Урмын үгс хэлэх дэлхийн өдөр
Хаврын эхний энэ өдөр дэлхий даяар нэгэн хамгийн өөдрөг баярыг тэмдэглэдэг. Энэ өдөр бие биендээ урмын үг хайрлан жилийн нэг өдрийг улам сайхан болгох ёстой. Бидний урмын үг гэдгийг францаар "compliment" гэдэг ба магтаалын нэг чухал хэлбэр нь юм.
Сонирхолтой баримтууд:
-Цагаа олсон, бүдүүлэг биш, чихэнд чимэгтэй үг нь шоколадан чихрээс илүү амттай гэнэ.
-Эмэгтэйчүүдийн 41% нь комплиментыг шилдэг бэлэг гэж үздэг ажээ.
-Японы Нагано хотын их сургуульд мэргэжилтнүүд сонирхолтой туршилт хийсэн байна. Сакурогийн хоёр мөчрийг туршилтдаа ашиглан нэгийг нь магтаад нөгөөг нь муулаад байтал туршилтын сүүл рүү муулуулсан нь үхэж, магтуулсан нь цэцэглэжээ.
Рио-де-Женейрод багт наадам эхэллээ
Бразилийн Риогийн багт наадам (Rio Carnival)нь хамгийн том, хамгийн хөгжилтэй, хамгийн сэтгэлийн хөөрөлтэй, хурц тод ард түмний баяр юм. Энэ нүсэр наадам нь Улаан өндөгний баяртай холбоотойгоор жил бүр өөр өдрүүдэд явагдана. Наадмын үеэр самба бүжгийн парад болон Самбадром дээр явагдах театрчилсан тоглолт болдог. Багт наадмын ялагч болохын төлөө алдартай бүжгийн сургуулиуд өрсөлдөнө.
Жил бүрийн энэ өдөр Дэлхийн иргэний хамгаалалтын өдөр (World Civil Defence Day) тэмдэглэгддэг. Олон нийтийн анхаарлыг амьдрал, хүрээлэн буй орчныг аварч, хамгаалах иргэний хамгаалалтын үндэсний байгууллагуудын ажил үйлст хандуулах зорилгоор 1990 онд уг өдрийг зарлажээ.
Нострадамус зөн совингийн таамгийн номоо хэвлүүлэв
1555 он- Түүний 62 жилийн нууцлаг амьдрал, зөгнөлийн мөн чанар юунд байсан талаар сүүлийн үеийн судалгаагаар тодорхой болжээ. Нострадамус буюу Мишель Нострадам 1503 онд өмнөд Францад мэндэлжээ. 40-өөд настайгаасаа эхлэн нар, од гаригсын хөдөлгөөнөөс үндэслэн ирээдүйг уншиж эхэлсэн аж.Нострадам зөгнөлөөс гадна од эрхсийн байрлалаас хамааран өвчтөн ямар өвчин туссан, түүнийг эмчлэх хугацаа болон аргыг тодорхойлж хүмүүст буян хийдэг байж.Тухайлбал өдөр бүрт богино хэмжээний тэмдэглэл хийж, "4-ний өдөр манан татна", "10-нд хэн нэгэн амиа алдах шахна", "15-нд эмчид үзүүлэх, усанд ороход ээлтэй" гэх мэтчилэн өдөр тутмын зурхайг бичиж эхлэв.Мөн уянгын халил бүхий өгүүлбэрүүд уншигчийн сэтгэлийг эзэмдэж, зурхайн халаасны ном ихээхэн амжилт олов. Үүнээс санаа авсан Нострадам 51 насандаа бүрэн хэмжээний зөгнөлийн ном хэвлүүлэхээр шийдсэн байна. Дараа жил нь буюу 1555 онд Нострадамусын зөгнөл "Иохан" хэвлэгдсэнээр "Зөнч Нострадамус" мэндлэв. 4 мөртөөр илэрхийлэгдэх 100 багц, 10 бүлэг бүхий нийт 1000 гаруй зөгнөлийг уг номд багтаажээ. Нострадамусын зөгнөл нийтэд нэр алдар олоход тухайн үеийн нийгмийн байдал ихээхэн нөлөөлсөн байна.
Нострадамусын зөгнөлөөс:
2016- Европ эзгүйрнэ.
2018- Дэлхийн шинэ гүрнээр Хятад тодорно. Хөгжиж буй орнууд зарцаас эзэнд хувирна.
2028- Эрчим хүчний шинэ эх сурвалж гарч ирнэ (хяналттай халуун цөмийн урвал байж болно). Өлсгөлөн аажмаар дарагдана. Жолоодлоготой хөлөг Сугар гарагийн зүг ниснэ.
2046- Ямар ч эрхтнийг ургуулдаг болох ба эрхтэн шилжүүлэн суулгах нь эмчилгээний шилдэг арга болно.
2066- Мусульманы Ромд довтлохдоо АНУ цаг уурын зэвсэг хэрэглэнэ. Эрс хүйтэрнэ.
2183- Ангараг гарагийн колони цөмийн гүрэн болон дэлхийгээс тусгаар тогтнолыг шаардана.
2480- Хоёр хиймэл нар мөргөлдөж, дэлхий бүрэнхийд орно.
Өнөөдөр түүхэнд
МЭӨ 509 он- Ромын сенатын зөвлөлийн тэргүүн Публиус Валериус Публикола Сильва Арсиагийн тулаанд ялалт байгуулсныг тэмдэглэн, олон нийтийг хамарсан сүрт баяр ёслол хийхээр болжээ. Энэ нь Ромын түүхэнд анхны тохиолдол болсон юм.
1445 он- Сэргэн мандлын үеийн Италийн суут зураач Сандро Боттичелли мэндэлжээ.Анх тэрээр уран дархны мэргэжлээр суралцсан ч уран зураг сонирхон Филиппо Липпигийн урланд суралцжээ. Дараа нь Андрео де Вероккиогийн шавь болсон байна. Зураач 1470 онд өөрийн анхны захиалгыг авч Санта Мария Новелла сүмд “Волхвуудын шүтэн мөргөсөн нь” зургийг бүтээжээ.Боттичелли 1481 онд Сикстины тэргүүн дуганын ханын зургийн чимэглэлд оролцоод Ромд буцан ирсний дараа “Хавар”, “Тэмцээн”, “Венера төрсөн нь” нэртэй зургуудыг библийн сэдвээр зуржээ.
1565 он- Бразилийн Рио де Жанейро хот байгуулагдав.
1642 он- Одоогийн Массачусетс мужид Жоржиана тосгон байгуулагджээ. Ингэснээр АНУ-д албан ёсоор байгуулагдсан анхны тосгон болсон байна.
1790 он- АНУ-д хүн амын тооллого анх удаа болжээ.
1872 он- Yellowstone-ыг үндэсний цэцэрлэгт хүрээлэн болгосноор дэлхийн цэцэрлэгт хүрээлэн бий болов.
1901он - Австралийн зэвсэгт хүчин байгуулагдав.
1921 он- Хаант Оросын Троицкосавск буюу Дээд шивээнд МАН-ын анхдугаар хурал эхлэв. Уг хуралд 26 хүн оролцож “МАН-аас гадаад Монголын ард түмэнд тунхаглан зарлах бичиг”-ийг батлан гаргажээ.
1947 он- Олон улсын валютын сан (ОУВС) санхүүгийн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
1953 он - ЗХУ-ын удирдагч Иосиф Сталины тархинд цус харваж, дөрвөн өдрийн дараа нас барав.
1961 он- АНУ-ын ерөнхийлөгч Жон. Ф.Кеннеди олон улсын сайн санааны "Пийс Корп" (Сайн санааны энх тайвны корпус) байгууллагыг байгуулжээ.
1995он- Интернэтийн хайлт, харилцаа холбооны Yahoo! компани байгуулагджээ.
1998он- Жеймс Камероны найруулсан "Титаник" кино дэлхийн кино урлагийн зах зээлээс нэг тэрбум долларын орлогын босгыг давсан анхны кино болов. 2006 он- Хүн болгон мэдээлэл нэмэх боломжтой "Википедиа" цахим тольд англи хэл дээрх нэг сая дахь нийтлэл "ЖорданХиллийн төмөр замын буудал" нэрээр оржээ.