Холын зайн гүйлтийн 6 өдрийн марафон АНУ-ын Аризона мужийн Фийникс хотноо зохион байгуулагдаж байна.
Энэхүү холын зайн марафонд Монгол Улсаас олон улсын хэмжээний мастер, 10 өдрийн гүйлтийн дэлхийн аварга Б.Буджаргал, ОУХМ Д.Ганбат болон гүйлтийн тамирчин Н.Мөнхтуяа нар оролцож байна. Тус тэмцээнд 30 гаруй улсын 300 аад тамирчид хурд хүч, тэсвэр хатуужил гарган өрсөлдөж байгаа билээ. Бүтэн зургаан өдөр үргэлжлэх тэмцээнд тамирчид 24 цаг, 72 цаг, 6 өдөр гэсэн ангиллаар оролцож байна. Монгол Улсаас оролцож байгаа тамирчин Н.Мөнхтуяагийн хувьд 24 цагийн гүйлтэд амжилттай оролцож тэмцээнээ дуусгав.
Харин Б.Буджаргал, Д.Ганбат нарын хувьд гүйлтээ үргэлжлүүлсээр байгаа бөгөөд 6 өдрийн дараа тэдний амжилт тодорхой болох юм. Тэмцээнд оролцогчид 1,6 км тойрог замаар 6 өдөр 6 шөнийн турш тасралтгүй гүйж хамгийн олон км замыг туулсан оролцогч ялагч болох юм. Энэхүү марафон жил бүр энэ үед зохион байгууллагддаг бөгөөд энэ жилийн тэмцээн цаг агаарын маш тааламжтай үед болж, зохион байгуулалт өндөр түвшинд хийгдэж, хоол хүнс амт чанар сайтай байгааг тэмцээнд оролцогчид хэлж байсан.Холын зайн марафон манай улсын хувьд төдийлөн дэлгэрэргүй шинэ төрлийн спорт гэж хэлж болно. Сүүлийн үед тамирчид гадны улс орнуудад зохион байгуулагддаг тэмцээнд амжилттай оролцож эхэлснээс хойш Монголчууд энэ гүйлтийн талаар мэдээлэлтэй болсон. Цаашид энэ төрлийн тэмцээн уралдааныг Монгол улсад зохион байгуулах боломж байгаа талаар тамирчид ярьж байна. Тэмцээн Монголын цагаар 2019 оны 1 дүгээр сарын 4-нд өндөрлөж шилдгүүд тодорно.


