Хэвтэн эмчлүүлэгсдийн 80 хувь нь 4 хүртэлх насныхан байна

Манай улсын хувьд эрс тэс хүйтэн уур амьсгал дээр нь ДЭМБ-аас гаргасан тооцооллоос 30 дахин их хортой агаараар амьсгалдагийн хувьд томуугийн өвчлөл дэгдэлт хэлбэрээр тархдаг байна. Хүн амын дунд өнгөрсөн 7 хоногоос томуугийн А хүрээний  H1N1 вирус тархаж эхэлсэн байна. Бусад төрлийн вирустэй харьцуулахад энэ вирусээр өвчилсөн тохиолдолд хоруу чанар ихтэй байдаг. Тиймээс хүүхдийнхээ асаргаа сувилгаан дээр анхаарч аль болох гэрийн нөхцөлд эмчлэхийг ЭМЯ-аас зөвлөж байна.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл " Сүүлийн долоо хоногийн мэдээгээр томуугийн өвчлөл  амбулаторийн үзлэгийн 6.9 хувийг эзлэн өмнөх оны мөн үеийнхээс 6.2 хувиар бага байгаа ч эмнэлэгт хэвтэх хүүхдийн тоо өндөр байна. Энэ жилийн томуу клиникийн хувьд хүндрэл ихтэй явагдаж байна.  Жишээ  нь өнгөрсөн оны нэгдүгээр сарын 3-нд 75 хүүхэд томуугийн улмаас хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдөр 210 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа. Одоогийн байдлаар хүн амын дунд риновирус буюу хамар залгиурын  үрэвсэл үүсгэж бронхит, астма үүсгэдэг томуу тархаад байна. 14 хоногийн өмнөөс томуугийн  А хүрээний Н1 буюу улирлын томуугийн вирус ялгарч эхэлсэн. Энэ вирусээр өвчилсөн тохиолдолд богино хугацаанд уушгины хатгаа хүндрэх онцлогтой байгаа учраас эцэг эхчүүд нэлээд анхаарах хэрэгтэй байна" гэлээ.

Эмнэлгийн ачаалал хэтэрч, хүүхдүүд коридорт хэвтэн эмчлүүлсэн талаар цахим орчинд цацагдсан. Энэ дүр зураг өнгөрсөн өдрүүдэд нийслэлийн ихэнхи эмнэлгүүдэд нийтлэг байжээ.

-Томчууд өвдөөд өөрсдийгөө тоолгүй орхисноор хоёр уушги нь ажиллагаагүй болтлоо хүндрээд ирж байна-

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ "Сүүлийн долоо хоногт буюу арванхоёрдугаар  сарын 20-наас 2019 оны нэгдүгээр сарын 5-ны өдрүүдэд ачаалал маш их хүнд байсан. Өдөрт амбулаториор 140-200 хүүхэд үзүүлэн 60-70 хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан. Бид бүхий л хүчин чадлаараа ажиллан өдөртөө 6-7 эмч ажиллуулан жижүүртэй хонуулсан. Би ч гэсэн долоо хоног эмнэлэг дээрээ байлаа. Томуугийн хэвтэлт өндөр болоод ирэхээр бид хурлын заалаа сулладаг, 20 гаруй ор дэлгэн ажилласан. Харин өчигдрөөс байдал намжин хурлын заал руу хүүхэд орсонгүй хоосон хонолоо. Хүүхдүүд хэвтэн эмчлүүлэх нь өчигдрөөс 50 хувь буурсан. Гэхдээ анхаарах зүйл маш их байна. Хүүхэд том хүн ялгаагүй маш их хүндэрч байна. Том хүний сэхээнд бид өнөөдөр 10 том хүнтэй байгаагаас гурав нь амьсгалын дутагдлын улмаас аппараттай байна. Хоёр уушиг нь битүү хатгаатай, уушгины хатгаа хүндэрсэн, идээлсэн, буглаа болсон гээд хүндрэл ихтэй байна. Манайхан хүүхэд өвдлөө гээд гүйгээд ард нь аав, ээж нар өөрсдийгөө гаргуунд нь хаяж, эцсийнхээ шатанд буюу хоёр уушги нь ажиллагаагүй болтлоо хүндрээд   ирж байна. Бид өөрсдөө Солонгос, Японоос  тест аван ямар хүрээний томуугийн вирус байна гэдгийг шинжилж байгаа. Шинжилгээгээр А хүрээний вирус гарлаа гэдгийг нотлон түүний эмчилгээг хийж байна"

Ачаалал их байгаатай зэрэгцээд эцэг эхчүүд халуурч бачуурсан үрсээ дагуулаад эмнэлэгт дугаарлахдаа бухимдлаа эмч эмнэлгийн ажилчид гаргадаг аж. Эрүүл мэндийн салбар эмчилдэг газар болохоос бус стресс тайлдаг газар биш  гэж Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга, ерөнхий эмч М.Чимгээ эмч учирлалаа.

-Эмчийн зааваргүй эм хэрэглэснээс хүүхдийн өвчин хүндэрч, эдгэрэлт удааширч байна-

Тэгвэл ЭХЭМҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн хүлээн авах хэсэг ихэвчлэн шөнийн цагаар  ачаалалтай байдаг байна. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулж үзэхэд ачаалал нэмэгдсэн талаар тэд хэлсэн юм.

ЭХЭМҮТ-ийн амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийн эмч Б.Ариунхишиг  "ЭХЭМҮТ одоогийн байдлаар ачаалалтай байгаа ч гамшгийн хэмжээнд хүрээгүй. Амралтын өдөр шөнөдөө хүлээн авах яаралтай тасгаар 390 орчим хүүхэд үзүүлж байна. Томуугийн улирлын үед энэ тоо 200-300 дөхдөг. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийнхээ тооноос үүдэлтэйгээр тасгийн ачаалал нэмэгдэж байгаа. Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасаг маань 40 ортой одоогоор  58 хүүхэдтэй байна. Бид нөөц бололцоогоороо өрөө гарган хүчилтөрөгчтэй ортой өрөөнд хүүхдүүдээ хүлээн авч байгаа" гэв.

Сүүлийн үед ачаалал нэмэгдэн хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн тоо ихэссэн. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн тусламж үйлчилгээний зохицуулагч эмч Б.Бат-Амгалан "ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасгаар хоёр хоногт 330-345 хүүхэд үйлчлүүлсэн. Бид хүүхдүүдээ хүлээн авахдаа эрэмбэлэн ангилал хийдэг. Ингэхдээ тухайн хүүхдэд аюултай ерөнхий шинж байна уу, дугаарлан үйлчлүүлж болох уу гэдгийг шийддэг болохоос буцааж байгаа зүйл байхгүй. Өндөр халуурч, бөгшүүлж ханиалгасан хүүхдүүд их ирж байна" гэв.

Эрүүл мэндийн гуравдугаар шатлалын байгууллагаар үйлчлүүлж байгаа бол эрэмбэлэн ангилна. Энэхүү ангилал дотроо улаан, шар, ногоон карттай таныг хүүхдээ үзүүлэхээр очиход өгдөг хуудас дээр өнгөөр ангилан бичдэг. Хэрвээ таны хүүхэд шар өнгийн карттай бол дугаарлахгүйгээр эмчид үзүүлж эмнэлгийн анхан шатны тусламжийг нэн даруй авах шаардлагатай гэсэн үг. Харин  ногоон карттай бол дарааллын дагуу тусламж үйлчилгээ үзүүлэх юм.

Томуугийн өвчлөлтэй холбоотой  эмнэлгийн эмч нар , эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүдтэй уулзахад нэг зүйлийг ахин дахин сануулан хэлсэн нь хүүхдэд өөрсдийн дураар антибиотик уулгадаг явдлаа цэгнэх тухай байлаа.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлж байгаагаар зарим эмнэлгүүдэд шаардлагатай эм бэлдмэлийг олгожээ. Томуугийн дэгдэлтээс өмнө цэцэрлэгийн багачуудыг, зарим жирэмсэн эмэгтэйчүүдий вакцинжуулсан байна. Өвчлөгсдөөс шинжилгээ авч А хүрээний вирус болохыг тогтоосон ч олон төрлийн вирус тархсан гэдгийг ч хэлж байна. Харин өвчтөн бүрээс шинжилгээ авч ямар төрлийн вирусээр өвчилсөн болохыг тогтоох боломжгүй аж.

Дэлхийн жишгийг авч үзвэл өвчлөгсөд ямар вирусээр өвчилсөн болохыг шинжилж тогтоогоод түүнд нь таарсан эм хэрэглэхийг зөвлөдөг. Харин манай улсад хүн амын дунд нийтлэг тархсан вирусийн халдварыг тандахын тулд түүврийн аргаар судалгаа авдаг байна. Амбулаториор эмчлүүлэгчдийн 7 орчим хувь нь томуу гэж оношлогдоод байгаа юм. Харин таны хүүхэд хэвтэж эмчлүүлсэн бол багадаа 14 хоногийн хугацаанд тэжээллэг хоол хүнс халуун бүлээн шингэн уулгах, олон хүнтэй газраар авч явахгүй байх зэрэг энгийн боловч хамгийн чухал зөвлөгөөг дагах шаардлагатай.