Цагаан сарын шинийн нэгнээс эхлэн золголт, шинэлгээтэй зэрэгцэн уул овоонд гарч хийморь лундаагаа сэргээж, хишиг буян гуйх иргэдийн цуваа хөвөрсөөр байна. Монгол орны томоохон уул хайрхан, эртний тахилгат овоонууд хүн, машины хөлд дарагдаж эхэлжээ. Хамгийн сүүлийн мэдээгээр л гэхэд шинийн наймны өдөр Сүхбаатар аймгийн Шилийн богд ууланд өглөөн нар харахаар зорин очсон хүмүүсийн тоо 4000 давжээ. Энэ бол томоохон сумын хүн амтай тэнцэхээр тоо юм. Тэдний хөлөглөсөн машин 800 гаруй байж. Цагдаагийн алба хаагчид Шилийн богдод гарч хийморио сэргээхээр зорин очсон "Торой банди"-уудын амар амгалан, аюулгүй байдлыг хангахын төлөө 24 цагийн турш ажиллаж, 75 жолоочид торгуулийн арга хэмжээ авсны дотор архи уусан үедээ жолоо барьсан тохиолдол ч байж. Мөн зөвшөөрөлгүй буу, сум авч явсан эрчүүдийг ч илрүүлсэн ажээ. Үүгээр зогсохгүй уул овоонд авирагчдын өргөсөн идээ будааны сав, архи, сүүний шил гээд хот, суурин газрын хур хогийн цэгээс дутахгүй юм үүссэнийг цэвэрлэжээ. Сүүлийн жилүүдэд монголчууд бид ийнхүү уул овоондоо гарч хийморио сэргээчихээд уг уул овооноосоо дутахгүй их хог хаягдлын овоо үүсгэж орхидог муухай зуршилтай болжээ.

Нийслэлчүүд шинийн нэгний өглөөний нарыг Богдхан уулын Хийморийн овоо, Цэцээ гүний оргилд гарч угтан уламжлалт зан үйл хийн ёсолдог. Энэ сүрхий сүржин зан үйлийн дараа дархан цаазат уулын маань нэгээхэн өндөрлөг хүн харахын аргагүй шахам болж үлдэнэ. Хийморийн овооны хогны 80 орчим хувийг хадаг, дарцаг бүрдүүлж үлддэг талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч ярьсан байдаг.

Хотын төвд байдаг Тасганы овоо ч гэсэн сар шинийн өдрүүдэд хийморь лундаа сэргээгчдийн хөлд талхлагдаж, өргөл барьц, идээ будаа, архи дарс, сүү цагаан идээний сав, баглаа боодолд дарагддаг. Монгол түмний бахархалт хайрхан Бурхан Халдун ч сүүлийн үед "босоо хийморьтнууд"-ын өргөлд өнгө алдах болсон байна. Түүнчлэн ихэнх тахилгат уул, овоо орчмын ургаа модонд хадаг яндар уяж зангиддаг зан үйлийн балгаар тухайн мод ургах боломжгүй болдог.  Ингэж уул овоо, байгаль дэлхийгээ бохирдуулан, доройтуулан байж сэргээдэг яасан ч хийморь юм. Эсвэл ан амьтан алахаар сэргэдэг хийморь байдаг гэхээр сэтгэлд багтахгүй. Ингэтлээ мухар сүсэг, муйхар зан үйлд автах болсон нь харамсалтай.

Уг нь эсрэгээрээ уул ус, байгаль дэлхийгээ сэргээж, мод тарьж, ан амьтдыг нь хайрлан хамгаалж байвал сүсэг бишрэлийн хэллэгээр бол буян, орчин үеийн ойлголт бол хүрээлэн байгаа орчны тэнцвэр алдагдахаас сэргийлж буй хамгийн чухал үйл билээ. Уул овоогоо тайж тахих, мөргөж сүсэглэх зан үйл эртний бөө мөргөлөөс уламжлалтай агаад улмаар шарын шашны зан үйл агуулгаар баяжин өнөөг хүрсэн. Гэхдээ бидний бүдүүлэг балар гэж нэрлэдэг тэр үед өнөөгийнх шиг ингэж уул, овоогоо хогоор дардаггүй байжээ. Орчин үед хүмүүсийн хэрэглээнд нэвтэрсэн хуванцар сав, нийлэг эдлэл, төмөр, шилэн сав зэрэг тухайн үед байгаагүй нь нэг талаар үүнд нөлөөлсөн байж болох ч гол нь асар өндөр ёс суртахуунтай, аман хуультай, цээр хориог чанд сахьдаг байсан аж.

"Их засаг", "Халх журам" зэрэг хууль цаазын бичгүүдэд байгаль, орчноо хамгаалах, хайрлах, бохирдуулахгүй байх талаар заалтууд туссан нь үүний баталгаа юм. Голын усанд цагаан идээ дусаахыг цээрлэдэг байсан ард  түмэн эдүгээ тахилга сүлдэт онгон дагшин хайрхадынхаа овоог хог хаягдаар буртаглаж байгаа нь харамсалтай. Уул овоо, байгаль дэлхийгээ бохирдуулж гэмээнэ хийморь лундаа сэргэх байтугай харин ч улам уруудан доройтно гэдгийг ойлгоосой. Байгальд халтай хийморь лундаа, барцад ихтэй өргөл гуйлгаасаа  татгалзаж, мухар сүсэг, муйхар зан үйлээ эргэж харах цаг болжээ.

Овооны эх тандаа олзны эх наддаа гээд өргөж байгаа идээ чинь ядаж шувуу хооллож болох,байгал өөрөө шингээж чадахаар сав баглаа боодлоос нь цэвэрлэчих. Идэж уусан,эдэлж хэрэглэсэн бүхэнээ энд тэндгүй үлдээж хаясан олиггүй нэгний хогыг сэтгэл гаргаад цэвэрлэчих.

Богд хан уулын Хийморийн овоо

Шилийн богд уул

Бурхан Халдуны их овоо

Бурхан Халдун хайрханы дунд овоо

Тасганы овоо