Улиран одож буй 2018 он үйл явдал өрнүүн, дуулиан шуугиан тасрахгүй байсаар шувтарч байна. Харамсалтай нь, сайнаас илүүтэй саар мэдээлэл давамгайлсан жил тохиосон учраас “Үндэстний ТОЙМ”-ын нэрлэсэн онцлох үйл явдлууд ч тэр тал руугаа хэлбийж таарлаа. ЖДҮ-гийн дуулиан, төмөр замын осол, хүүхдэд халтай орчин, хүн хулгайлах гэсэн завдалт, өнөөх л утаа гээд өнгөрч буй 2018 оны онцлох 10 үйл явдлыг танилцуулж байна.

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан Д.Хаянхярваа нарын нэр бүхий 27 гишүүн

МАН-ын хагарал төрийг гацаав

МАН 2016 оны УИХ-ын сонгуулиар 65 суудал авч, парламентад үнэмлэхүй олонх болсон. Тиймдээ ч олон нийт УИХ дахь бүдүүн бүлгийг төрийн ажлыг ямар ч гацаагүй явуулж мөрийн хөтөлбөрөө биелүүлэхээр барахгүй Үндсэн хуулийн өөрчлөлтийг санал нэгтэйгээр батлах байх хэмээн хүлээж байлаа. Гэвч тэгсэнгүй. 2017 онд МАН дотроо хагаралдаж Ерөнхий сайдаа огцруулсан нь 2018 онд улам ч даамжирлаа. Намын даргын ажлыг Ерөнхий сайдын албатай хамт өөрийн болгосон У.Хүрэлсүхийг огцруулах саналыг УИХ-ын 27 гишүүн өргөн барьсан нь ч парламентын олонхи нь хүлээж аваагүй юм. Үүгээр хоёр хуваагдсан МАН-ын зодоон дууссангүй. Харин ч төрийн зовлон болон хувирч УИХ-ын нэгдсэн чуулган ирцгүйн улмаас хуралдаж чадахгүй шинэ онтой золгох гэж байна. Өөрийг нь огцруулах гол үндэслэлийн нэг нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой байсан учраас танхимын сайддаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуцлага тооцож огцруулсан. Өөрөөр хэлбэл, УИХ-аар Ерөнхий сайд өөрчлөгдөөгүй ч У.Хүрэлсүхийн танхимд багагүй өөрчлөлт орсон юм. Төмөр замын осол, яаманд нь гарсан төрийн албан хаагч амь насаа алдсан хэргээс үүдэж Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ огцорсон бол ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг улстөрчдөд хуваарилсан гэх үндэслэлээр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөд байна. Тэдний араас ЖДҮ-гээс эхнэрийнхээ компанид зээл авсан Зам, тээврийн хөгжлийн шинэхэн сайд Я.Содбаатар, Ерөнхий сайдыгаа огцруулах бичигт гарын үсэг зурсан БСШУСын сайд Ц.Цогзолмаа нар огцрох нь тодорхой болоод буй. Тэднийг чөлөөлөх санал УИХ-д хэдийнэ орж ирсэн бөгөөд ирцгүйн улмаас л энэ өдрүүдэд “Сайд” гэж дуудагдаж байна. МАН-ын дотоод зөрчил зөвхөн УИХ, Засгийн газрын төвшинд өрнөөгүйг эцэст нь тодотгоё. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, түүний орны хүнийг томилох асуудал оны сүүлчийн өдөр рүү шидэгдээд байгаа билээ.

ЖДҮ-чдийн дуулиан

“45-ын гутлаар ижилсэнэ” гэдэг шиг УИХ-ын гишүүд, сайд нар нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 950, 950 сая төгрөг хувьдаа авч ижилссэн нь энэ оны онцлох дуулиан байлаа. Бизнес эрхлэхээр төсөл бичиж, дүрэм журмын дагуу хандсан ч хана мөргөсөн иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ. Харамсалтай нь, МАН-ын дарга У.Хүрэлсүх иргэдийнхээ боломжийг “хулгайлсан” ЖДҮ-чин гишүүддээ хариуцлага тооцохоос урьтаж, уучлал гуйх “аян” зарласан нь амжилт олсонгүй. Цахим орчинд ч, гадаа талбайд ч “Бид уучлахгүй” давалгаа өрнөж, эцэстээ У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах санал дотроосоо, тодруулбал МАНын бүлгийн гишүүдээс өөрсдөөс нь эхэлж гарсан юм. УИХ-ын 27 гишүүний Засгийн газрыг огцруулах үндэслэлийнх нь эхэнд ч “ЖДҮ-чдийн дуулиан” дурайж байлаа. Хамгийн сүүлд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дүү У.Давхарбаяр ЖДҮХС-аас зээл авсан гэсэн мэдээлэл хэвлэлд гарч Засгийн газрын тэргүүн няцаасан тайлбар өгөөд байна. Улс төрийн хувьд Засгийн газрын хувь заяатай дүйж ирсэн ЖДҮХС тойрсон хэргээр төрийн албан тушаалтнууд ч хуулийн хариуцлага эхнээсээ хүлээж, хоригдож, шалгагдсан. Түүнчлэн Засгийн газрын нэр бүхий сайд нар энэ хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа бол холбогдсон дэд сайд, агентлагийн дарга зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд улс төрийн хариуцлага хүлээж огцорсон нь цөөнгүй. Мөн АТГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг нарийвчлан явуулж байгаа юм.

Утааны асуудлаар НҮБ-ын чихэнд хонх уясан ч тусыг эс олов

Төрөл бүрийн хорт хавдар үүсгэдэг PM10 тоосонцор хамгийн ихтэй улс орнуудыг Монгол Улс тэргүүлж буй. Энэ үзүүлэлтээр нь 2010 онд Улаанбаатарыг дэлхийд агаарын бохирдлоороо тэргүүлэгч хотоор зарласан юм. “Нью Иорк таймс” сонинд Монгол Улсын иргэд агаарын бохирдлын улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирч Улаанбаатарт нэг жилийн дотор 5-аас доош насны 435 хүүхэд агаарын бохирдлоос үүдэлтэй уушгины хатгалгааны улмаас нас барсан гэсэн мэдээлэл нийтлэгдсэн. Сүүлийн 10 жилийн статистик мэдээллийг авч үзэхэд агаарын бохирдолтой шууд холбоотой амьсгалын тогтолцооны өвчин 26.8 хувиар, зүрх судасны тогтолцооны өвчин 18.1 хувиар нэмэгдсэн дүн мэдээ гарчээ. Агаарын бохирдлын улмаас Улаанбаатарт бага насны хүүхдүүд өвдөж НҮБ-д дуу хоолойгоо хүргэхээр манай улсын 50 мянга гаруй иргэн нэгдсэн хэдий ч НҮБ-аас “Харамсалтай нь, энэ асуудалд хялбар бөгөөд хурдан шийдэл байхгүй. Агаарын бохирдлыг бууруулахад төрийн болон хувийн хэвшлийн урт хугацааны хөрөнгө оруулалт шаардлагатай. НҮБ нь бодлого болон аргачлалын зөвлөгөө үзүүлдэг бөгөөд зохих шийдвэрүүдийг гаргаж санхүүжүүлэхэд тухайн улсын Засгийн газар дотоодын байгууллагуудаа манлайлан ажиллах ёстой” гэсэн хариу өгчээ. Сүүлийн арван жилийн байдлаар бид утааны эсрэг ойролцоогоор 900 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан ч ийнхүү улам нэмэгдсээр л байна. Үүний хажуугаар утааны эсрэг зарцуулсан энэхүү хөрөнгийн зарцуулалтыг шалгах дахин нэг ажил нэмэгдээд байгаа юм.

Түүхэн бүтээн байгуулалт эхлүүлсэн зээлүүд

Манай улс жилд нэг тэрбум ам.долларыг шатахуун импортоор авахад зарцуулдаг. Тэгвэл шатахуунаа дотоодод үйлдвэрлэхээр Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тос боловсруулах үйлдвэр баригдаж эхэллээ. БНЭУ-ын Засгийн газрын Монгол Улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдах энэхүү үйлдвэр нь жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай. Санхүүжилтын өртгөө ашиглалтад орсноос хойш эхний 10 жилд бүрэн нөхөх боломжтой ажээ. Мөн Мянганы сорилтын корпорацын 350 сая долларын санхүүжилтээр Улаанбаатар хотын усны хангамжийг сайжруулахаар боллоо. Төслийг 2019-2023 онд гурван үе шаттай хэрэгжүүлнэ. Гэр хорооллын ундны усны худагт цэвэршүүлэх технологи болон хэрэглээний систем суурилуулж, нөөцийг 70 сая метр кубээр нэмэх боломж бүрдэнэ хэмээн тооцож байгаа аж.

Хүүхдэд халтай жил

Эрхэлж, тоглож байх ёстой энхрий бяцхан үрс томчууд бидний хайхрамжгүй байдлын золиос болсон эмгэнэлт явдлууд олонтаа гарлаа. Нийслэлийн Налайх дүүрэгт долоон настай охин тогонд цохиулж амиа алдсан осол наадмын өмнөхөн буюу 2018 оны 7-р сарын 5-нд гарсан. Мөн өвөөгийндөө ирээд байхдаа дугуйгаа унан тоглож явсан охин амралтын газрын хажуугийн шонгийн модны тогтой утсанд хүрснээр алтан амиа бас л цаг бусаар алдсан юм. Үүнээс яг сарын өмнө эмийн сангийн гаднах цахилгааны утсанд бага насны хүүхэд өртөж нас барсан, сургуулийнхаа биеийн тамирын талбайд тоглож явсан хүү хөлбөмбөгийн шонд цохиулж хорвоог орхисон гээд тоочоод байвал харамсалт явдлууд тасарсангүй. Энэ бүхний буруутан нь томчууд бид, энэ нийгэм, амьдрах орчин маань юм. Гэвч амьдрах орчин нь бидний ирээдүйд аюул учруулсаар байгаа ч хариуцах эзэн олдохгүй л байна. Мэргэжлийн хяналтын газар нь Цахилгаан түгээх сүлжээг, Цахилгаан түгээх газар нь СӨХ-гоо хариуцах ёстой хэмээн бултуулсаар эцэст нь сургуулийн орчинд аюулгүй байдлыг хангах албан бичиг л тараагдаж үлдлээ. Хүүхдийн ослоос гадна бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдлууд ар араасаа гарч олон нийтийг цочирдуулсан юм. Хамгийн сүүлд гэхэд 13 настай охиныг зочид буудалд амийг нь хороосон гэсэн үндэслэлээр Д.Жавхлан, М.Амарболд нарт шүүхээс бүх насаар нь хорих ял оноогоод байна. Ээжийг нь самар түүхээр явсан хойгуур бага насны хүүхдээ хүчирхийлсэн хэрэг ч мөн л 2018 онд бүртгэгдэж шийдэгдсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Иргэний танхимд болсон хэлэлцүүлгийн үеэр “Өдөрт 2-3 бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөж байна” гээд бага насны хүүхэд хүчирхийлсэн тохиолдолд цаазын ял сэргээх ёстой гэсэн нь нийгэмд өнөөдрийг хүртэл маргаан дагуулсаар байна.

Монголоос хүн хулгайлахыг оролдов

Монгол Улсад 30 гаруй жил хуулийн дагуу оршин суусан Турк улсын иргэн, багш Вейсел Акчайг хулгайлах гэсэн оролдлого 2018 оны 7-р сарын 28-ны өдөр гарсан. Энэ хэргийн зохион байгуулагчаар дэлхий нийт Туркийн эрх баригчдыг хардаж, буруутгасан юм. Учир нь уг өдрийн өглөө дипломат шуудан авахаар ирсэн гэх Туркийн тусгай үүргийн CT4010 онгоц газардахтай зэрэгцэн хүн хулгайлах гэмт хэрэг гарсан байдаг. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн хүн бүр сэтгэл зовниж, сөрөг хүчин АН-аас тухайн өдөр Ерөнхий сайдад асуулга хүргүүлж, Хүний эрхийн дэд хорооныхон, жирийн иргэд “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр өнжсөн. Учир нь, одоог хүртэл энэ хэргийн учгийг Засгийн газар албан ёсоор зарлаагүй бөгөөд олон нийтэд төдийгүй эрх баригч МАН-ын гишүүд ч “Энэ хэрэгт Монголын тал оролцсон” эсэхээр нэг мөр байр суурьт хүрч чадаагүй байгаа юм. Засгийн газрын зүгээс энэ хэрэгт оролцоогүй гэдгээ илэрхийлдэг ч, хэргийн мөрдөн байцаалт дуусаагүй гэдэг шалтгаанаар олон нийтэд бодит мэдээллийг өгөөгүй байна. Харин хэрэг гардаг өдөр хулгайлагдсан гэгдэх Вейсел Акчай Эрүүгийн цагдаагийн газарт мэдүүлэг өгснийхөө дараа “Би зүгээр ээ. Хэргийг шалгаж байна. Та нартаа баярлалаа. Намайг ямар хүмүүс авч явсныг мэдэхгүй, хэргийг шалгаж байгаа” гэж монголчуудад баярласнаа илэрхийлсэн бичлэгээ цахим сүлжээнд тавьсан байв. Энэ бичлэг дэлхий даяар түгж байгаа бөгөөд бусад улс оронд байгаа турк багш нар төдийгүй иргэд “Монгол Улсын ардчилал дэлхийд хүчээ харууллаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн бол зарим улстөрч арай өөр бодолтой байсаар байгаа нь тодорхой юм. Дашрамд дурдахад, Вейсел Акчай 11-р сарын 30-нд Монгол Улсыг орхин гарсан билээ.

Галт тэрэг онхолдож хүний амь үрэгдэв

Төмөр зам үерт автав Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р километрийн 9-р зуутад Улаанбаатар-Сайншанд чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг 04:50 цагийн орчимд замаас гарч, галт тэрэгний зүтгүүр унаж, 4 вагон замаас гарсан. Хүчтэй аадар борооны улмаас тус аймгийн Айраг сум бүхэлдээ үерт автсан.

Энэ оны наймдугаар сард галт тэрэгний ослууд ар араасаа гарч салбарын сайд болон дэд сайд нь ажлаасаа чөлөөгдөгдөх өргөдлөө Засгийн газрын тэргүүнд өгөхөд хүрсэн. Учир нь, Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг 04:50 минутын орчим замаас гарч осолдсон. Ослыг байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйл буюу үер устай холбон тайлбарлаж байсан хэдий ч салбарын удирдлагууд урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авах ёстой байсан гэсэн шүүмжлэл бий. Тухайн үед осолд өртсөн 90 хүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч нэг хүний биеийн байдал сайжралгүй нас барсан юм. Унасан галт тэрэг нь БНХАУ-д 15 тэрбум төгрөгөөр засвар хийлгэсэн БээжинУлаанбаатар чиглэлийн галт тэрэг байсан гэдэг. Уг ослыг Монголын төмөр замыг 1938 онд барьснаас хойших УБТЗ ХНН-ийн түүхэнд гарсан анхны томоохон осол гэж мэргэжлийнхэн дүгнэж байв.

Эрсдэлд бэлэн бус эрчим хүчний салбар

Тог тасрав

Дулааны цахилгаан станц-4 ТӨХК-д гэмтэл гарсны улмаас Улаанбаатар хот бүхэлдээ бүтэн өдрийн турш цахилгаангүй байв.

Лаа, шүдэнз, хийн түлш нэгнээсээ сураглаж, гар утас нь цэнэгтэй нэг нь гайхамшиг болсон өдөр улсын нийслэл Улаанбаатарт 2018 оны есдүгээр сарын 15-нд тохиов. Эрчим хүчний системд томоохон осол гарсан энэ өдөр нийслэлийн болон төвийн таван аймгийн хэрэглэгчид цахилгаан эрчим хүчээр тасалдахад хүргэсэн. Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийхдээ, “Аваарын учир шалтгааныг судалж байна. Урьдчилсан байдлаар хүний буруутай үйл ажиллагаанаас болсон байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан. Ер нь цаашдаа бид хэд хэдэн зүйл дээр анхаарах хэрэгтэй гэдэг нь энэ осол харууллаа. Гэхдээ эрчим хүчний компаниудын удирдлагуудыг томилох, чөлөөлөх, хариуцлага тооцох эрх нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт байдаг” гэсэн юм. Чухам хэн буруутай, хэн хариуцлага хүлээх вэ гэдгээс илүү үндэсний аюулгүй байдлын хэмжээнд харанга дэлдсэн аюултай үйл явц болсон ч салбарын сайд иймэрхүү байдлаар асуудалд хандсан юм. Тэг зогсолтын ослын шалтгааныг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит компанийн буруугийнх гэж үзэж, зарим дулааны станцын удирдлагуудад хариуцлага тооцсон. Нийслэл ийнхүү нэг өдөр эрчим хүчгүй байснаар асуудал дуусаагүй. Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймагт шуурсан хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас цахилгаан дамжуулалтын хэд хэдэн тулгуур багана унаж, нийт 50 сум цахилгаан, эрчим хүчгүй болсон юм.

Багш нар ажил хаяж, хичээлийн шинэ жил цагтаа эхэлсэнгүй

“Цүнх, бэлтгэлийн хувцас гээд зөндөө хичээлийн хэрэгсэл бэлтгэсэн. Гэхдээ хичээл ороогүй” хэмээн ууртайхан ярьсан хүүхдийн яриа олон нийтийн сүлжээнд тархав. “Есөн сарын нэгэн бол ерөөөсөө бидний баяр” хэмээн үздэг монголчуудын хувьд багш нар нь ажлаа хаяж, хичээлийн шинэ жил цагтаа эхлээгүй анхны тохиолдол нь энэ. Салбарын яамнаас өгсөн мэдээллээр улсын хэмжээнд нийт 68 сургууль, 18 цэцэрлэгийн багш нар ажил хаялтад нэгдсэн. Үүнээс 56 нь нийслэлийнх, орон нутагт 12 сургууль байснаас Сүхбаатар аймагт 3, Сэлэнгэ аймагт 4, Дорноговь аймагт 5 сургуулийн багш нар ажил хаяжээ. Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл хэлэлцээрийг үргэлжлүүлж ажилласны үр дүнд есдүгээр сарын 3-наас хойш үргэлжилсэн багш нарын ажил хаялт дууссаныг БСШУСЯ-наас мэдэгдсэний эцэст 9-р сарын 17-нд сургууль цэцэрлэгийн хичээл эхэлж байв. Гэхдээ тэд ажил хаялтыг албан ёсоор бус, түр хугацаанд зогсоож байгаагаа онцолсон. Тодруулбал, “Багш нарын ажил хаялт түр зогсож байгаа. Учир нь ажил хаялт зарлахдаа шаардлагынхаа 3-т цалинг үе шаттайгаар 50- иас доошгүй хувиар нэмэгдүүл гэж заасан. Энэ нэмэгдэл хэрхэн яаж орж ирэх, хэрхэн яаж шийдэхээс шалтгаална. Бидний тавьсан шаардлага 75 хувьтай биелсэн. 100 хувь биелэх боломжгүй байгааг ойлгож байна. Багш нар ч нөхцөл бололцоогоо ойлгосон. 2019 оны төсөв хэлэлцэгдсэний дараа дараагийн асуудлыг ярина” гэж мэдэгдэж байв.

УИХ-д төлөөлөлгүй 42 дугаар тойргийнхон

42 дугаар тойрог ҮХЦ

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ.

УИХ-ын гишүүн бусдыг хүчирхийлсэн хэрэгт холбогдож бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ гаргасан нь энэ оны онцлох үйл явдлаар барахгүй парламентын түүхэнд тэмдэглэгдэн үлдэж байна. УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг 2017 оны 6-р сарын 11-ний өдөр 25 настай иргэн Н гэх бүсгүйг хүчирхийлсэн гэж иргэн Ч.Саранзаяа өргөдөл гаргаснаар дуулиан эхэлсэн. Харин УИХ-ын гишүүн тухайн үед энэ талаар Төрийн ордонд тайлбар хийхдээ, дотуур хувцсаа өмсөөд гарсан хэмээн хэлсэн нь олон нийтийн эгдүүцлийг төрүүлж байв.

АТГ-аас шалгаснаар хохирогчийн биеэс илэрсэн эс Д.Гантулгынхтай таарснаар барахгүй өмнөх шинжилгээний дүгнэлтийг ташаа гаргасан байсантай холбоотойгоор тусдаа хэрэг үүсгэж байв. Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэн шалгах хүсэлт гаргасан ч парламент дахь ангийнхан нь авч үлдэх шийдвэрт нэгдэж байлаа. Харин энэ оны 4-р сард УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг парламент хүлээн авч, Хэнтий аймгийн 42-р тойрог төлөөлөлгүй болсон. Үүнээс гадна, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт өнгөрсөн 10-р сард явуулахаар товлоод байсан нөхөн сонгууль Цэцийн дүгнэлтээр хойшлоод байгаа юм.