Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг “British School of Ulaanbaatar” сургууль дээр хоёрдугаар сарын 23-н буюу өчигдөр 23.00 цагийн орчимд маргаантай асуудал үүссэн аж.

“British School of Ulaanbaatar” сургууль нь Монгол Улсад 2010 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Тодруулбал, 2010 онд "Эко Скүүл Гарден" ХХК нь сурагчдад дэлхийн нэр хүндтэй их дээд сургууль, коллеж, институтэд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын өндөр боловсрол олгох зорилгоор байгуулсан юм.  2014 оны тавдугаар сард олон улсын хяналт шалгалтын комисс (PENTA) төвийн шалгалтад амжилттай тэнцэж, дэлхийн бусад Бритиш сургуулиудын нэгэн адил стандарттай Их Британийн Боловсролын газар албан ёсны бүртгэлтэй хамгийн залуу гишүүн сургууль болсон юм байна.

Тус сургуулийн төлөөлөн удирдах зөвлөл таван гишүүнтэй. Үүнд ТУЗ-ийн удирдах зөвлөлийн дарга Ц.Ариунаа, ерөнхий захирал Х.Батжаргал, удирдах зөвлөлийн гишүүн Ж.Оюунгэрэл, удирдах зөвлөлийн гишүүн Ц.Амраа, ТУЗ-ийн зөвлөх Р.Бат-Эрдэнэ нар багтдаг аж.

“Петровис” компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл тус сургуулийн хөрөнгө оруулагч бөгөөд хувьцааны 51 хувийг эзэмшдэг гэх мэдээлэл бий. Тус сургуулийн 49 хувийн талын эзэмшлийг төлөөлж байсан Х.Батжаргал захирлыг ажлаас чѳлѳѳлѳх шүүхийн шийдвэр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-ны ѳдѳр гарчээ.

Харин 49 хувийг эзэмшигч Х.Батжаргал, Ц.Амраа, Ц.Ариунаа нар нь тус сургуулийн 51 хувийн талаас томилогдсон  захиралд ѳрѳѳ албан тасалгаа, тамга тэмдгээ хүлээлгэж өгөөгүйгээс дээрх нѳхцѳл байдал үүссэн  талаар эх сурвалж мэдээллээ. Анхан шатны шүүхээс 51 хувьд давуу эрхийг олгосон бөгөөд 49 хувийн талаас давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Тус маргааныг шийдвэрлэх шүүх хурлын тов нь ирэх 2019 оны гуравдугаар сарын 06-ны өдөр товлогдсон аж.

Тэгвэл энэ сарын 22-нд “British School of Ulaanbaatar” сургууль буюу "Эко Скүүл Гарден" ХХК дараах мэдэгдлийг гаргажээ.

"British school of Ulaanbaatar" сургуулийн хуулийн зөвлөх Э.Билгүүнээс үүсээд байгаа нөхцөл байдал буюу өчигдөр шөнө сургууль руу дайрсан тухайд "Ц.Ариунаа, Ц.Амраа, Х.Батжаргал нар шоронд олон жил ял эдэлж яваад гарч ирсэн хүмүүс, танхай этгээдүүд, Босоо Хөх Монголынхон нийлсэн 200 гаруй хүн сургуулийн 4 талаас дайрч, хаалга эвдэж, дотогш орж өрөөнүүдийн хаалгыг эвдэж, их хэмжээний бэлэн мөнгө, санхүүгийн бичиг баримтууд, компьютерийн процессор хулгайлж байгаад баригдсан. Хулгайлсан этгээд нь сургуулиас халагдсан Х.Батжаргалын жолооч, Ц.Ариунаагийн охин байсан. Цүнхтэй их хэмжээний бэлэн мөнгө, санхүүгийн бичиг баримтуудыг хулгайлуулсан нэг эмэгтэйг барьж чадаагүй. Компьютерийн процессор хулгайлуулсан этгээдүүдийг цагдаагийн байгууллага газар дээр нь барьж, одоо саатуулан шалгаж байгаа. Цүнхтэй зүйл хулгайлсан эмэгтэй баригдаагүй. Сургуулийн сурагчдын төлбөр, их хэмжээний бэлэн мөнгө, доллар байсан. Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж, шуурхай ажиллаж байгаа. Удахгүй баригдах байх" хэмээх тайлбарыг өгөөд байгаа.

Энэ хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.