Дөрвөн жилд ганц удаа тохиодог хоёрдугаар сарын 29-ний өдөр өчигдөр болж өнгөрлөө. Өндөр жилийн энэ өдөр бол эмэгтэй хүн эр хүнийг гуйж болдог өдөр гэнэ. Энэхүү ёс нь бүр 11-р зууны үеээс Ирландын уламжлалаас үүдэлтэй аж. Зөвшөөрөөгүй эрд дахин эмэгтэй олддоггүй гэж үздэг бөгөөд их хэмжээний мөнгөн торгууль ч төлөх шаардлагатай гэнэ.
Тэгвэл энэ өдөр хайрт залуудаа гэрлэх санал тавихаар эрс шийдсэн эмэгтэйчүүдийг хэрхэн нөхрөө гуйсныг сонирхъё.
Молли Гибней гэх Англи бүсгүй 1460 өдөрт ганц тохиох уг өдөр найз залуудаа гэрлэх саналыг маш өвөрмөцөөр тавьсан гэнэ. Тэрээр Их Британийн Бристол хотод байрладаг тэдний хувьд дурсгамж дүүрэн таван өөр газар “Will you marry me?” буюу “Надтай гэрлээч” хэмээн 5 цаасан дээр бичиж барьсан гэрэл зургаа авхуулж санал тавьсан байна.





Түүнчлэн Молли санал тавихаасаа өмнө өөрийн гэр бүлээс уламжлагдан ирсэн бөгжөө хайлуулж өөртөө болон найз залуудаа хэдийнэ бөгж хийлгэсэн байжээ. Ийнхүү тэд сүй тавьсан байна.
Эмилиа Рибеиро гэх Бразил эмэгтэй найз залуутайгаа таван жил амьдарсны эцэст өөрөө гэрлэх санал тавьсан байна. Тэрээр “Бидний хэн нь ч энэ үгийг хэлэх бэлтгэлтгүй байсан учир би мартагдахааргүй бөгөөд ямар ч үг хэлэхгүйгээр санал тавихаар шийдсэн” хэмээн хэлсэн юм.

Ийнхүү гэрлэх санал тавихаар эрс шийдсэн бүсгүй хоёрдугаар сарын 29-ны өдөр Бонито гэх жижиг далайд усанд шумбах аялал хийхээр найз залуугаа дагуулж явсан байна. Тэрээр тус далайн мастерын тусламжтайгаар усан доор найз залуудаа амжилттай гэрлэх саналыг тавьжээ. Хэдийгээр түүний найз залуу саналд нь “тийм” гэж яг хэлээгүй ч одоо тэд гэр бүл болон аз жаргалтай амьдарч байна. “Бидний нийгэм эрэгтэй хүн л эмэгтэй хүнээс гэрлэх санал тавих ёстой гэж шаарддаг ч, өөртөө итгэлгүй байдлаас болж жинхэнэ хайраа алдаж ч болно шүү дээ” хэмээн тэрээр хэлсэн юм.


Флавиа Массукатр гэх эмэгтэй найз залуудаа мөн л гэрлэх санал тавихаар байнга үйлчлүүлдэг байсан Бразилын Сорокоба хотын Берлин хэмээх зоогийн газарт очжээ. Тэрээр уг зоогийн газрын том талбайд уг саналаа тавихаар шийдэж өөрийн болон найз залуугийнхаа гэр бүл, найзуудтай нь хуйвалдан санал тавихад хэрэглэгдэх бүх зүйлсийг нуужээ. Түүнчлэн тус газрын зөөгчтэй нь хүртэл ярилцан тохиролцсон гэнэ. Хайрт залууг нь зоогийн газарт орж ирсний дараа түүнээс зөөгч машинаа шалгахыг хүсээд, уг талбай руу гаргаж ирсэн байна. Гэтэл гэнэт Флавиа бүсгүй микрофоноор уг талбайгаас гэрлэх саналыг тавьсан байна. Тэр үед найз залуугийнх нь найз болон гэр бүлийнхэн нь ч бүгд цугласан байжээ. Энэ үйл явдлаас хойш хэдхэн сарын дараа тэд гэрлэсэн байна.



Ийнхүү хоёрдугаар сарын 29-ны өдөр олон арван эмэгтэй хайртай залуудаа гэрлэх саналыг тавихаар эрс шийддэг байна.