1493 он- Америк тивийг нээсэн Христофер Колумб буцах замдаа гарлаа.Гол хөлөг онгоцоо шүрэн цохионд мөргүүлэн сүйтгэсэн багийнхан хамгийн жижиг “Ниньо” хөлгөөр нутаг буцсан юм.
1494 он- Черногорын нийслэл Цетин хотын захирагчид 270 хуудастай “Осмогласник” гэх славянчуудын анхны номыг кирилл үсгээр хэвлэн гаргажээ.
1772 он- II Екатерина хатан хааны заавраар Парисаас худалдан авсан 158 уран зургийг Эрмитажид авчирчээ. Францын соён гийгүүлэгч Дидрогийн тусламжтайгаар хатан хаан Пьер Кроза гэх хамгийн нэртэй цуглуулагчийн зургуудыг худалдан авсан байв. Европт тухайн үедээ ихээхэн дуулиан болсон энэ үйлдлээрээ хатан хаан 19-р зуунд улсын бодлого болсон зураг цуглуулах уламжлалыг эхлүүлжээ.
1885 он - Америкийн Айова мужийн Уильяам Грант гэдэг эмч мухар олгой авах анхны мэс заслыг амжилттай хийлээ.
1896 он- Юта муж албан ёсоор АНУ-ын 45 дахь муж улс боллоо.Сонирхолтой нь энэ муж ба түүний хотуудад хачирхалтай хууль үйлчилдэг. Тухайлбал: морь унах үеэр загас барьж болохгүй; сүү уухыг хориглодог; шувууд авто зам дээгүүр нисч болохгүй; дуудлагад явж байгаа түргэн тусламжийн машинд секс хийж болохгүй; эмэгтэйчүүд хараалын үг хэлж болохгүй; бүжиглэж байгаа хосуудын хооронд тодорхой хэмжээний зай байх ёстой; цаасан уутанд хийсэн хийл хөгжимтэйгээр хотоор явж болохгүй; эм найруулагчид эмийн сандаа толгойн эм нэрээр дарь зарж болохгүй гэх мэтийн хууль Ютад үйлчилдэг.
1936 он- Америкийн "Billboard" сэтгүүл анхны хит дууны жагсаалтыг гаргав.Жагсаалтын анхны ялагч нь хийлч Joe Venuti удирдсан хамтлагийн пянз болсон байна.
1938 он– Телевизээр анх удаа цирк үзүүлжээ.
1943 он - “Time” сэтгүүл Иосиф Сталиныг жилийн онцлох хүнээр нэрлэв. 1939 онд түүнийг жилийн хүнээр тодруулахдаа дарангуйлагч гэж цоллож байсан бол 1943 онд фашизмтай тэмцэгч болгосон юм.
1948 он- Тухайн үед Бирмийн холбоо гэж нэрлэгдэж байсан Мьянмар улс Их Британиас тусгаар тогтножээ.
1951 он- Маршал Чойн Йон Ганы удирдсан БНАСАУ-ын арми, Хятадын сайн дурынхны анги нэгтгэл Сөүл хотыг эзлэв.