Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх шийдвэр гаргажээ. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. Тэрээр "Төрийн албан хаагч нарын цалин, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Засгийн газар 2019 онд төрийн албан хаагчдын цалин нэмэхэд зориулж 267 тэрбум төгрөг туөсөвт тусгасан. Үүнийхээ дагуу шийдвэр гаргаж байгаа юм. Цалин нэмэхдээ хэд хэдэн зарчим баримталж байгаа. 191 мянган төрийн албан хаагч бий. Эдгээр төрийн албан хаагчийн цалинг нэгдүгээр сарын 1-нэээс тооцож нэмнэ. Цалингийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулж нэмэх ётсой. Үүнийхээ дагуу инфляц найман хувьтай байгаа учраас найман хувиар нэмж байна.

2018 оны есдүгээр сарын 1-нээс багш, эмч нарын цалинг найман хувиар нэмсэн. Энэ нэмэлтэд хамрагдаагүй төрийн албан хаагчдын цалинг 16 хувиар нэмж байгаа. Ингэж цалингийн зөрүүг арилгаж байгаа юм. Мөн боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалин бусад төрийн үйлчилгээний албан хаагчдаас ялгаатай байдаг гэсэн шүүмжлэл гардаг. Тиймээс энэ зөрүүг арилгах үүднээс боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалинг тусад 4.3 хувиар нэмж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалин 12.3 хувиар нэмэгдэж байгаа гэсэн үг. Мөн ажлын байранд хийсэн судалгааг үндэслэж ангилал, зэрэглэлийг нь шинэчлэх арга хэмжээ авсан. Ингэснээр багш ,эмч нарын цалин энэ сарын 1-нээс 20 хувиар нэмэгдэж байгаа гэж ойлгож болно. Төрийн албан хаагчдын цалин 2018 оны байдлаар 804 мянган төгрөг байсан бол цалин нэмснээр 916 мянган төгрөг болж байгаа юм" гэлээ.