Гал тогоогоо бүрэн эзэмшиж, ямар ч хоолыг хурдан хийхэд туслах зальжин аргуудыг танилцуулж байна.

Сармис арилгах

Богино долгионы зууханд 20 секунд халаасны дараа сармисны хальс маш хурдан хуулардаг байна.

Цагаан гаа цэвэрлэх

Амны том халбаганы хумбагар хэсгээр нь үрэснээр хутга болон тусгай хальслагчаар цэвэрлэдгээсээ илүү нимгэн бас хурдан арилгаж чадна.

Загас шарахдаа

Ил гал буюу грилл зуух дээр загас шарахдаа түлэхгүйгээр амттай сайхан болгохын тулд загасныхаа махны дор зүсэм нимбэг тавиарай. Нимбэгнээс гарсан шүүс загасны маханд шингэж амттай болгохын зэрэгцээ түлэгдэхээс сэргийлнэ.

Пицца халаахдаа

Халаасан пицца ёроол нь түлэгдсэн, эсвэл бяслаг нь хатаж онцгүй болох нь бий. Үүнээс сэргийлэхийн тулд богино долгионы зуухандаа пиццагаа стакантай устай хамт хийгээрэй. Богино долгионоор халаах явцад ус ууршсанаар пицца чинь халуун зуухнаас дөнгөж гарсан мэт зөөлөн, халуун болсон байх болно.

Үрлэн улаан лооль хэрчихдээ

Cherry tomatoe буюу бидний нэрлэдгээр үрлэн улаан лооль хэрчих нь цаг их авдаг, залхуутай ажил байдаг. Тэгвэл хоолны тавгийг ёроолоор нь нийлүүлэн дунд нь үрлэн улаан лоолиудаа хийн дээд тавгийг нь сайн дарж байгаад хэрчээрэй.

Сонгино хэрчихдээ

Аагтай сонгино хэрчихэд нүдний нулимс эрхгүй урсдаг. Сонгинын ааганд уйлахгүйн тулд хэрчихээсээ хэдэн минутын өмнө хөлдөөгчиндөө хэсэг байлгаарай.

Дүрдэг цай

Дүрдэг цайны амт хэдэн хэмийн халуун усанд, хэр удаан байлгахаас шалтгаалан өөр өөр байдаг. Мэдээж үүн дээр ямар төрлийн цай гэдэг нь ч нөлөөлнө.

Гадилаа удаан хадгалая гэвэл

Идэх дуртай гадил жимсээ удаан хадгалахын тулд хөргөгчиндөө биш харин ил тавих хэрэгтэй гэнэ. Ингэхдээ бүхэлд нь уутаар ороох биш зөвхөн иш хэсгийг нимгэн уутаар баглах буюу мөнгөлөг цаасаар бооход л хангалттай. Ишийг нь ороосон гадилыг 3-5 хоног хадгалж болно.

Шүүслэг таташ

Ил гал дээр шарсан амттай, шүүслэг махан таташт дургүй хэн байх билээ. Гэхдээ ил гал дээр гриллдэж шарах үед махан таташны шүүс ууршиж, аргуу болох гээд байдаг талтай. Ийм үед махан таташныхаа дээр багахан мөс тавьж өгснөөр шүүслэг болгож чадна.

Хутга биш хайч

Гал тогооны цуглуулга дунд хайч байх нь элбэг. Олон хүний эндүү боддог шигээр энэ нь зөвхөн уут, цаасны амсрыг онгойлгоход биш харин мах ногоог жижиглэхэд ашиглагддаг байна.

Хүйтэн ундаа уухыг хүсвэл

Лааз болон шилтэй ундааг хурдан хөргөх хамгийн шалгарсан арга нь нойтон алчуур, амны цаасанд боон хөлдөөгчиндөө хийх юм.

Жигнэмэг хадгалахдаа

Дуртай жигнэмэгээ битүү саванд хадгалсан ч хатаад байна уу. Тэгвэл жигнэмэгэн дундаа нэг зүсэм алим хийгээд үзээрэй. Алиманд агуулагдах чийг дуртай амттанг чинь зөөлөн хэвээр байхад туслана.