Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Мягмардоржтой ярилцлаа.
-Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Өөрчлөлтийг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн зүгээс юу гэж харж байна вэ?
-Анхны хуулийг 2007 онд баталж, 2015 онд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Харин 2017 оны намраас эхлэн тус хууль дахин нэмэлт өөрчлөлт оруулахаар бэлтгэл ажлууд явагдсаар, 2018 оны сүүлээр УИХ-д өргөн мэдүүлж, улмаар яг одоо УИХ-аар хэлэлцүүлж байна.
Үүгээр Монгол улсад хууль, эрх зүйн орчин ямар тогтворгүй вэ гэдгээ шууд харуулж байна. Мөн хуулийг боловсруулж байгаа хүмүүст өөрсдөд нь эргээд хариуцлага байдаггүй учраас байнга хуулиар оролдох үндэслэлүүд бий болж байна. Түүнээс гадна хуулийг судалгааны үндэслэлгүйгээр, хэт гадаадын бодлогыг дуурайж, хуулж боловсруулж байгаа нь харамсалтай.
Анх нь 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль батлагдаснаар энэ салбарт хувийн хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчны үүдийг нээж өгсөн. Мөн хуулинд нар, салхи, усан цахилгаан станцуудаас үйлдвэрлэн нийлүүлэх цахилгаан эрчим хүчний тарифыг тогтоож, гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд тарифыг ам.доллароор тогтоосон. Энэ нь ч зөв байсан. Хэрвээ бид төгрөгөөр тогтоосон бол өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт татаж чадахгүй байх байсан болов уу.
2007 онд батлагдсан хуулийн бодит хэрэгжилт амьдрал дээр 2013 онд биеллээ олж, анхны 50 МВт-ын салхин цахилгаан станц 2013 онд ашиглалтанд орж байлаа. Үүнээс хойш анхны нарны цахилгаан станц 10 МВт-ын чадалтайгаар 2017 онд ашиглалтанд орсон. Үүнээс үзвэл Монгол орны хөрсөн дээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай сэргээгдэх эрчим хүчний станцыг байгуулах нөхцөл 2013 онд бүрдэж эхэлсэн гэж үзэж болно.
Энэ үед дэлхийн зах зээл дээрх сэргээгдэх эрчим хүчний технологийн үнэ ч тодорхой хэмжээнд бууж, энэ нь Монголд сэргээгдэх эрчим хүчинд хөрөнгө оруулах боломжтой болгосон юм.
-Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар “Сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэх цахилгааны үнийг бууруулах боломжтой болно” гэж хууль санаачлагчид танилцуулж байна. Энэ үнэхээр бодитой юу?
Монгол Улсын дотооддоо үйлдвэрлэж буй нийт цахилгаан эрчим хүчний 90 гаруй хувийг үйлдвэрлэж буй дулааны цахилгаан станцууд бүгд төрийн өмчлөлтэй, хөрөнгө оруулалтын зардал гэж нөхдөггүй.
-Сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэж буй цахилгааны үнийг ярихаас өмнө Монгол Улсын эрчим хүчний системийн цахилгааны үнийн талаар ярих нь зүйтэй. Монгол Улсад цахилгаан маш хямдхан. Үндсэндээ үнэгүйдсэн гэж хэлж болно. Үүнээс үүдэн цахилгаан хэрэглэгчид хэрэглээгээ хянах, хэмнэх гэсэн ойлголт муутай, үнэ цэнийг нь анхаардаггүй. Цахилгаангүй таван цаг болоход бид ямар байдалд ордгоо мэднэ.
Монгол Улсын дотооддоо үйлдвэрлэж буй нийт цахилгаан эрчим хүчний 90 гаруй хувийг үйлдвэрлэж буй дулааны цахилгаан станцууд бүгд төрийн өмчлөлтэй, хөрөнгө оруулалтын зардал гэж нөхдөггүй. Өөрөөр хэлбэл, бүтээн байгуулсан зардлыг нь тэглэчихсэн, өргөтгөл хийвэл түүнийг нь улсын хөрөнгөөр, зээлээр шийдчихдэг учраас зөвхөн ашиглалтын зардлаасаа цахилгааны тарифаа тогтоодог. Ийм нөхцөлд хямд цахилгаан үйлдвэрлэхгүй гээд яах юм бэ. Дээрээс нь төрөөс цахилгааныг хямд байлгах хатуу зохицуулалт, татаасууд хийгдсээр байгаа нь эрчим хүчийг хямд харагдуулаад байгаа юм. Гэхдээ цахилгаан хэрэглэгчийн баруун халааснаас нь цахилгааны төлбөрийг нь аваад, зүүн халааснаас нь татвараар нь дамжуулж татаасыг нь авч байна шүү дээ. Тэгэхээр энэ үнэхээр хямд цахилгаан мөн үү.
Харин Сэргээгдэх эрчим хүчний тухайд төрөөс нэг ч төгрөгийн татаас байхгүй, 100 хувь хувийн хөрөнгө оруулалт, дээрээс нь томоохон хэмжээний хөрөнгө оруулалт татдаг тул банкны зээлээс ихэнх төслүүд хэрэгждэг. Ийм төсөл нь хөрөнгө оруулалтаа нөхөхөд нийт зардлынхаа ойролцоогоор 70 хувийг зарцуулдаг. Тиймээс төрийн зохицуулалттай татаастай эрчим хүчний хажууд, бизнесийн төслүүд үнэтэй харагдаад байгаа ялгаа нь энэ. Үүнээс гадна төгрөгийн ханш жилээс жилд сулраад байгаа нь үнийн зөрүү үүсэхэд гол нөлөө үзүүлж байна. Уг нь бол анхны хууль боловсруулагчид 2013 он гэхэд хэрэглэгчийн тариф, сэргээгдэх эрчим хүчний цахилгааны тариф зөрүүгүй болчих юм байна гэж үзэж байсан боловч, харамсалтай нь ам.долларын ханш өнөөдөр 2600 төгрөг хол даваад байна.
-Тэгэхээр сэргээгдэх эрчим хүчний үнэ цаашид буухгүй гэсэн үг үү?
-Яг одоо өргөн барьсан хуулийн төслөөс ганц дэмжиж байгаа санал нь нарны эрчим хүчний үнэ тарифыг бууруулах. Анх нь 2007 онд хууль батлахдаа нарны эрчим хүчнээс үйлдвэрлэх кВт.ц цахилгааныг 0.15-0.18 цент байхаар тогтоосон. Сүүлийн 4-5 жилийн турш нарны эрчим хүчний тоног төхөөрөмжийн ханш маш хурдацтай буурч, өнөөдөр 1 МВт чадалтай нарны цахилгаан станцыг сая ам.доллароос бага үнээр байгуулах боломж бүрдсэн байгаа тул нарны эрчим хүчний үнийг буулгаж байгаа нь зөв. Бусад заалтуудыг нь дэмжихгүй байр суурьтай байгаа.
-Тухайлбал?
-Өргөн баригдсан хуулийн төсөлд зарчмын хувьд дөрвөн төрлийн өөрчлөлт орж байгаа юм. Нэгдүгээрт, тарифын өөрчлөлт. Нарны эрчим хүчнээс үйлдвэрлэх 1 кВт.ц цахилгааныг 0.12 цент хүртэл, салхины эрчим хүчнээс үйлдвэрлэх 1 кВт.ц цахилгааныг 0.08 цент хүртэл гэж...,
Хоёрдугаарт, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр хөгжүүлэгчийг тендерээр ялагчийг тодруулах буюу Аукчионы зах зээлийг нэвтрүүлэхээр. Өөрөөр хэлбэл, хамгийн хямд тарифтай төсөл хөгжүүлэгч ялна гэсэн тайлбарыг хууль санаачлагчид өгч байгаа. Гэвч үүнийгээ ямар дүрэм журмаар явуулах гээд байгаа нь тодорхойгүй байна. Дүрэм нь тодорхойгүй байгаа зүйлийг хуулийн төсөлд оруулсан нь эргэлзээ төрүүлж байна. Мөн танил тал, эрх мэдэлтэй нэгэнд үйлчилдэг болох нөхцөлүүд бүрдэх аюултай. Тэгээд аукционы зах зээлийг ихэвчлэн 1 ГВт-аас дээш чадалтай тендерт ашигладаг. Манайд тэгэх боломж ойрын 10 жилд лав байхгүй. Дээд тал нь 55 МВт-ын чадалтай салхины станц одоо манайд байна.
Гуравдугаарт, “Хөрөнгө оруулалтын баталгаа” гэсэн томъёолол оруулж ирж байгаа. Тайлбараас нь сонсвол 10 МВт-ын станц байгуулахын тулд 500 мянган ам.долларын барьцаа хөрөнгө байршуулна гээд байгаа. Бас л дүрэм журам нь тодорхой болоогүй байж, хуулийн төсөлд ороод ирсэн.
Дөрөвдүгээрт, Дамжуулах сүлжээнд холбогдох өргөтгөлийн зардлыг төсөл хэрэгжүүлэгч гаргана гэж байгаа. Энэ болно. Угаасаа одоогийн хуулиар дамжуулах компани өөрсдөө гаргах хуультай боловч төсөв байхгүй гээд төсөл хэрэгжүүлэгчдээр хөрөнгийг гаргуулдаг. Гэхдээ ажлын хүрээг нь нарийн тодорхойлж өгөхгүй бол төрийн алба ч бэрх шүү дээ. Хувийн компаниудыг дуусашгүй мөнгөтэй гэж хардаг. Хэмжээнээс хэтэрсэн өргөтгөл хийлгэх гээд байвал хэцүү лдээ.
Дүгнэж хэлэхэд,Энэхүү хуулийн төсөл хувийн хэвшлийн оролцоог шууд хязгаарлаж, төрийн эрх мэдлийг хэт нэмэгдүүлэхээр байна. Төрийн оролцоо байх тусам хариуцлагагүй байдал, алдагдал, авилга дэлгэрэх үндэс болно. Харин хувийн хэвшил өөрсдийн зүйлээ аль болох найдвартай, чанартай зүйл хийнэ. Түүнээс гадна хувийн хэвшлүүдээ дэмжсэнээр нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд гол нэмэр оруулах ажлын байр, орлогын татвар төлөлт зэрэг эерэг зүйлс дагаад нэмэгдэнэ.
-Хуулинд нь ингэж өөрчлөлт оруулахгүй бол сэргээгдэх эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчид дэндүү олшроод байгаа юм биш үү?
-Ер нь бол эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчид 14000 МВт орчим байгаа. Үүнээс 1500 МВт нь буюу 10 гаруй хувь нь л сэргээгдэх эрчим хүч. Үүн дотор дан ганц нар, салхи ч биш, хог хаягдлаас эрчим хүч боловсруулах мэт төслүүд ч байгаа. Яагаад сэргээгдэх эрчим хүчний тусгай зөвшөөрлийг л онилоод яриад байгааг ойлгодоггүй. Ердөө л 10 хувь нь шүү дээ.
Түүнээс гадна, тусгай зөвшөөрлийг олгохгүй байх нөхцөл, эрх зүйн орчин нь байгаа. Энэ төслүүд гэнэт би хэдэн цаасан дээр тоо тавиад бий болдоггүй юм. Эрчим хүчний яамны хурлаар хэлэлцүүлээд, сайд нь дэмжиж бичиг өгөөд, дараа нь Эрчим хүчний зохицуулах хорооны Зохицуулагчдын зөвлөлийн хурлаар ороод тусгай зөвшөөрөл авч байгаа. Үүнээс үзвэл, тусгай зөвшөөрөл их байгаа нь буруу юм бол олгосон хүмүүсийнх нь л буруу юм биш үү. Тусгай зөвшөөрлөөр нэг тэрбум төгрөгийн орлого бүрдүүлсэн гээд нэг сонин дээр нийтлэл гарсан байна билээ. Одоо ер нь бүх буруугаа хувийн хэвшилд чихдэгээ болих хэрэгтэй. Хувийн хэвшил байхгүй бол өнөөдөр Монголд нэг ч нарны, салхины станц байхгүй байх байсан юм. Юун тэр Парисын хэлэлцээр.
-Парисын хэлэлцээр гэснээс Монгол Улс уг хэлэлцээрт амлалт өгчихсөн байхаа?
-Бүр УИХ-ын чуулганаар хэлэлцүүлээд, НҮБ-д Ерөнхийлөгч гардуулж өгсөн шүү дээ. 2014 оны түвшинтэй харьцуулахад 2030 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгарлыг 14 хувиар бууруулахаар амлалт өгсөн. Эрчим хүчний салбар бол үүнд хүрч чадахгүй л болов уу. Засгийн газар нүүрсний цахилгаан станц л дэмжээд байгаа шүү дээ. Эрчим хүчний салбарын дунд хугацааны хөтөлбөрийг 2018 оны аравдугаар сард Засгийн газрын хуралдаанаар баталсан. Үүнд ДЦС-уудыг өргөтгөх үүний нийлбэр чадал нь 300 МВт гаруй болж байна лээ. Саяхан мөн Тавантолгойг 300 МВт-ын чадалтай байгуулахаар болсон. Үүнээс үзвэл 2023 онд 600 гаруй МВт-ын нүүрсний цахилгаан станц, өргөтгөлүүд хийгдэнэ гэсэн үг.
Тэгэхээр юун нүүрсхүчлийн бууралт, харин ч нэмэгдүүлэхээр харагдаж байна.Өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаан дээр Эрчим хүчний сайд “Олон улс нүүрсний станцад хөрөнгө оруулахгүй байгаа тул бид дотоод нөөц боломжоо ашиглан нүүрсний станц байгуулах хэрэгтэй” гэж хэлж байна лээ. Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад олон улсад өгсөн амлалт хамаагүй юм байлгүй дээ.
-Сэргээгдэх эрчим хүч Монгол Улсын эрчим хүчний салбарт хүндрэл үүсгээд байна гэдэг зүйлийг төрийн зүгээс тайлбарлаад байгаа.
- Нэгдүгээрт тарифын, Хоёрдугаарт технологийн хүндрэл байгаа. Гэхдээ дөнгөж хөгжиж эхэлж байгаа салбарт энэ зэргийн хүндрэл бол байх.
Хөрөнгө оруулагчдын нүдээр Монгол Улс бол маш найдваргүй орон. Засаг төр нь тогтворгүй, бодлогын залгамж байхгүй, эдийн засгийн үзүүлэлтүүд муу гэх мэт. Тиймээс сэргээгдэх эрчим хүчинд гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд эхлээд төслүүдийг бага зэрэг өндөр тарифаар дэмжсэн юм. Ингэснээр хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэх нэг үндэслэл болсон. Одоо харин энэ тариф буурна. Нөхцөлүүд нь бүрдчихсэн байгаа.
Хоёрдугаарт, технологийн хувьд гэдэг нь орой цахилгааны хэрэглээ нэмэгдэхэд наргүй болсон байдаг. Энэ үед нарны цахилгаан станцын оролцоо байхгүй байна. Салхины эрчим хүч шөнийн бага ачааллын үед үйлдвэрлэл ихтэй байх зэрэг технологиос хамаарсан хүндрэл байгаа.
Гэхдээ энэ хүндрэлүүд нар, салхин станцуудын буруу биш. Тэд ажилладаг зарчим, горимоороо л ажиллаж байгаа. Ганц Монголд ингээгүй. Харин энэ нөхцөл байдлыг үүсгэхгүй байх арга зам, шийдлийг Эрчим хүчний яам урьдчилан төлөвлөж, хүндрэлийг даван туулах шийдлийг олсон байх ёстой. Ямар ч арга хэмжээ авалгүй байсаар өнөөдрийг хүргэчихээд, дахиад л хувийн хэвшилд буруугаа тохоод сууж байна.
-Энэ жил сэргээгдэх эрчим хүчний хэд хэдэн эх үүсвэр нэмэгдэх байх аа?
-2019 оны нэгдүгээр сарын байдлаар гурван салхин цахилгаан станц, дөрвөн нарны цахилгаан станц ашиглалтад ороод, цахилгаан нийлүүлж байна. Дахиад нэг нарны цахилгаан станц ойрын хугацаанд орох байх. Харин Сайншандад байгуулагдаж байгаа 30 МВт-ын чадалтай нарны цахилгаан станц нэлээн маргаантай, зөрчилтэй байгаа юм билээ. Энэ асуудал дээр яам ажиллаж байгаа учраас удахгүй учир нь олдох байх.
Үүнээс үзвэл Монгол Улсын эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадалд эзлэх сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээ энэ оны төсгөлд 19 орчим хувьд хүрэх боловч үйлдвэрлэлд эзлэх хувьд 10 орчим хувьд л хүрэхээр байгаа. 2018 оны дэлхийн нийт эрчим хүчний 28 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс хангасан байгаа. Тэгэхээр бид яаж сэргээгдэх эрчим хүчээ олон талаар хөгжүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний үйлдвэрлэлээ хөгжүүлэх чиглэлд илүү анхаарч, бодлогоо муутгах биш илүү сайжруулахад анхаармаар байна. Мөнгөнөөс илүү үнэ цэнэ гэж байдаг даа. Байгаль орчин чухал уу, мөнгө чухал уу гэдгээ ухамсарламаар байгаа юм.