Монголын фэйсбүүкчдийн дунд Youtube сувгийн бичлэгүүд дундуур гарч хүүхдүүдийг айлгаж буй МОМО гэгчийн тухай мэдээлэл цацагдах боллоо. МОМО гэдэг аймшгийн царайт youtube сувагт байршсан бага насны хүүхдүүдийн үзэх дуртай Peppa Pig тэргүүтэй хүүхэлдэйн кино, видео тоглоомны үе давж буй бичлэгүүд дундуур гэнэт гарч ирж хүүхдүүдэд өөрсдийгөө гэмтээх аймшигт даалгаварт уриалдаг нэгэн гэнэ. Момо-гийн цаана хакерын бүлэглэл байгаа гэж АНУ, ОХУ-ын цахим гэмт хэрэгтэй тэмцэх газрууд сэжиглэж, шалгаж эхэлжээ. Момо ихэвчлэн 2-10 насны хүүхдүүдийн үздэг бичлэг дундуур гарч ирэх бөгөөд хэдхэн хормын хугацаанд эхлээд мэндчилж танилцана, дараа нь хүүхдүүдийг сонирхолтой, хөгжилтэй зүйл хийхэд эелдгээр уриалж, хүүхдүүд тоохгүй бол айлган сүрдүүлж эхлэдэг байна. Момо –гийн бичлэг дундуур гарч ирэх хугацаа нь нарийн үе шатлалтайгаар дээр бичсэнчлэн мэндчилж, танилцахдаа хэдхэн хормоос эхлээд дараа дараагийн удаа гарч ирэхдээ хугацаа нь уртсаж эхэлдэг гэж Оросын хэрэглэгчид бичжээ.

Momo challenge хэмээн нэрлэгдээд буй аймшигт энэ дүр анх испани хэлт бичлэгүүд дундуур гарч ирсэн бол удалгүй англи хэлт бичлэгүүд рүү шилжжээ. Момо-гийн айлган сүрдүүлж, хүүхдүүдийг өөрсдийгөө гэмтээхэд уриалсан анхны бичлэг Аргентинд бүртгэгдсэн гэсэн албан бус мэдээлэл байгаа юм.
Youtube сувгийнхан Момо-гийн талаар мэдээлэл цацагдсан даруй яаралтай арга хэмжээ авч сэжигтэй болон дундуур нь момо гарч ирсэн 400 хаягийг хаагаад байгаа аж.
Момо-гийн гол аюул юу вэ?
Момо гэх шингэн үстэй, бүлтгэр нүд, жижиг хамар, аймшигтайгаар зурайсан амтай энэ дүр хүүхдүүдийг эм олноор нь уу, гараа юугаар яаж зүсэх вэ, сэрээ залгуур луу хийх гэх мэтийн өөрсдийгөө гэмтээх, өвтгөх зүйлс буюу эцсийн дүнд амиа алдаж болзошгүй нөхцөлд байдалд оруулахуйц зүйлийг туршихыг, бас хийхийг санал болгодог. Хэрэв хий гэснийг хийхгүй бол аав ээжийг нь авч явна, аминд нь хүрнэ, унтаж байхад чинь авч явна гэхчилэн сүрдүүлдэг байна. Мэдээж момо-гийн хий гэсэн зүйлсийг эцэг эх болон том хүнд хэлэхийг хориглодог.
Монгол хүүхдүүдийн хувьд Peppa Pig, My Little Pony гэхчилэн хүүхдийн киног youtube сувгуудаар их үздэг. Гэхдээ испани, англи хэлт хүүхдүүд шиг момо-гийн зааврыг бүрэн гүйцэд ойлгох хэмжээний биш байгаа гэж санаа нь амарч буй эцэг эхчүүд цахим орчинд цөөнгүй байгаа нь момо-гийн тухай сэрэмжлүүлэг доорх сэтгэгдлүүдээс харагдлаа. Гэхдээ хүүхдүүд момо-гийн зааврыг бүрэн ойлгохуйц англи хэлтэй биш гээд санаа амрах нь өрөөсгөл төдийгүй аз туршсан зүйл гэдгийг анхаарахад илүүдэхгүй болов уу.
Хүүхдээ нэхсэн зоргоор гар утас, компьютер дээрээ суулгаж youtube –ийн бичлэгүүд үзэхийг бүрэн зөвшөөрдөг бол таны хүүхэд зөвхөн момо ч биш цахим гэмт хэргийн хохирогч болоход ойрхон байна гэдгийг сануулья.
Момо-гийн эх дүр
Momo challenge буюу аймшигт энэ дүр нь Японы уран бүтээлч Мидори Хаяшигийн ээж-шувуу гэх бүтээлийн эх дүр аж. Мидори Хаяши Ээж-шувуу баримлаа 2016 онд бүтээсэн бөгөөд япон залуусын дунд алдаршсан дүр юм. Нэг метр гаруй өндөртэй Ээж-Шувуу баримал нь асар том толгойтой, шингэн үс, бүлтийсэн нүдтэй, шувуу хөлтэй бөгөөд хөлнийх нь дунд ээж гэдгийг нь илэрхийлэх хоёр хөх дүрслэгдсэн байдаг. Уран бүтээлчийн хувьд өөрийнх нь бүтээлийг хакерууд аймшигт үйлдэлдээ ашиглаж байгаа талаар хийсэн тайлбар, мэдэгдэл одоогоор хийгээгүй байгаа юм. Ээж-шувуу баримлын дүрийг нүүр царайгаараа сонгосон хакеруудын жинхэнэ зорилго, цаад санаа нь зөвхөн муу муухайд, амиа хорлолтонд уриалсан байгаа гэдгийг улс орнуудын цагдаагийн албанаас анхааруулж байгаа билээ.

Момо зөвхөн бага насны хүүхдүүдийг айлгаад зогсохгүй WhatsApp, Facecall-оор видео дуудлага хийх, messenger-ээр чат бичиж даалгавар өгөх зэргээр насанд хүрэгчдийг хүртэл айлгаад байгаа юм.
0088-аар эхэлсэн зөвхөн 8 тоотой дугаараас залгасан тохиолдол хүртэл бий. Иймээс хүүхдүүдийнхээ цахим хэрэглээ, юу үзэж, сонирхож буй талаар анхаарал тавьж, болзошгүй аюулаас сэрэмжлүүлэхийг эцэг эхчүүдээсээ хүсье.