Давсны хэт ир хэрэглээ биднийг халдварт бус өвчнөөр өвчлөх мөн дээрээс нь нас барах гол шалтгаан болж байгаа. Тиймээс бид давсны хэрэглээгээ зайлшгүй хянах шаардлагатай болоод байна. Энэ сэдвээр ХХААХҮЯ-ны худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Даваадуламтай ярилцлаа.

-ДЭМБ хүн өдөрт 2-5 грамм давс хэрэглэхэд хэвийн хэмжээ үүнээс битгий хэтрүүлээч гэсэн зөвлөгөөг өгдөг. Гэтэл монголчуудын хэрэглээ үүнээс хэр их байна?
-Дэлхийн улс орон бүр энэ тал дээр анхаарсны хүчинд 2012 онд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв үндэсний хэмжээнд монголчуудыг давсны хэрэглээний судалгааг хийсэн. Судалгаагаар монголчуудын давсны хэрэглээ байх ёстойгоос 2.5 дахин их, баруун аймгуудад 3 дахин их, зүн бүсдээ 7-8 грамм байна гэж гарсан.
Давс хэтрүүлж хэрэглэх нь зүрх судасны өвчлөл, чихрийн шижин, яс сийрэгжих, таргалалтад нөлөөлж байгаа. Давс чийг барьдаг учраас хэтрүүлэн хэрэглэснээр хүнийг хавагнуулан таргалуулах гол шалтгаан болж байна гэж эрдэмтэд судалж гаргасан.
-Цайндаа хүртэл давс хийж хэрэглэдэг үндэстэн биднээс өөр байхгүй гэдэг. Давсны хэт их хэрэглээтэй уламжлалт арга барилаасаа монголчууд яаж салж байна?
-Сүүлийн жилүүдэд энэ тал дээр олон мэдээ, мэдээлэл өгснөөр хэрэглээгээ танаж байна. Баруун аймгуудынхан үнэхээр их давс хэрэглэдэг. Цайндаа ядаж л давс хийхгүй байх хэрэгтэй байгаа юм. Сайн мэдээ нь сүүлийн жилүүдэд айл өрхүүд цанйдаа давс хийхээ болин хоолондоо бага хийдэг болсон. Жишээ нь помидор шөлөнд хийсэн тохиолдолд исэглэн давсархаг амттай учраас давс нэмэх шаардлага байхгүй.
-Хоногт хүн хэдэн грамм давс хэрэглэж байгаагаа яаж мэдэх үү?
-Хоолны газар тавигдах ерөнхий шаардлага гээд 2005 онд баталсан стандарт бий. Энэ стандартыг шинэчлэн батлуулахаар 2018 онд гарган Стандарт хэмжил зүйн газарт хүргүүлсэн байгаа. Уг стандартаар хоолны газрууд цэсэн дээрээ 100 граммд агуулагдаж байгаа хоолныхоо давсны хэмжээг заавал тавьж байхаар тусгасан. Жишээ нь би хоолны газарт орон 400 грамм шөл авлаа гэхэд түүний 0.8 грамм давс байна гэх мэт. 2017 оноос савласан бүтээгдэхүүний шошгон дээр заавал давсны агууламжийг заавал тавьж байхаар заасан. Тиймээс иргэд 100 грамм хуурай идэх юм идэхэд хэчнээн грамм давс байгааг өөрөө тооцлоод ерөнхийдөө дунджаар хоногт 2-3 грамм давсыг хэрэглэлээ гээд багцаалж тооцож үзэх нөхцөл бүрдсэн.
Дэлхийн бусад улс орнууд хоолны газруудаа зэрэгжүүлэхдээ давсны агууламжаа тавьж өг гэдэг шаарддаг. Манайх 2019-2020 онд хоолны газруудаа зэрэглэнэ. Үүний гол шалгуур нь цэсэн дээр заавал давсны агууламжаа тавьсан байх ёстой гэж шаардах болно.

-Хэрэглэж байгаа хүнсэндээ хэр их давс агуулж байгааг тооцох дадал иргэдэд суух хэрэгтэй юм байна?
-НЭМҮТ-өөс 2013 онд хийсэн судалгаагаар олон төрлийн хоол, хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч шинжилсэн. Шинжлээд үзэхэд үйлдвэрийн аргаар боловсруулж нөөшилсөн хүнсний ногоо, зарим нэг төрлийн хоолнуудын 80 хувь нь давс ихтэй гарч байсан. 100 граммд нэг граммаас их байвал их хэмжээтэй гэнэ. Сүүлийн жилүүдэд Талх чихэр, Атар өргөө, Мах импекс, зарим хиамны үйлдвэрүүд бүтээгдэхүүнүүдийнхээ 100 грамм дахь давсны агууламжийг бага багаар бууруулж байгаа. Ингэснээр хэрэглэгчийн эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх чухал алхам болно.
-Манай сэтгүүлч Сонгинохайрхан дүүргийн 226 дугаар цэцэрлэг хүүхдийн хоол хүнсний давсны хэрэглээг бууруулж халж байгаа талаар сурвалжлага хийсэн. Ингэхэд хүүхдүүд цэцэрлэг дээр бараг давсгүй хүнс хэрэглэж дадсан учраас гэртээ хэрэглэдэг хоол хүнс гашуун санагддаг гэж ярьж байсан. Давсны хэрэглээг нийтээрээ багасгая гэдэг ажлууд хийгдээд байна. Гэтэл гэр бүлдээ энэ оролцоо бага байх шиг байна?
-Олон цэцэрлэг давсны хэрэглээг бууруулах арга хэмжээнд бүтэн жилйин турш хамрагдаж хүүхдийн хоолны агууламжийг бага багаар бууруулсан. Өнгөрсөнжмил зохион байгуулсан энэ арга хэмжээний Гранпри шагналыг Сонгинохайрхан дүүргийн 112 дугаар цэцэрлэг авсан. Энэ цэцэрлэгийн хүүхдээ гэртээ очин эцэг эхчүүддээ нөлөөлсөн.
Гурван жилийн өмнө гурван цагаан хор гээд сурталчилгаа явуулж байсан. Нэг дэх цагаан хор бол хэт их өөх, хоёр дахь цагаан хор нь давс, гурав дахь цагаан хор нь элсэн чихэр гэж явуулсан нь хүүхдүүдэд их нөлөөлсөн. Түүн шиг эцэг эхдээ нөлөөлөх арга хэмжээг хүүхдүүдээс эхлүүлбэл эцэг эхчүүд хүүхдийнхээ үгэнд ордог. Нөгөө талаас цэцэрлэгийн багш, эрхлэгч, тогооч нар эцэг эхчүүдэд сургалтууд явуулсан байсан.
Батлан хамгаалах яам цэргийн болон албан хаагчдынхаа хоолны давсыг аажмаар бууруулна гээд хамтарч ажиллахаа мэдэгдсэн.
-Иргэд давсны хэрэглээгээ бууруулахад ямар хугацаа хэрэгтэй вэ?
-Нэг сарын дотор өөрөө дасгаад байж болно. Хэрвээ хоол хэтэрхий давсгүй сул амттай байгаад байвал давсыг оруулж болох хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх хэрэгтэй. Жишээ нь хоолондоо байгалийн амтлагч яншуй, цагаан гаа, чинжүү , улаан лоолийг хэрэглэж болно. Давсыг зохист түвшинд хэрэглэх хэрэгтэй гэж байгаа болохоос огт давсгүй бүтээгдэхүүн хэрэглэ гээд хорьж болохгүй.
-Хүүхэд том хүний давсны хэрэглээ ямар хэмжээтэй байх уу?
-Том хүн хоногт 2-5 грамм, хүүхэд 1 грамм давс хэрэглэх хэрэгтэй гэдэг. Эцэг эхчүүд хүүхдүүддээ багаас нь буруу зуршилтай болгодог алдаа бий. Хүүхдээ бор хоолонд ороход өөрийнхөө амтаар л хооллоод байдаг. Гэтэл хүүхэд асар бага давсны хэрэглээтэй байх байтал насанд хүрсэн хүний хэмжээгээр өгдөг. Ингэснээр хүүхдийг багаас нь томчууд өөрсдийнхөө амтаар буруу дадалд сургадаг.
-2025 он гэхэд бид давсны хэрэглээгээ 30 хувиар бууруулна гэж зорилт тавиад байгаа. Энэ зорилтдоо яаж хүрэх гэж байна?
-Энэхүү аянд өнгөрсөн жил оролцсон аж ахуйн нэгжүүдийн тухайд давсны хэрэглээгээ бага багаар буюу 18-30 хувь бууруулж чадсан. Энэ жил бид орон даяар олон аж ахуйн нэгжүүдийг хамруулан санал санаачилга гаргах юм бол энэ бодитой тоо байж болох юм гэж харж байгаа.
-Давсны хэт их хэрэглээ аажимдаа тухайн хүний эрүүл мэндэд хор хөнөөлтэй байна гэдэг.
-Амьдралын зөв хэвшлийг хэрэгжүүлснээр бид зүрх судасны өвчин, чихрийн шижин, ходоодны хавдар, таргалалт гээд халдварт бус өвчнөөс өөрсдийгөө хамгаалж чадна. Давс ихтэй хоолыг түлж хийн ходоодны шархлаа үүсгэдэг. Давс өөрөө аливаа зүйлийг хатаах зориулалтаар хийдэг. Тэр ч утгаараа хэт их давс хүний биед орохоор эсийн түвшиндээ хатаах, судас хатууруулах, нарийсгах процесс ядагддаг. Үүнээс үүдэлтэйгээр тархинд цус харвах, зүрх судасны өвчний эмгэг үүсээд байгаа. Мөн давсны хэт их хэрэлээ шээсээр гадагшлахгүй хуримтлагдсаар бөөрний чулуу үүсгэн бөөрний үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг гээд олон жишээ дурдаж болно. Илт мэдэгдэж байгаа сөрөг нөлөөг арилгахын тулд давс багасгаж хэрэглэснээр эрсдэлт хүчин зүйл халдварт бус өвчнөөс сэргийлж болно.