Ус бол хүн төрөлхтний үнэт хэрэгцээ бөгөөд түүнийг юугаар ч орлуулж болохгүй. Тэгвэл хүн ам нь аливаа улсын “ус” юм. Усны химийн аргаар гаргаж авах боломжгүй үнэт чанарыг хүний эх орноо гэсэн ундарсан их хайртай зүйрлэж болно. Мөн хүн усгүйгээр амьдрах аргагүйтэй адил өөрийн гэсэн иргэнгүйгээр улс оршихгүй. Эргээд эх оронгүйгээр хүн өөрөө хэн ч биш болно. Эх орон, хүн гэдэг ийм л “ургийн” холбоотой. Тэгвэл эх үрийн холбоотой хүн гэгч яагаад эх орноосоо гадагшаа “урсана” вэ.
Монгол Улс 3.2 сая хүн амтай. Жилд ойролцоогоор 70 гаруй мянган хүн мэндэлж, 10 гаруй мянга нь мөнх бусыг үзүүлдэг. Нийслэлд 1.4 сая орчим хүн оршин суудаг. Жил бүр хөдөөнөөс хотыг зорих хүний тоо нэмэгдэж байгаа. Учир нь, орон нутагт ажлын байр хомс. Мал аж ахуйгаас олох орлого нь амьдралд нь хүрэлцдэггүй. Ингээд хотод л сайхан амьдрал байгаа юм шиг санан нийслэлийг зорьдог. Зах хязгаараас төв рүү чиглэсэн энэ урсгалаас болж 500 мянган хүн амьдрахаар анх төлөвлөгдсөн нийслэлдээ шахцалдаж байна. Үйлдвэрлэл байхгүй, бүтээн байгуулалт нь улирлын чанартай нийслэлд жил бүр орон нутгаас шилжин ирэгсдийг ажлын байраар хангах боломж хомс. Ажил хийлээ ч цалин нь хумсын чинээ. Тиймээс нэг хэсэг нь нийслэл рүү хошуурч байгаатай зэрэгцэн, ажиллах, сурахаар зорилгоор зарим хэсэг нь харь орныг зорьж байна.
БНСУ-д 49 мянган монгол хүн амьдарч байна
2018 оны байдлаар БНСУ-д Монгол Улсын 49300 иргэн ажиллаж, амьдарч байна. Тэдний таван мянга нь оюутан ажээ. Жил ирэх тусам тус улсыг зорих Монгол иргэдийн цуваа нэмэгддэг. 2014 онд Монголын 64.9 мянган иргэн БНСУ-д зорчих виз авсан бол 2017 онд 108.1 мянга болж өсжээ. Харин Засгийн газрын гэрээний дагуу 2011 оноос хойш 6000 орчим иргэнийг Солонгос улс руу ажиллах хүчин болгож илгээгээд байна. Тус улс өнгөрсөн намар олон удаа зорчих визний журамдаа өөрчлөлт оруулсан юм. Ингэснээр шинэчлэгдсэн визний нөхцөлөөр эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш, хэвлэл мэдээллийн ажилтан зэрэг мэргэжлийн салбарын нэг жилд 500 сая төгрөгөөс дээш татвар төлөгч, эсвэл шилдэг татвар төлөгч ТОП 100 аж ахуйн нэгжид жилээс дээш хугацаагаар ажиллаж буй хэлтсийн дарга болон түүнээс дээш албан тушаалтан зорчиход илүү хялбар болсон. Мөн БНСУ-ын дөрвөн жилийн сургалттай их, дээд сургуульд бакалавр болон түүнээс дээш зэрэг хамгаалсан иргэн, урлаг, соёл, спортын салбарын нэрт зүтгэлтэн, 500 сая төгрөгөөс дээш хувийн үл хөдлөх болон санхүүгийн хөрөнгө эзэмшигч нарт тухайн улсад зорчих боломж илүү нээлттэй болсон юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:
Ажилгүйдлийн түвшин өндөр байгаа учраас залуучууд гадагшаа гарч хөдөлмөр эрхлэх сонирхол нь нэмэгдэж байна. Эдийн засгийн байдал тогтворжоод, дотооддоо ажлын байрны хүрэлцээ олдоц нь нэмэгдээд ирвэл нутагтаа ажиллах сонирхолтой болох байх. Гадаадаас дутахааргүй хэмжээний цалинг дотоодоосоо авдаг болчихвол залуучуудын Монголдоо ирж ажиллах сонирхол ихэснэ. Монгол Улсын эдийн засаг 2012 онд 17 хувийн өндөр өсөлттэй байхад гадаадад ажиллаж байсан залуус Монголдоо олноороо эргэж ирсэн.
Дөрвөн жилийн өмнө буюу 2015 онд манай улсын нийт хүн амын дөрөв, нийслэлийн хүн амын ес, хөдөө орон нутагт бүртгэлтэй хүн амын 26 хувь нь хилийн чинадад амьдарч байгаа тухай албан тооцооллыг гаргаж танилцуулж байлаа
Хамгийн сүүлийн үеийн статистик мэдээнд манай улсын 150 гаруй мянган иргэн гадаадад бий гэж дурдсан байдаг. Гэхдээ энэ нь баттай тоо биш гэдгийг онцолъё. Учир нь, манай улс 2010 оноос хойш хүн амын нэгдсэн тооллого хийгээгүй бөгөөд гадаадад суугаа монголчуудынхаа тоог бүрэн гаргаж чаддаггүй юм. Өдгөөгөөс дөрвөн жилийн өмнө буюу 2015 онд манай улсын нийт хүн амын дөрөв, нийслэлийн хүн амын ес, хөдөө орон нутагт бүртгэлтэй хүн амын 26 хувь нь хилийн чинадад амьдарч байгаа тухай албан тооцооллыг гаргаж танилцуулж байлаа. Манай улсын иргэд хоёр хэлбэрээр гадаадад ажиллаж байна. Нэгдүгээрт, Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу ажиллаж байгаа бол хоёрдугаарт, иргэд хувиараа тухайн оронд очиж хөдөлмөр эрхэлдэг. Мэдээж Засгийн газар хоорондын гэрээний дагуу иргэд хөдөлмөр эрхэлвэл нийгмийн халамж, эрүүл мэндийн байдал нь баталгаатай. Гэхдээ Засгийн газар хоорондын гэрээгээр манай улс зөвхөн БНСУ руу ажиллах хүч илгээдэг. Харин бусад улсад бол хувиараа хөдөлмөр эрхэлж байна. Энэхүү гэрээний хүрээнд өнгөрсөн онд 826 хүн тус улс руу хөдөлмөр эрхлэхээр явжээ. Үүний 115 нь эмэгтэй ажилчин. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдэд БНСУ-ын аж үйлдвэрийн салбарын нийт 34 дэд салбараас ажилчин авах санал ирдэг боловч эмэгтэй ажилчдыг 5-9 дэд салбарт ажиллуулдаг байна. Тухайлбал, хүнсний, оёдлын, даавууны, тавилгын, хэвлэлийн, цахилгаан тоног төхөөрөмжийн зэрэг үйлдвэрүүд багтдаг ажээ.
Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа:
Иргэд аль болох албан журмынх нь дагуу гадаадад хөдөлмөр эрхлэх хэрэгтэй. Ингэснээр гадаадад ажиллаж байгаа иргэд маань эрүүл мэнд болон нийгмийн хамгааллын асуудлаа тухайн орны ажиллагсадтай ижил түвшинд шийдүүлэх, эрхээ хамгаалуулах боломжтой болдог. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр гадаад улсад ажиллаж, амьдарч байгаад ирсэн иргэдэд зориулсан хөтөлбөр бий. Өөрөөр хэлбэл, тухайн улсад хийж байсан ажил, дадлага туршлагынхаа дагуу өөрөө өөртөө ажлын байр бий болгоод явахад нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тав хүртэлх сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлдэг. Үүнийг гурван жилийн дотор эргүүлэн санд төвлөрүүлэх үүрэгтэй.
Харамсалтай нь, харийг зорьсон хүмүүс эргэж ирэх сонирхолгүй байдаг гэнэ. Олон улсын шилжих хөдөлгөөний байгууллага хилийн чинадад суугаа монголчуудын дунд санал асуулга явуулахад гадаадад олон жил ажиллаж, амьдарсан иргэд Монголдоо эргэж очихыг хүсдэг ч чаддаггүй тухайгаа илэрхийлсэн байна. Учир нь, эх орондоо ирэхээр амьдралд нь хүрэлцэхүйц хэмжээний цалин өгдөггүй. Мөн олон жил гадаадад амьдраад эргээд ирэхэд ямар ч карьер, байр суурьгүй болсон байдаг тухайгаа өгүүлжээ. Эх орондоо ирж чаддаггүй дараагийн шалтгаан нь “Ирээд юу хийх вэ” гэдэг асуудал. Ямар нэгэн бизнес эрхлэх, үйлдвэрлэл явуулах гэхээр зах зээл, хууль, эрх зүйн орчин гэх мэтээс шалтгаалаад явцгүй байдаг гэдгээ учирлажээ. Манай улсад ядуурлын түвшин 29.6 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, гурван хүн тутмын нэг нь ядуу. Сарын цалин нь амьжиргаандаа хүрэхгүй. Мөн агаарын бохирдол, эмнэлгийн хүрэлцээ гэх мэт амьдрах нөхцөл тун хүнд гэдэг шалтгааныг хүртэл дурддаг байна. Тиймээс дотоодын ажлын байраа дэмжиж, тэдний амьдрах, эргэж ирээд амьдралаа залгуулах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхгүй бол Монголын хүн ам гадагшаа “урссаар” байх нь.
2018 онд 490 хүн Монгол Улсын иргэншлээс гарчээ
Бүр Монгол Улсын иргэншлээ солиулж нэгмөсөн явах иргэдийн тоо ч жилээс жилд нэмэгдэж байгааг Гадаадын иргэн харьяатын газраас мэдээлсэн. Тухайн байгуулагаас өгсөн мэдээллээр өнгөрсөн 2018 онд 490 хүн Монгол Улсын иргэншлээ солиулсан байна. Эдгээрийн 200 гаруй нь Казахстан, 100 гаруй нь Германыг зорьжээ. Өнгөрсөн жилүүдийн статистикийг харвал энэ тоо ирэх жилүүдэд улам өснө үү гэхээс буурахгүй бололтой. 2014 онд 85 хүн иргэншлээсээ татгалзсан бол 2015 онд 129, 2016 онд 307, 2018 онд 490 болон нэмэгджээ.