
Хөгжлийг хүний эрх тэлж буйгаар хэмждэг. Эрх тэлэх хэрээр маргаан гарахад түүнийг таслах нийтлэг зарчим, зохицуулалт байх ёстой. Хөгжлийг хүний эрх тэлж буйгаар хэмждэг. Эрх тэлэх хэрээр маргаан гарахад түүнийг таслах нийтлэг зарчим, зохицуулалт байх ёстой. Учир нь миний эрх, бусдын эрхээр хязгаарлагдах учиртай.
Учир нь миний эрх, бусдын эрхээр хязгаарлагдах учиртай
Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсан байдаг. Нийгэм нээлттэй болохын хэрээр гэр бүлийн харилцаа тус хуульд тодорхойлж, зохицуулснаас илүү өргөн, илүү ярвигтай болжээ. Хосууд гэрлэлтээ бүртгүүлэхгүйгээр хамтран амьдрахыг илүүд үзэж, хүүхэд гаргах боломжгүй нь “тээгч эх”-ийг сонгож, хүүхэддээ “суран бүсний амт үзүүлэх” нь хүүхдийн эрхийн зөрчил гэдгийг таницгаав. Гэвч энэ бүхэн гэр бүлийн харилцааг зохицуулагч суурь хууль болох Гэр бүлийн тухай хуулиар зохицуулагдаагүй. Энэхүү цаг үеийн шаардлагын дагуу тухайн хуулийг өөрчлөх, шинэчлэх шаардлага зүй ёсоор урган гарлаа. Гэр бүл нь хүний хөгжлийн анхдагч нэгж. “Сурсан зүйлийг сураар боохгүй”, “Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа” гэх олон хэлц нь хүн багадаа, гэр бүлийн орчиндоо насан туршийн дадлынхаа үндсийг тавьдагийг илэрхийлнэ. Тиймээс ч гэр бүлийн эрх зүйн зохицуулалт ямагт уламжлал, шинэчлэлийн тэнцвэрийг хангасан байх ёстой.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дэх шинэ зохицуулалт

Гэр бүл, эцэг, эх, хүүхэд нь Монгол Улсын төрийн хамгаалалтад байна. Мал нь төрийн хамгаалалтад байна гэж Үндсэн хуульд заасан нь мөн ч олон удаа “хүнээ хамгаалаагүй төр малаа хамгааллаа” хэмээх шүүмжлэлд өртсөн.
Гэр бүл, эцэг, эх, хүүхэд нь Монгол Улсын төрийн хамгаалалтад байна. Мал нь төрийн хамгаалалтад байна гэж Үндсэн хуульд заасан нь мөн ч олон удаа “хүнээ хамгаалаагүй төр малаа хамгааллаа” хэмээх шүүмжлэлд өртсөн
Үндсэн хуулиндаа биш ч гэр бүлийн суурь хуулиндаа гэр бүл, эцэг, эхийг хүүхдийг төрийн хамгаалалтад авах нь. Энэ нь мэдээж хэрэг төрөөс хамгаалагч хөлслөөд гэрийнх нь үүдэнд мануулаад зогсоохын нэр биш. Харин төрийн бодлого гэр бүл, түүний гишүүдийг эрхийг хангах, тэлэхэд чиглэх ёстойг тунхагласан заалт юм. Тэргүүн ээлжинд хүүхдийн эрхийг хангана. Саяхан УИХ-аас Хүүхдийн эрхийн багц хуулийг баталсан. Цаг хугацааны хувьд ижил хугацаанд боловсруулагдсан тул энэхүү хуулийн төслийн концепц тухайн багц хуулиудад нийцэхээр боловсруулагджээ.
Хэдий тийм ч урьдын адил хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага, албан тушаалтны эрх, үүрэг хоорондын уялдаа холбоо сул хэвээр байна. Хуулийн дагуу хамтран амьдрана. Орчин үед хосууд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэхгүйгээр хамтран амьдрах нь хандлагатай болсон. Гэвч тодорхой зохицуулалтгүй байсны улмаас дундын өмчөө тодорхойлох, өв залгамжлал, төрөөс үзүүлэх элдэв тэтгэмжийг хүртэх, хамтран зээлдэгч болох зэрэгт бэрхшээл учирч байсан юм. Хуулийн төсөлд хамтран амьдрахыг хууль зүйн хувьд тодорхойлж, бүртгэлтэй гэр бүлтэй дүйцэх хэмжээний эрх, үүргийг оноосон нь дэвшилтэт зохицуулалт. Гэр бүлийн харилцаанд гэрээний эрх зүйн зохицуулалт үйлчлэнэ. Гэрлэлтийн, хамтран амьдрах, тусдаа амьдрах, хүүхдээ асрах, харгалзан дэмжих зэрэг гэр бүлийн харилцаан дахь гэрээг зөвшөөрсөн нь гэр бүлийн гишүүдийн эрхийг хангаж, үүргийг тодорхойлох, маргаан гарсан тохиолдолд хэрхэх нь тодорхой байх чиглэлд том ахиц. Гэрээний гол зарчим нь талуудын тэгш эрх байдаг.
Гэрээгээ сайн байгуулж чадсан тохиолдолд одоогийнх шиг гурван шатны шүүх дамжиж, нэгийгээ үзэж, нэхийгээ уралцахгүй юм.
Гэрээгээ сайн байгуулж чадсан тохиолдолд одоогийнх шиг гурван шатны шүүх дамжиж, нэгийгээ үзэж, нэхийгээ уралцахгүй юм. Жендэрийн мэдрэмжтэй гэр бүл Хууль бүхэлдээ жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн нь сонирхогч талуудаас (холбогдох ТББ, судлаачид) дэмжлэг хүлээх нь гарцаагүй. Хуулийн зарчим хэсэгт гэрлэгчдийн тэгш эрх, бие даасан байдлыг тунхаглаж, гэр бүлийн харилцааны жендэрийн тэгш эрхийг хангахад дэмжлэг үзүүлэх нь төрийн үүрэг болж, эцэг эх харилцан зөвшөөрсөн тохиолдолд хүүхэд эхийн овог, нэрийг авахаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, хүүхэд зөвхөн эцгийн нэр, овгийг авах албагүй болжээ. Уламжлал хийгээд шинэчлэл Хуулийн төсөлд эцэг эх нь хүүхэддээ дэвшилтэт уламжлалыг өвлүүлэх ёстой гэжээ. Мэдээж хэрэг гэр бүл үндэсний өв уламжлал, ёс заншлаа өвлүүлэх анхдагч орчин. Гэхдээ уламжлал бүр сайныг дагуулдаггүй. Уламжлал бүрийг дагах ёстой байсан бол бид одоо ч охидоо богтолсоор байх биз. Хуульд дэвшилтэт уламжлалыг өвлүүлэхийг тусгасан ч юуг “дэвшилтэт” гэж үзэхийг заасангүй.
Орчин үеийн хандлагаар хүний эрхэд ээлтэй соёл, уламжлалыг дэвшилтэт гэж үздэгийг анхаарууштай. Хүүхэд тогтдоггүй, хүүхэд нь хөлсөмтгий айл хүүхэддээ цээр нэр өгдөг уламжлалтай. Хүн амын шинэчилсэн бүртгэлийн дараа хамгийн түгээмэл нэрсийг сонирхуулсаны дотор Бибиш, Хүнбиш, Муунохой зэрэг нэрс дээгүүрт орж байсан. Хуулийн төсөлд хүүхдийн нэр нь түүний нэр төр, гарал үүсэлд харшлахааргүй утга төгс байхыг үүрэгджээ. Энэ заалт хэвээр батлагдвал уламжлалт, домын шинжтэй нэр өгч болохгүй нь. Гэр бүл бүр угийн бичгээ хөтлөхийг одоогийн хуулиар ч үүрэгдсэн.
Энэ дагуу холбогдох Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар тогтоол гарч, угийн бичиг хөтлөх программ хүртэл зохиосон ч хэрэгжсэн нь үгүй. Хүн амын дунд цус ойртолт ихэсч, үүнээс болж ургийн гажиг болон бусад өвчинтэй хүүхдийн тоо ихэссэнийг мэргэжлийнхэн сануулсаар байна. Энэхүү төслөөр ч мөн адил “үүрэгжүүлсэн” зохицуулалт орсон ч хэрхэн биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд яах нь тодорхойгүй хэвээр үлджээ. Тунхаглалын шинжтэй, ёс суртахуунаар шийдэх ёстой харилцааг хуульчлах нь Эхнэр, нөхөр бие биедээ үнэнч байхыг гэрлэгчдийн үүрэг хэмээж, гэр бүлээс гадуур эр эмийн харьцаа тогтоохыг хориглосон нь уншихад сайхан. Гэвч хүний харилцаа бүрийг хуульчлах ёсгүй, тэгэх ч боломжгүй. Арга ядахдаа хуулиар үүрэгдэж, айлгахын оронд бусад арга хэрэгслээр тийм төлөвшил, хүмүүжилтэй иргэн бэлдэхгүй байхад анхаарах ёстой баймаар. Гэр бүлээс гадуурх харьцааны улмаас үүсэх үр дагавраас болж гэр бүлийн гишүүдийн эрх зөрчигдөхөөс хамгаалах шийдлийг зохицуулсан нь илүү оновчтой. Тээгч эхийг зарчмын хувьд зөвшөөрөв. Гэвч… Хүүхэдтэй болохыг хүсч буй гэрлэгсэд тээгч эхээр хүүхдээ төрүүлэхийг зөвшөөрсөн ч үүсэн гарах бүх харилцааг зөвхөн гэрээгээр зохицуулахаар заасан нь учир дутагдалтай. Бодит байдалд тээгч эхийн асуудал нь олон маргаан дагуулдаг. Гэрээ байгуулж, үр суулгуулж, хүүхдийг нь төрүүлсэн тээгч эх хүүхдийг төрсөний дараа өгөхгүй хэмээн маргалдах тохиолдолд практикт түгээмэл гардаг. Энэ бүхнийг зөвхөн гэрээгээр зохицуулах хангалтгүй. Ижил хүйсийн гэрлэлт мөрөөдөл хэвээр. Ижил хүйсийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрөхийг хүссэн олон хосууд бий. Хуулийн төсөл боловсруулах цаг хугацаанд АНУ-д ижил хүйсийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрч, хүний эрхийн байгууллагууд сайшаасан нь тэдгээр иргэдэд горьдлого төрүүлээд байсан юм. Хуулийн төсөлд ““гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг” хэлнэ гэж тод томруун тусгажээ. “Хоёр эхнэртэй байхыг дэмжвэл хуулиа л дагана даа” Нийгмийн сүлжээгээр ийм шог яриа гараад байсан ч бид урьдын адил “эрэгтэй хүн хууль ёсны нэг эхнэр, эмэгтэй хүн хууль ёсны нэг нөхөртэй байна”.