Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Такаока Масато нар тус улсын 1.8 сая ам.долларын буцалтгүй тусламжийн  Засгийн газар хооронд солилцох санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-ОУВС-гийн хөтөлбөр жилийн дараа хэрэгжиж дуусна. Энэ хөтөлбөр үүргээ гүйцэтгэж байгаа гэж үзэж байгаа юу?

-ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр 2020 оны дөрөвдүгээр сард хэрэгжиж дуусна. Үр дүн нь тодорхой байгаа. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.9 хувьтай байгаа. Засгийн газрын өр ДНБ-ий 74 хувьтай байсан бол 61.9 болж буурсан. Төсвийн сахилга бат сайжирч ашигтай гарсан. Төсвийн сахилга батыг улс орон даяар сайжруулах ажил хийгдэж байгаа. Татвар төлөгчдийн мөнгө хамгийн оновчтой, зөв зүйлд зарцуулагдаж байх ёстой гэдэг үүднээс тодорхой ажлууд хийж байгаа.

-Хаврын чуулганаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Энэ хуулийн онцлог давуу талыг товчхон танилцуулж болох уу?

-Татварын багц хуулийг 2018 оны нэгдүгээр сараас хойш ярьсан. Хамгийн гол нь хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, ард иргэдийг дэмжих чиглэлээр төслөө боловсруулж УИХ-д өргөн барьсан. Хамгийн гол нь татварын байгууллага аж ахуйн нэгж, ард иргэддээ үйлчилдэг байгууллага болж өөрчлөгдөх ёстой гэсэн зарчмын байр суурийг баримтлан ажиллаж байгаа. Дарамталдаг, шахдаг байгууллага байх учиргүй. Одоо бол Монголын хамгийн том, хамгийн жижиг аж ахуйн нэгж ялгаагүй жилд дөрвөн удаа тайлан гаргаж байгаа. Тиймээс үүнийг өөрчилж жилд 1-3 удаа тайлан гаргадаг болгохоор хуулийнхаа төсөлд тусгасан. Мөн жижиг аж ахуйн нэгжүүд төлсөн татварынхаа 90 хувийг буцааж авах зэргээр бизнес эрхлэх боломжуудыг нь сайн хангаж өгөхөөр төслөө боловсруулсан.