Салхин цэцэг, гар, хөл, амны өвчнөөр бага насны хүүхдүүд өвчлөх нь их байгаа. Тиймээс уг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаатай ярилцлаа.
-Гар, хөл амны өвчин болон салхин цэцгийн тархалт хэр байна?
-Манай улс халдварт өвчнийг лаборатори, хам шинж болон тохиолдолд суурилсан тандалтаар үргэлж тандаж байдаг. Тухайлаад энтеровирүсийн халдвар, гар, хөл, амны өвчин, салхин цэцгийн халдварыг халууралт, цэврүүт тууралттай хам шинжийн тохиолдлоор танддаг. Хүйтэн сэрүүний улирал буюу амьсгалын замын халдвар дэгдэлт байдлаар үргэлжилдэг сард хамгийн түрүүнд салхин цэцэг, энтеровирүс, гар, хөл, амны өвчний халдвар орж байна. Энэ хам шинж дотроо салхин цэцгийн халдвар дийлэнх хувийг эзэлж байна.
-Хэрхэн урьдчилан сэргийлж болох вэ?
-Гол нь иргэд амьдрал ахуйдаа хэвшүүлэх мөнгө шаардахгүй хэд хэдэн аргууд бий.
Салхин цэцгийн халдвар амьсгалын замаар агаар дуслын замаар халддаг учраас 0-4 хүртэлх насныхныг болж өгвөл олон нийтийн газраар дагуулж явахгүй байх хэрэгтэй. Үнэхээр онцгой шаардлага гарвал амны хаалт зүүлгэх хэрэгтэй. Хаврын улиралд үр хүүхдийнхээ дархлааг дэмжих ёстой.
Дараагийн гол зүйл бол хүүхдээ хурц халдварт өвчнөөс сэргийлэх хэрэгтэй. Халдварт өвчний улмаас хүүхдийн дархлаа сулран дараагийн халдварт өртөх эрсдэл нэмэгддэг.
Түүнчлэн хүүхдийнхээ суурь өвчнүүдийг эмчлэх хэрэгтэй. Үүнд амьсгал болон хоолой залгиурын архаг өвчин, шүд цоорлыг эмчлэх, 5 хүртэлх насны хүүхдийн өндөр, жинг нь үнэлүүлэн сульдаа, витамины дутагдал байгаа эсэхийг нягтлаарай. Ингэснээр бага насны хүүхдийг өвчинд өртөх замыг бууруулдаг.Амьсгал болон гэдэсний халдвараас сэргийлэх гол зөвлөмж бол гар угаах юм. Гарыг тогтмол, бохирдсон тухай бүр, зөв дарааллын дагуу угааж хэвших хэрэгтэй.
-Эдгээр өвчин дамжих зам нь юу вэ?
-Эх уурхай буюу эдгээр өвчнүүд өвчтэй хүнээс дамждаг. Тиймээс өвчтэй хүнийг эрт илрүүлж тусгаарлах хэрэгтэй. Хэрвээ халуурах, цэврүүт тууралт гарвал эрт тусгаарлах, мэргэжлийн эмчид эрт хандан эмчийн заавар зөвлөмжийг хатуу чанд мөрдөх хэрэгтэй. Хэрвээ хөнгөн хэлбэр бол гэрээр эмчилнэ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэсэн бол заавал хэвтсэн эмчлүүлснээр нэгд уг өвчнийг бусдад халдаахгүй байх, хоёрдугаарт хүндрүүлэхгүй, гуравдугаарт архагшуулдаггүй.
-Салхин цэцэг, гар, хөл, амны өвчин хүндэрснээр ямар хор уршигтай вэ?
-Гар, хөл, амны өвчний 95 хувь нь хөнгөн хэлбэрээр явдаг учраас үлдэцгүй эдгэдэг. Салхин цэцэг өвчин сорвитой эдгэнэ. Мөн салхин цэцэг хоёрдогчоор нянгийн халдвараар халдварлагдан идээт үрэвсэл үүсэх, удаан эдгэх, арьсны бүрэн бүтэн байдал алдагдах аюултай. Түүнчлэн дотор эртхэнээр тууралт өгөн гэдэс өвдөх, булчирхай томрох зовиурууд тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалан илэрч болно.
-Олон нийтийн газраар үр хүүхдээ битгий дагуулж яваарай гэхээр зарим эцэг эхчүүд цэцэрлэгээс л халдварт өвчнөөр өвдөөд ирлээ гэх нь бий. Одоогоор цэцэрлэгт олон тоогоор халдварт өвчнөөр өвдсөн тохиолдол бий юу?
-Цэцэрлэгийн хэмжээнд халдварт өвчний дэгдэлт болон олноороо өвдсөн тохиолдол байхгүй. Харин цөөн тоогоор өвдөх тохиолдол бол бүртгэгдсэн. Салхин цэцэг болон гар хөл амны өвчний нууц үеийн хугацаа 7-21 хоног гээд урт байдаг учраас эцэг эхчүүд, иргэд тухайн халдварт өвчнийг хаанаас авсныг мэддэггүй. Өнөөдөр нууц үедээ байсан салхин цэцэг, гар, хөл, амны өвчний тууралт хүүхдийн биеэр гарахаар цэцэрлэгээсээ авчихлаа гэж боддог. Гэтэл эдгээр өвчний нууц үе, улиралчлал, хөдлөл зүй, өртөмтгий бие махбод нь янз бүр. Тиймээс эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, ресторан, үзвэр, үйлчилгээний төв үүдийг гуравдугаар сарын 1-н хүртэл 0-10 хүртэлх хүүхдэд үйлчлэхийг хориглосон.
-Менингитийн халдвар дахин бүртгэгдсэн үү?
-Одоогоор намжмал байна. Цагаан сараас хойш дахин бүртгэгдээгүй.
-Манай цэцэрлэгийн хүүхдүүд сүүлийн 5 жил томуугийн вакцинд тасралтгүй хамрагдаж байгаа учраас өвчлөл бага-
Халдварт өвчний тархалт ямар байгааг Баянзүрх дүүргийн 147 дугаар цэцэрлэг дээрээс үргэлжлүүлэн сурвалжиллаа.
Тус цэцэрлэгийн эмч Ө.Зоригмаагаас хүүхдийн өвчлөлийн талаар тодрууллаа.
-Танай цэцэрлэг дээр салхин цэцэг, гар, хөл, амны өвчний халдвар бүртгэгдсэн үү?
Өнгөрсөн жилийг бодвол энэ жил салхин цэцгийн тохиолдол жаахан их буюу хоёр бүлэгт 10 бүртгэгдсэн. Гар, хөл, амны өвчний тохиолдол бүртгэгдээгүй.
-Өнгөрсөн саруудад томуугийн дэгдэлт их байсан. Хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл хэр байв?
-Хамгийн гол давуу тал нь манай цэцэрлэгийн хүүхдүүд сүүлийн 5 жил томуугийн вакцинд тасралтгүй хамрагдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор томуу, томуу төст өвчний халдвар харьцангуй бага гарсан.
Манай цэцэрлэг 330 хүүхдийн хүчин чадалтай ч анги дүүргэлтээрээ 900-гаад хүүхэдтэй болохоор хүүхдийн нягтрал их. Гэхдээ цэцэрлэгийн зүгээс халдварт өвчний дэгдэлтийн энэ үед гар угаах, хоолой зайлах дээр маш их анхаарч ажиллаж байгаа. Үүнд эцэг эхчүүдийн оролцоо их. Эцэг эхчүүд өөрсдөө гараа тогтмол угаан, амаа зайлж үр хүүхдэдээ зөв үлгэр дуурайл болох хэрэгтэй. Бид цэцэрлэгийн зүгээс энэ чиглэлийн зөвлөмж, сурталчилгааг явуулдаг.
-Цэцэрлэгийн эмч хүүхдийн үзлэгийг ямар хугацааны давтамжтайгаар хийдэг вэ?
-Би өдөр бүр ангиудаар ороод хүүхдүүдээ үздэг. Тэгэхэд бага зэрэг нурмайсан, халуунтай байж болзошгүй хүүхдүүд ажиглагдвал эцэг эхэд нь өгөн буцаадаг. Манай цэцэрлэг хүүхдүүдээ хоёр сард нэг удаа өрхийн эмчтэй хамтарсан үзлэгт заавал хамруулдаг. Хоёрдугаар сарын 20-нд өрхийн эмчтэй хамтарсан бүтэн биеийн үзлэг хийхэд 600 гаруй хүүхдээс хоолой нь бага зэрэг улайсан, харшилтай 10-аад хүүхэд гарсан.
147 дугаар цэцэрлэгийн хүүхдийн ирцийн тухай тус цэцэрлэгийн арга зүйч Н.Алагцэцэг "Манай цэцэрлэг 330 хүүхдийн хүчин чадалтай. Өнөөдөр 14 бүлэгт 920 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулж байна. Цагаан сар, шинэ жилээр цэцэрлэгийн хүүхдийн тоо цөөрсөн. Гэхдээ эцэг эхчүүд баяр ёслол, цэвэр агаарт гаргая, ах эгчтэй нь цуг хотын утаанаас хол хөдөө явуулах боллоо гэж чөлөө авсан. Хоёрдугаар сарын 28-наас хүүхдийн тоо нэмэгдэн одоо 680 хүүхэд хамрагдаж байна.
Эцэг эхчүүдийн дунд сургалт явуулан хорооны эмч нартай хамтран хүүхдүүдээ нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулдаг болохоор өвчлөл бага байгаа. Манай цэцэрлэгийн эмч олон жил мэргэжлээрээ ажиллаж байгаа хүүхдийн эмч учраас зөвлөмж, сурталчилгааг эцэг эхчүүд хүүхдүүдэд хангалттай өгдөг. Тиймээс гар хөл амны халдварт өвчин гараагүй" гэв.