
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилох эсэх асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа нэр дэвшигчид хандаж "Их Жанжин Сүхбаатарын мэндэлсэн өдөр болж байгаа чуулганы нэгдсэн хуралдаанд би протоколд тэмдэглүүлье, Оюун-Эрдэнэ гишүүн ээ би таньд итгэхгүй байна. Та зөвхөн өөрийнхөө өмнөөс ажиллаад явж байсан бол энэ таны асуудал байсан байх. Гэхдээ та өнөөдөр олон хүний өмнөөс нэр дэвшсэн тул асуудал өөрөөр яригдана. Залуус шударга бус, худлаа ярьж, худалч байгаад дургүй байна. Та Хэнтийд Харвардын сургуульд төгссөн боловсролтой хүн гэж сонгогчдод хэлсэн. Таныг сэтгүүлч, улс төр судлаач, англи орос хэлтэй гэж намтартаа бичсэнд чинь итгэхгүй байна. Цаг хугацаа таныг ажлаа хийж чадах уу үгүй юу гэдгийг харуулна. Дараа дараагийн нэр дэвшигчдэд намтар түүхээ үнэн зөв бичдэг байгаасай гэж хүсч байна. Хүнд сургуульд сурах боломж олдоогүй байж болно, гол нь ямар зам туулсан гэдгээ үнэнээр нь хэлдэг байх хэрэгтэй. Тиймээс өнөөдөр би танд эргэлзэж, итгэхгүй байна гэдгээ хэлмээр байна. Би Америкт төгсөгчдийн холбооны тэргүүнээр ажилладаг хүний хувьд хэлье” гэв.