Манай дэлхийн соронзон орны умард туйл өнгөрсөн 100 жил нүүж буй. Агаар болон усан замын аяллын зүг чиг тодорхойлоход чухал үүрэг бүхий соронзон орны умард туйлын нүүдэл сүүлийн үед хурдасч эхэлснийг эрдэмтэд анхааруулж эхэллээ. Дэлхийн бөмбөрцгийн гадаргаас 3,000 км орчим гүнд эргэлдэж байдаг шингэн төлөвтэй төмөр, никелийн урсгалаас соронзон орон үүсдэг. Соронзон орны ачаар манай дэлхий сансрын хортой туяанаас хамгаалагдаж байдаг. Газрын гүн дэх шингэн металлын урсгалын эрчим, өөрчлөлт нь соронзон орны туйлын байрлалд нөлөөлж байдаг ч сүүлийн жилүүдэд соронзон орны умард туйл яагаад эрчимтэй шилжиж байгааг тогтоохоор эрдэмтэд шаргуу ажиллаж байгаа ч шалтгааныг нь хараахан олоогүй л байна.
“Одоо соронзон орны туйл жилд 50 км хурдтай нүүж байна. 1900-1980 оны хооронд төдийлөн хол шилждэггүй байсан бол сүүлийн 40 жилд хурдтай нүүж байна” гэж Эдинбургийн Их Британийн Геологийн Хүрээлэнгийн судлаач Сиаран Бегган мэдэгджээ.
Дэлхийн соронзон орны туйлын цэгийг World Magnetic Model (WMM) аргаар шинэчлэн тогтоож, түүнийг нь АНУ, Европын армийн зэвсэг техникүүд ашигладаг. Мөн агаарын тээвэр, Google Maps, гар утасны GPS системд хүртэл баримжаа тогтооход ашигладаг байна.
Их Британийн Геологийн Хүрээлэн, Далай, Атмосферийн Үндэсний Захиргаа (NOAA) гэсэн 2 байгууллага WMM аргаар таван жил тутамд соронзон орны умард туйлын цэгийг тодорхойлж зарладаг. Дараагийн шинэчлэл 2020 онд зарлагдах ёстой хэдий ч умард туйл төсөөлснөөс илүү хурдацтай нүүж байгаагаас товлосон хугацаанаасаа өмнө тодорхойлж зарлахыг АНУ-ын армийнхан хүсчээ.
АНУ-ын армийн хүсэлтийн дагуу WMM тодорхойлолтыг хоёрдугаар сарын 4-ний өдөр буюу өнгөрсөн Даваа гарагт зарласан юм.
Соронзон туйлын нүүдэл хурдацтай байгаагаас үүсэх алдаа нь зөвхөн умард туйлын бүсэд амьдарч байгаа хүмүүсийн гар утас болон тэнд зорчиж яваа агаарын болон далайн тээврийн хөлгүүдийн жолоодлогод нөлөөлөх ажээ.