Өнөөдөр дэлхий даяараа дурлалт хосууд Гэгээн хайрын Валентины баяраа тэмдэглэн өнгөрүүлж байна. Тэгвэл дэлхийн олон орны хүмүүс энэ өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг тухай товчхон хүргэе.
АНУ-ын хувьд Валентиний баяр нь тэмдэглэлт баяруудын тоонд зүй ёсоор ордог томоохон баяруудын нэг юм. Хүмүүс энэ өдрийг хайртай хүмүүстээ хайраа илчлэх хамгийн сайхан өдөр хэмээн ойлгодог бөгөөд Гэгээн Валентиний дурсгалыг хүндэтгээд зогсохгүй хайртдаа болон хамгийн ойр дотны хүмүүс, эцэг, эх, багш нараа баярлуулж, бэлэг өгдөг заншилтай. Тус романтик баярын бэлгэнд гал улаан сарнай цэцэг, гайхалтай амттан, ил захидлыг дурсгал болгон өгсөөр иржээ.
Харин Канадын Валентиний баяр хөөр хөгжөөн, урам зоригоор дүүрэн болдог байна. Бүх л өдөржин зүрхэн хэлбэртэй бөмбөлөг, шоколад, ил захидал түүнчлэн амьд цэцгийн баглаан үзэсгэлэн, үдэшлэг цэнгээн, найр наадам болж, нэгэн өдрийг хэзээ ч мартагдашгүй өнгөрөөх таатай сайхан уур амьсгал бүрддэг байна. Хосууд бие биедээ хайр сэтгэлээ илчилж, хамгийн дулаан сайхан үгсийг хэлж, бэлгээ солилцдог гэнэ.
Австрали улс нь Валентиний баярыг хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг орнуудын нэг юм. Жил ирэх бүр энэхүү баярыг тэмдэглэх цар хүрээ өсөн нэмэгдсээр байгаа бөгөөд 18-24 насны нийт иргэдийн 90 хувь нь, 50 хүртэлх насны иргэдийн 45 хувь нь энэ баярыг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг гэсэн судалгаа гарчээ. Австраличууд энэ өдрийг хайртай хүнээ баярлуулж, хайрын харилцаагаа улам бататгах өдөр хэмээн үздэг. Түүнчлэн найз нөхдийнхөө хүрээнд халуун дотно яриа өрнүүлэн тэмдэглэхэд хамгийн тохиромжтой өдөр гэлцдэг байна. Хайртай хосууд хамгийн сайхан бэлгээ солилцож, хайрын үгсээ харамгүй шивнэцгээдэг байна.
Англичуудын хувьд тус баяр нь өндөр ач холбогдол өгч, өргөн цар хүрээтэй тэмдэглэдэг цөөн хэдэн баярын нэг гэнэ. Тэд бусад орны нэгэн адилаар, хайртай хүндээ хайраа илчилж, чин сэтгэлийн бэлгээ дурсгал болгон өгдөг бөгөөд хайрын дотно харилцаа нь мөнх батжина гэдэгт гүнээ итгэдэг. Муж бүр өөр өөрийн гэсэн онцлогтойгоор тэмдэглэдэг бөгөөд зарим мужид хүүхдүүд Валентиний баярын дууг хоолой нийлүүлэн дуулж, хариуд нь амтат шоколад, чихэр, мөнгөөр шагнуулдаг бол харин өөр нэгэн мужид үзэм, тоор, ургамлын үртэй кекс жигнэж, баярын ширээгээ чимдэг уламжлал ч мөн байдаг байна.
Япончууд Гэгээн Валентиний баярыг маш сонирхолтойгоор тэмдэглэдэг. Хоёрдугаар сарын 14 буюу Валентиний өдөр эмэгтэйчүүд хайртай хүндээ хайраа илчилж, сэтгэл шингэсэн бэлгээ чин сэтгэлийнхээ үгийн хамт илгээдэг бол гуравдугаар сарын 14-нд буюу “Цагаанөдөр”-өөр эрчүүд хайртай бүсгүйчүүд, халамжит ханьдаа бэлэг өгч, сэтгэлээ илчилдэг юм байна.
Романтик хайр дурлалын эх өлгий болсон Итали улс Валентиний баярт өндөр ач холбогдол өгч тэмдэглэдэг нь тодорхой юм. Хайр дурлалын бурхдад хайрын сэтгэлээ илчлэх хамгийн сайхан боломжийг олгодог энэ өдөр хосууд хамтдаа цагийг сайхан өнгөрөөж, хайр дурлалынхаа баланд умбадаг. Валентиний баярын уламжлал гэж хэлж болох романтик бэлгэнд мөн л шоколад, цэцгийн баглаа, ил захидал байсаар иржээ.
Хамгийн дурламтгай хүмүүст зүй ёсоор тооцогддог Францчууд энэ өдрийг бусад орны адилаар хөгжилтэй, сэтгэл хөдөлгөм байдлаар тэмдэглэн өнгөрүүлдэг гэнэ. Тэд хайртай хүмүүстээ хайраа илчлээд зогсохгүй, хамгийн чамин ил захидал, хачин сайхан цэцэгсийн баглааг зүрхний үгийн хамтаар хайртдаа илгээж, хайр дурлалынхаа өнө мөнхийг баталдаг уламжлалтай.
Хятадууд Гэгээн Валентиний баярыг хоёрдугаар сарын 14-ний өдөр тэмдэглэдэггүй ч, Хятадын хайрын өдрийг тусгайлан тэмдэглэдэг уламжлалтай. Тэд хайрын өдрийг цагаан сараас хойшхи 7 дахь сарын долооны өдөр тэмдэглэдэг. Тэд тус баярыг "Хоёр долоогийн баяр", "Долоонуудын шөнө" хэмээн нэрлэдэг байна.
Өмнөд Африкчууд жил бүрийн хоёрдугаар сарын 14-ний өдрийг жинхэнэ халуун хайрын өдөр хэмээн тэмдэглэдэг гэнэ. Тус улсын газар зүйн онцлог, үзэсгэлэнт далайн эрэг, үзэмж төгс цогцолбор газруудад баярын төрөл бүрийн фестиваль болдог бөгөөд үүнийг гадны жуулчид ихээр сонирхон ирдэг байна. Түүнчлэн, баярын бэлэгний худалдаа, үзэсгэлэн ч мөн гардаг байна.
Данид Валентиний баярыг 16-30 насны залуучууд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг. Хайртай хосууд хоорондоо бэлгээ солилцож, хайрын сэтгэлээ илчилдэг байна. Залуучууд тус өдөрт тусгайлан зориулж, төлөвлөгөө хүртэл гаргадаг бөгөөд энэ өдөрт өндөр ач холбогдол өгдөг гэнэ.
Энэтхэгт Гэгээн Валентиний өдрийг сүүлийн хэдэн жилээс эхлэн тэмдэглэх болсон байна. Романтик хайр дурлалын түүхээрээ хэзээний алдартай энэтхэгчүүдийн хувьд Европын орнуудын жишиг болсон тус баярыг өөрийн оронд маш хурдацтай нэвтрүүлсэн бөгөөд энэ өдөр хайртай хосууд нэгэндээ тусгайлан бэлдсэн бэлгээ өгч, хайрын сэтгэлээ илчлэх болоод хэдэн жилийг үдэж байна.
Харин монголчуудын хувьд сүүлийн жилүүдэд цар хүрээгээ тэлэн залуусын хамарсан томоохон баяр болон өргөжсөөр байгаа юм. Залуус энэ өдөр Валентиний баярын уламжлал ёсоор романтик бэлэг, зүрхэн хэлбэртэй шоколад, цэцгийн баглааг нэг нэгэндээ бэлэглэн хайр сэтгэлээ илчилдэг билээ.