Фэйсбүүк компанийн тусгай аппликэйшн болох WhatsApp fake news буюу хуурамч мэдээлэл тархахаас сэргийлэн мессежийн үйлчилгээндээ шинэ тохируулгатай болжээ. Уг тохируулгаар аливаа нэг мессежийг тав хүртэлх хүн рүү forward буюу дамжуулан илгээх хязгаарлалт хийжээ. Өмнө нь нэг мессежийг 20 хүртэлх групп эсвэл хэрэглэгчрүү илгээж болдог байсан юм. Мөн мессеж тохируулгын уг хязгаарлалт зөвхөн Энэтхэг улсын хэрэглэгчдэд хамааралтай байсан нь одоо дэлхий даяарх, WhatsApp-ийн бүх хэрэглэгчдэд хамааралтай болж буй.
2018 оны эцсээр 1.5 тэрбум хэрэглэгчтэй гэж зарлаж байсан WhatsApp хуурамч мэдээлэл, хуурамч зураг, бичлэг тэмцэх, таслан зогсоох аргыг олохоор багагүй хугацааны турш ажилласан. Учир нь хуурамч мэдээлэл, зураг, бичлэгтэй холбоотой олон зүйлд нэр холбогдож байлаа. Тухайлбал, өнгөрсөн оны аравдугаар сард болсон Бразилын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигч Жайр Болсонаро өрсөлдөгчийнхөө эсрэг мэдээллийг WhatsApp ашиглан тараасан гэдгээр нэр хүнд нь унасан. Харамсалтай нь WhatsApp дээр илгээгдэж буй зүйлсийг илгээсэн эсвэл хүлээн авсан хэрэглэгчээс өөр хэн нэгэн тэр байтугай WhatsApp ч өөрөө харах, хянах боломжгүйд хамаг зангилаа нь байсан юм. Энэ алдаагаа WhatsApp-ийнхан “end-to-end encryption” гэх мэдээллийг гуравдагч этгээдээс хамгаалах арга ашигладагтайгаа холбон тайлбарладаг байсан билээ.