2019 оноос Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлж байна. Энэ хуулийг дагуу Ерөнхий боловсролын сургуулийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги туслах багштай байж болох юм. Гэхдээ одоогоор туслах багш ажиллуулж эхэлсэн сургууль байхгүй байна.
Цэцэрлэгийн туслах багшийн тухайд ахлах багшаас доод албан тушаалтай, мэргэжил боловсролын түвшин өөр байдаг. Харин ерөнхий боловсролын сургуулийн 1, 2 дугаар ангийн туслах багш анги удирдсан багштай ижил багш мэргэжилтэй, ажлын чиг үүрэг ч ижил түвшинд байх юм байна.
Улсын хэмжээнд төрийн өмчийн нийт сургуульд 1, 2 дугаар ангийн 4443 бүлэг байна. Үүний 14 хувь нь 44-с дээш хүүхэдтэй. Тиймээс 44-с цөөн хүүхэдтэй бүлэг шинээр үүсгэх боломжгүй гэж үзэн туслах багштай болгох хуулийн зохицуулалт хийжээ.
Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Д.Сүрэнчимэг "Туслах багш болон анги даасан багш хамтарч ажлаа илүү үр дүнтэй болгох, дотоод зохион байгуулалтаа хийх, залуу туршлагатай багш яаж туршлага солилцохыг зохион байгуулна. Мэргэжил арга зүйн зөвлөх үүрэг хүлээж байна" гэв.

Жишээ нь, нийслэлийн 23 дугаар сургуулийн хувьд тус бүр нь 50 гаруй сурагчтай 1, 2 дугаар ангийн 12 бүлэгтэй. Хуульд туслах багштай байж болно гэж заасан учир туслах багш авах эсэх нь тухайн сургуулийн захирлын шийдэх асуудал болж байгаа юм. Тэгвэл 23 дугаар сургууль дээрх 12 бүлэг тус бүр туслах багш авч ажиллуулах эсэх талаар тодорхой шийдвэр гаргаагүй байна. Гэхдээ ирэх есдүгээр сарын 1 гэхэд туслах багштай болсон байна гэлээ.
Нийслэлийн 23-р сургуулийн захирал Ц.Цолмонбаатар "Туслах багшийн ажиллах журмыг нарийн гаргах ёстой гэж бодож байна. Үүнд манай дээд шатны байгууллагууд албан ёсны баталгаажсан журмыг бидэнд гаргаж өгнө. Цалингийн асуудлууд дээр одоо тогтсон зүйл байхгүй байгаа. Магадгүй хууль хэрэгжиж байгаа болохоор төсвийн тодотголд нэмэлтээр оруулахдаа манайд шаардлагатай хэдэн багш байна, түүнд ямар зардал гарах уу гэдэг тооцооллоо хийж байна" хэмээн ярилаа.
Тэгвэл ангидаа 50 гаруй сурагчтай 93 дугаар сургуулийн бага ангийн багш О.Сарантуяа багшийн ажлын ачааллыг харъя. Түүний хичээл өдрийн 12 цаг 45 минутаас эхэлдэг ч тэр өглөө бүр 07 цаг 30 минутаас 09 цагийн хооронд ажил дээрээ ирдэг. Учир нь хичээл эхлэхээс өмнө заах хичээлээ боловсруулах, дэвтэр засах, анги танхимаа бэлтгэх, хүүхдүүдээ тосож авах зэргээр хийх ажил мунддаггүй гэлээ.

93-р сургуулийн 2б ангийн багш О.Сарантуяа "52 хүүхэд болон 35 хүүхдийн төлөө санаа зовно гэдэг бол харилцан адилгүй. Олон хүүхэдтэй ажиллахад ачаалал нэлээд нэмэгддэг, сэтгэл санаанаас салдаггүй ажил. Дэвтрээ засчхаад энэ хүүхэд ийм байна, маргааш би ийм зүйл хэлэх юм байна. Үүн дээр анхаарах шаардлагатай, энэ хүүхдийг яаж сайжруулах вэ гээд гэртээ очоод хүртэл энэ бүхэн толгойноос салдаггүй учраас ачаалал их мэдрэгддэг" гэлээ.
Багшийн ачааллыг ганцхан жишээгээр харуулъя. Өдөр бүр 2 хичээлийн дэвтэр засдаг. Нэг багш нийтдээ 100 гаруй дэвтэр засахад 3 орчим цаг шаардагддаг аж. Хэрэв багш 30 хүүхэдтэй бол 40 дэвтэр хасагдаж, төдий хэмжээгээр өөрийгөө хөгжүүлэх цаг гарах юм.