Төв Хятадын Хэнань мужаас олдсон эртний бунхнаас “мөнхийн ус”-ыг олсон гэдгээ хятадын археологичид зарлажээ. “Мөнхийн амьдрал бэлэглэх шидэт рашааныг анх удаа Хятадаас оллоо” хэмээн Луояань хотын Соёлын Дурсгал, Археологийн Хүрээлэнгийн захирал Ши Жязэнь сэтгүүлчдэд хэлжээ.

Археологичид 202 МЭӨ - 8 МЭ үед оршин тогтнож байсан Баруун Хань улсын үеийн бунхнаас эртний хүрэл ваарууд, үнэт эдлэлүүдээс гадна 3.5 литр багтаамжтай, дотроо шингэн бүхий ваар гарсан юм. Өнгөрсөн оны аравдугаар сард болсон уг малтлагаар гарсан ваартай шингэнийг эрдэмтэд эхэндээ архи гэж таамаглаж байсан бол сүүлд өөр шингэн болохыг тогтоосон байна.

Шингэний химийн найрлагыг судалсан эрдэмтэд Даогийн шашны сударт бичигдсэн “мөнхийн ус”-тай ижил бүтэцтэй байсан гэж нотолж буй аж. Уг “мөнхийн ус”-ыг судалснаар эртний хятадын мөнх амьдралын тухай үзэл болоод соёл иргэншлийн хөгжлийг танин мэдэх боломжтой гэж эрдэмтэд олзуурхаж байгаа юм.