Гадаадын хөрөнгө санхүүжилт нэмэгдэж, эдийн засагт нааштай үзүүлэлтүүд гарсан нь хямралд автаад байсан олон салбар эргээд сэргэх нөхцлийг бүрдүүлсэн юм. Тухайлбал, барилгын салбар үүнд нэрлэгдэнэ.

Тэр ч утгаараа өнгөрсөн жилийг манай улс бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, 127 цэцэрлэг, 93 сургууль барих тухай тунхагласан байдаг. Тэгвэл энэ онд ч гэсэн бүтээн байгуулалт нэмэгдүүлэхээр төсөвт тусгасан. Өөрөөр хэлбэл, баг, сумын Тамгын газрын 41 барилгыг барихаар төсөвт тусгаад буй. Үүнд 42 тэрбум төгрөг зарцуулна. Үүнээс гадна 36 суманд Соёлын төв барина. Үүнийг судлаачид төсвийн зарлага нэмүү өртөг шингээсэн, цаашид орлого олох зүйлд бус урсгал зардал ихсэх барилгуудад зарцуулсан хэмээн шүүмжлээд буй. Харин энэ бүтээн байгуулалт барилгын салбарынханд ихээхэн чухал зүйл байх юм. Салбарын яамнаас гаргасан судалгаагаар уг салбарт 100 гаруй мянган хүн ажилладаг. Гэхдээ үүнийг яг нарийн тоо гэхэд хэцүү. Учир нь улирлын чанартайгаар эл салбарын ажилчид хөдөлгөөнтэй байдаг юм. Тэгэхээр энэ тоо 60 гаруй мянга гэдэг мэдээллийг бусад судалгааны байгууллагаас гаргажээ.

Гэхдээ сүүлийн жилүүдэд барилгын салбарт ажиллах залуусын тоо эрс багасч байгаа аж. Энэ онд ч тоо багасах төлөвтэй. Ийнхүү ажиллах хүчний хомсдолд ороход дараах шалтгаан байгаа аж. Нэгдүгээрт, залуус гадаадад ажиллахаар явах болсон нь нөлөөлсөн байна. Албан бус мэдээллээр гадаадад манай 150 гаруй мянган иргэн байдаг. БНСУ-д  Монгол Улсын 49300 иргэн ажиллаж, амьдарч байна.Жил ирэх тусам тус улсыг зорих монгол иргэдийн цуваа нэмэгддэг. 2014 онд Монголын 64.9 мянган иргэн БНСУ-д зорчих виз авч байсан бол 2017 онд 108.1 мянга болж өссөн байна. Энэ нь тус салбарын ажиллах хүчинд нөлөөлж байгаа аж. Хоёрдугаарт, уул уурхайн салбарт ажиллах сонирхол болон тус салбарын хөрөнгө оруулалттай холбоотой аж.

Г.Батсүх: Орон сууцны эрэлт, нийлүүлэлтийг зах зээлийн журмаар нь орхих хэрэгтэй

Барилгын салбарын чиг хандлага, материалын үнийн өсөлтийн талаар “Барилгачин залуучуудын бизнес” уулзалтын үеэр “Барилга.мн” төвийн захирал Г.Батсүхээс тодрууллаа.

-Барилгын салбар 2016 оноос уналттай байсан. Сүүлийн хоёр жил эдийн засагтай холбоотойгоор сэргэсэн. Цаашдаа төлвийн талаар мэдээлэл өгөхгүй юү?

-2008 оноос эрчимтэй өсөж байсан салбар эдийн засгийн хүндхэн нөхцөл байдалтай холбоотойгоор унасан. Гэхдээ сүүлийн хоёр жил амжилттай байгаа. Энэ онд ч гэсэн барилгын салбар өсөлттэй байна. Учир нь эдийн засагтайгаа шууд холбогддог салбар шүү дээ.

-Нэг талдаа нийгэмд орон сууцтай болох иргэдийн эрэлт байдаг. Нөгөө талдаа сул орон сууцууд ч олон бий. Ер нь бол нийлүүлэлт эрэлтээс нэлээн давсан байгаа шүү дээ. Үүнийг уялдуулах талаар олон талын байр суурь нийгэмд өрнөдөг. Үнэтэй холбоотой асуудал ч яригддаг. Таныхаар бол хэрхэн уялдуулах вэ?

-Төрөөс хүчээр үнэ бууруулж энэ асуудлыг шийдэх боломжгүй. Үүнийг зах зээлийн зарчмаар нь орхих хэрэгтэй. Гэхдээ төрөөс энэ асуудлыг шийдвэрлэх бодлогууд байж болно. Энэ онд ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмсэн нь чухал зүйл.

-Танайхаас барилгын материалын үнэ ханшийн прогнозыг гаргадаг. Энэ хавар барилгын гол материалын үнэ ямар байх төлөвтэй байна вэ?

-Үнэ энэ онд өснө. Ер нь жилийн жилд өсөөд байгаа. Импортоор орж ирж буй бүтээгдэхүүнтэй холбоотой. Манай улсад валютын ханш нэмэгдсээр л байна шүү дээ

Манай улс цементний хэд хэдэн үйлдвэртэй. Гэвч цементний үнэ жилийн дотор 10 хувиар өссөн гэдэг дүнг салбарынхан гаргаад байсан. Үүнийг түүхий эдийн үнэ, үйлдвэрлэлийн зардалтай холбон мэргэжлийнхэн тайлбарлаад буй. Арматурын төмрийн хувьд 2017 онд сая 250 мянган төгрөгийн үнэтэй байсан бол 2018 онд 800 мянга болтлоо өссөн байна. Арматурын төмрийг манай улс 100 хувь импортоор оруулж ирдэг. . Дарханы төмөрлөгийн үйлдвэр гэхэд арматур биш ган үйлдвэрлэдэг болсон. Ийнхүү дотоодын үйлдвэрүүд хумигдсаар байгаа нь нэг талаасаа хаягдал төмрийн нөөц багассантай холбоотой. Нөгөө талаас импортын арматурын төмөр нь валютын ханшаас шалтгаалан үнэ нь нэмэгдсэн. Мөн дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өссөнөөс үүдэн манай улсад арматурын үнэ өсдөг. Туул голын сав дагуух хайрга олборлох үйлдвэрүүд хаагдсантай холбоотойгоор барилгын гол материал болох хайрга, дайрганы үнэ өсөж, олдоц ч багасаад буй. Тиймээс хайргыг холоос тээвэрлэх шаардлага тулгарч буй тул тээврийн зардлаас шалтгаалан үнэ нь нэмэгддэг.