Цагаан сарын баярт зориулан Монголын Үндэсний музейгээс “Монголчуудын уламжлалт тоглоом, наадгай” тусгай үзэсгэлэн гаргахаар бэлтгэж байна.
Үзэсгэлэнд музейн сан хөмрөгт хадгалагдаж буй тоглоомын олон төрөл зүйл тэр дундаа хамгийн эртний тоглоом болох нь Сяньби, Уйгарын хаант улсын үед холбогдох шавар, шаазан хасаа, богийн шагай, тоосгоор хийсэн хонин жиргээ зэрэг археологийн олдворуудыг анх удаа нийтэд толилуулах юм. Мөн ард түмний дунд өнөө хүртэл уламжилсан хорол, үйчүүр, бажий, буган жиргээ зэрэг 100 гаруй тоглоомыг дэлгэн үзүүлнэ.
Үзэсгэлэнгийн үеэр хүүхэд багачууд уламжлалт тоглоомоор тоглож музейн боловсролын хөтөлбөрт хамрагдах боломжтой бөгөөд уламжлалт тоглоом нь хүүхдийн сэтгэхүйг тэлэх, гарын жижиг булчинг хөгжүүлэх, хамтач эвсэг болгох хүмүүжил, танин мэдэхүйн ач холбогдолтой байдаг.
Уг үзэсгэлэн 2019 оны 02 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 15-ны өдрүүдэд олон нийтэд нээлттэй ажиллах юм.
Шинийн нэгэнд золголтоор ирсэн зочин гийчид “Дөрвөн бэрх” орхиж, жилийн нуруу, аз хийморио шинжихээс гадна үйчүүр, алаг мэлхий, дөрвөн бэрх, хорол зэрэг тоглоомуудаар тоглон тухайн жилийн өнгийг тодорхойлдог. Битүүний орой шагайгаар “Алаг мэлхий” өрдөг бол шинийн нэгний өдөр “Дөрвөн бэрх”, “Үйчүүр”, “Хорол”зэрэг тоглоомуудыг тоглодог заншилтай. Шинийн нэгний өдөр өлзий дэмбэрэл бүрдсэн тоглоом тогловол гэрийн жавар үргэдэг төдийгүй тоглоомд хожсон хүн тэр жилийг эрүүл саруул, аз хиймортой сайн давах, онд мэнд орох юм байна хэмээн бэлгэшээх, тоглоомд тэнцэх буюу “хайнцвал”, “хавантай” буюу барцад саадтай байна гэж үзэж, улмаар “хавангаа хагалах”, буюу барцад саадыг арилгах дом засал болгож заавал дахин тоглох зэрэг өвөрмөц зан заншил буй. “Хорол” тоглоом нь ирэх жилийн нуруу үзсэн мэргэ төлөг, заслын шинжтэй байдгаараа онцлогтой юм.