
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдаж авсан гэх “Монголиан коппер корпорейшн”-ын хөрөнгө босгосон санхүүгийн схемыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэвлэлийнхэнд танилцууллаа. Нийтдээ 400 сая 270 мянган ам.доллароор “49 хувь”-ийг Монголд оруулж ирсэн гэх боловч үнэн хэрэгтээ төрийн мөнгөөр “Эрдэнэт” үйлдвэрийг хувьдаа авсан байж болзошгүй ноцтой баримтыг тэд дэлгэсэн юм. Мөн “Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет” компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хаалттай хуралдааны тэмдэглэлийн зарим хэсгийг нууцаас гаргасныг танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Юун түрүүнд энэхүү хэвлэлийн бага хурлыг 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн УИХ-ын 23-р тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс хийж байгаа гэдгийг тодотгоё. Энэ нь Монголбанк, Хөгжлийн банк, Сангийн яамнаас авсан эх үүсвэрийг судалж, хэлцэл хийхийг даалгасан тогтоол байгаа. Хэлцэл хийхийн өмнө нэн тэргүүнд санхүүгийн эх үүсвэрийг тогтоох ёстой. Энэ санхүү эдийн засаг, бизнесийн жам ёсных байв уу, мөнгө угаахтай холбоотой эрүүгийн харилцаа үүссэн байна уу гэдгийг ЦЕГ, АТГ-аас тогтоож байж хэлцэл хийгдэх ёстой. Харамсалтай нь ЦЕГ, АТГ-т нийслэлийн прокуророос энэ боломжийг олгоогүй нь харагдаж байгаа юм. Энд дэлгэх баримтууд бол УИХ-ын ажлын хэсэг, Засгийн газрын ажлын хэсэг, “Эрдэнэт”-ийн ТУЗ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Сангийн яамны мэдээлүүүдэд дүн шинжилгээ хийж мэдээлж байна гэж ойлгож болно” гэдгийг онцлоод “Монголиан коппер корпорейшн” 49 хувийг авахдаа 400 сая 270 мянган ам.долларын эх үүсвэрийг бүрдүүлсэн. Үүнийг дөрвөн эх үүсвэрээс бүрдүүлсэн гэж үзэж болохоор байна гэж тодотгосон юм байна. Тэр нь Засгийн газар, Монголбанк, Хөгжлийн банк, Худалдаа хөгжлийн банкны барьцаагүй зээл.
“Эрдэнэт”-ийг авах 400 сая 270 мянган ам.долларын эх үүсвэрийг хаанаас бүрдүүлэв?
Эхний 183.6 тэрбум төгрөгийг 2016.02.26-нд Сангийн яамнаас вексель буюу өрийн бичиг бичиж гарсан байна. Энэ мөнгө “Кью Эс Си” зэрэг хэд хэдэн компаниар дамжиж “Монголиан коппер корпорейшн” компани буюу “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшигч Ц.Пүрэвтүвшинд очжээ. Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрт Аж үйлдвэрийн яамнаас өгсөн 90.3 сая ам.доллар ч мөн л замаар “Монголиан коппер корпорейшн”-д очсон байна. Харин Монголбанкны тухайд хоёр удаагийн өрийн бичгээр 200 тэрбум төгрөг гаргасан нь “Кью Эс Си” зэрэг компаниудаар дамжин эцсийн дүндээ Ц.Пүрэвтүвшин захиралтай “Монголиан коппер корпорейшн” компанийн дансанд орсон байна. Мөн Худалдаа хөгжлийн банкнаас барьцаагүйгээр 111.2 сая ам.долларын зээл авсан хэд хэдэн компани зээлсэн мөнгөө өмнөх схемийн дагуу Ц.Пүрэвтүвшингийн дансанд хийжээ. Нэг банк ийм хэмжээний барьцаагүй зээл гаргаснаар актив нь унаж, Банкны тухай хууль ноцтой зөрчигдөж байхад Худалдаа хөгжлийн банкныхан өөрсдөө байтугай Монголбанк ч давхар хууль зөрчсөн нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, Төв банк хууль зөрчиж 200 тэрбум төгрөгийн өрийн бичиг бичиж өгөөд зогсохгүй Худалдаа хөгжлийн банкнаас 111.2 сая ам.доллар компаниудад барьцаагүй зээлснээс яг найм хоногийн дараа тус банкинд 13 тэрбум төгрөгөөр зузаатгал хийсэн байна. Хөгжлийн банкны тухайд 71.3 сая ам.долларыг “Кью Эс Си”, 51.3 сая ам.долларыг “Хөтөл цемент” компанид зээлсэн нь эцсийн дүндээ өнөөх схемээр дамжин Ц.Пүрэвтүвшинд очсон байна.
Энэ бүгдээс харахад “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан гэх 400 сая 270 мянган ам.долларын 72.4 хувь нь төрөөс, 27.6 хувь нь Худалдаа хөгжлийн банкнаас гарсан нь тогтоогджээ.
Луйврын схемд оролцсон компаниуд хэнийх байв?
Сангийн яам, Аж үйлдвэрийн яам, Монголбанк, Хөгжлийн банк, Худалдаа хөгжлийн банк зэргээс зээл авч, эцсийн дүндээ Ц.Пүрэвтүвшин захиралтай “Монголиан коппер корпорейшн”-д тушааж “Кью Эс Си”, “Хээдвей Трейдинг”, “Пик Девилофмент”, “Канетик”, “Рийверстөүн”, “Юнайтед Энержи” гэсэн компаниуд хэнийх байсан нь сонирхол татаж байна. Тэгвэл энэ компаниуд бүгд Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэгтэй холбоотой байсан нь тогтоогдож байгаа аж. /схем дээрээс ямар мөнгө хаанаас авч “Монголиан коппер корпорейшн”-д шилжүүлж байсныг харна уу/.

“Кью Эс Си” ХХК- Захирал нь Э.Шижир, ТУЗ-ийн дарга нь Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэг. (ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэхүү компанийг Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой гэж тодотгов).
“Хээдвей Трейдинг” ХХК - Энэ компанийн үүсгэн байгуулагч нь А.Бат-Оргил буюу Д.Эрдэнэбилэгийн үеэл, Г.Хүрэлбаатар буюу сайд асан Д.Ганбатын хүү.
“Пик Девилофмент” ХХК - Э.Бат-Үүлийн төрсөн дүү Э.Батхүү захирлаар нь ажилладаг.
“Канетик” ХХК - Д.Ганбатын хүү Г.Хүрэлбаатарын компани.
“Рийверстөүн” ХХК - буюу Д.Эрдэнэбилэгийн үеэл дүү Болдбаатарын байгуулсан компани.
“Юнайтед Энержи” ХХК – Захирал нь Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байсан Э.Дөлгөөн.
“Эрдэнэт”-ийг авсныхаа дараа хэдийг олов?
Ямар компаниудаар дамжуулан төрөөс санхүүгийн босголт хийж “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьдаа авсан талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дээрх мэдээллийг өгсөн. Харин 49 хувийн хувьцааг авсныхаа дараа “Эрдэнэт” үйлдвэрээс хэдий хэрийн мөнгө авсныг дараахь байдлаар танилцууллаа.
“Эрдэнэт” үйлдвэрээс Белазын төлбөрт 3.6 сая ам.долларыг “Хөтөл цемент” компанид,
Гэрээний төлбөр /40 хувь/ нэрээр 15 тэрбум төгрөгийг “Хөтөл цемент” компанидаа,
Гэрээний төлбөр нэрээр 17.2 тэрбум төгрөгийг “Кью Эс Си” ХХК-д,
Ган бөмбөлөг нийлүүлэх гэдгээр 87 тэрбумыг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт,
Ногдол ашиг нэрээр 58.3 сая ам.долларыг “Монголиан коппер корпорейшн”-д тус тус авчээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Нийтдээ 119.3 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрээс буцааж авсан байна. Энийг оруулж тооцвол ХХБ-наас хэдэн төгрөг гарсан нь туйлын ойлгомжгүй байна” гэсэн юм.
Шүүх яагаад “49 хувь”-ийн талд байдаг вэ?
Ингэж хардах бодитой үндэслэл Засгийн газарт байгаа аж. Юу гэвэл өөрийн нэрээр авсан мөнгөө Ц.Пүрэвтүвшин захиралтай “Монголиан коппер корпорейшн”-д шилжүүлж байсан “Юнайтед Энержи” компанид 2011-2015 онд Д.Мишиг гэж хүн ажиллаж байжээ. Хамгийн ноцтой нь энэхүү Д.Мишиг нь Засгийн газрыг 3 удаа шүүх дээр унагаж, 49 хувийнхны талд шийдвэр гаргуулж байсан шүүгч М.Батсуурийн төрсөн аав нь юм байна. Тиймдээ ч шийдвэр нөгөө талд гарч байхыг үгүйсгэхгүй гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдээд “Эрдэнэтийн 49 хувийн талд гурван удаагийн шүүхийн шийдвэр гаргасан шүүгчийн аавынх нь компани руу 70 сая ам.долларын гүйлгээ хийгдсэн. Тиймээс шүүгчийн асуудлаар АТГ, Шүүхийн ерөнхий зөвлөлд хандахаар болсон. Илтэд ашиг сонирхлын зөрчил үүсэхийг хэлж байна” гэсэн юм.
Хаалттай хурлын протоколд юу өгүүлэв?
“Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет” компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хаалттай хуралдааны тэмдэглэлийн зарим хэсгийг нууцаас гаргасныг дээр онцолсон. Энэ талаар Л.Оюун-Эрдэнэ сайд “Засгийн газарт өөрт нь санхүүгийн эх үүсвэр байсаар байтал тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулж, Монгол Улсын Засгийн газар худалдан авах боломжгүй гэдэг дүгнэлт гаргаж 49 хувийг Засгийн газар худалдан авах давуу эрхээсээ сайн дурын үндсэн дээр татгалзсан. Ингээд “Монголиан коппер корпорейшн буюу Худалдаа хөгжлийн банкны ард байгаа компанид давуу эрхийг олгосон. Энд хууль хяналтын байгууллага, тухайн үеийн удирдлага гүнзгий оролцсон. Учир нь дээр танилцуулсан схемийг нотлох гэж нийслэлийн прокурорын газарт ЦЕГ, АТГ-аас хоёр удаа хандахад энэ бүх баримтыг гаргаж өгөхгүй, ХХБ-ны дансны хуулга, дансны электрон нотлох бартимтыг өгөхгүйгээр нийслэлийн прокурор хоёр жилийн хугацаанд хоёр удаа хаасан байгаа юм” гэлээ. Мөн шүүх дээр Худалдаа хөгжлийн банк болон “Монголиан коппер корпорейшн” хоорондоо хамааралгүй гэдгийг 49 хувийн талынхан нотолдог ч үнэндээ Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон “Засгийн газрын хуралдаан дээр энэ хоёр холбоотой” гэдгийг хэлсэн байдгыг онцолсон. Тиймдээ ч “Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет” компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хаалттай хуралдааны тэмдэглэлийн зарим хэсгийг нууцаас гаргасныг хэллээ. (Уг тэмдэглэлтэй танилцана уу)








