээ тус худалдааны төвийн манаачдад түрээслэгч бүр 60 мянган төгрөгийн татвар төлж, бараагаа мануулдаг байсан гэнэ. Уг нь замын эсрэг талд барааны агуулах зарим түрээслэгчдэд байдаг ч тэд орой ажил тармагц огцом ихэсдэг автомашин түгжрэл болон хүний хөдөлгөөнөөс үүдэн бараагаа агуулах руу зөөж чадалгүй, гадна орхидог байсныг хэлж байлаа.

Харин Нарантуул худалдааны төвийн захиргаанаас түрээслэгчдийг бараагаа гаргахыг шаардаж байжээ. Мөн бараагаа агуулахад хадгалаагүй түрээслэгчдийг гарахыг шаардсан тухай мэдээлэл байна. Тиймээс санаатай тавьсан гал байж болзошгүй гэх таамаг дэвшүүлцгээж байв. Нарантуул Олон улсын худалдааны төвд шөнийн 03 цагийн орчимд их хэмжээний гал гарч, бөс барааны хэсэг бүхэлдээ шатсан гэх урьдчилсан мэдээ бий. Одоогоор галын шалтгаан, нөхцлийг тогтоохоор ажлын хэсгийнхэн газар дээр нь ажиллаж байгаа юм.