Бодибилдинг, фитнессийн Азийн гурав, дэлхийн дөрвөн удаагийн аварга, ОУХМ, “Улаанбаатар” фитнесс клубийн тамирчин Гамбагын Угалзцэцэг өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ. Тэрээр гавьяат тамирчин цол хүртэхээсээ өмнө буюу энэ сарын 24-нд "Eagle news" телевизийн "Бадарчийн Жаргалмаа" нэвтрүүлгийн зочноор уригдан оролцсон юм. Энэхүү ярилцлагыг уншигч та бүхэндээ хүргэж байна.
-Хамгийн сүүлд оролцсон ДАШТ-нийхээ талаар сонирхуулахгүй юу?
-Тайландад болсон ДАШТ-нд 51 орны 650 тамирчин 52 ангилалд өрсөлдсөн. Тайланд улсад бодибилдинг, фитнесс үндэсний хэмжээний спорт болтлоо хөгжсөн учраас эзэн хаан нь тэмцээний бүх зардлыг гарган өргөн хэмжээнд зохион байгуулдаг.

-Ер нь тэмцээн, уралдаанд оролцохдоо ямар зардлаар явдаг вэ?
-Өөрсдийнхөө зардлаар явдаг. ДАШТ-нд дөрвөн жил дараалан оролцож байна. Энэ бүхэнд өөрийнхөө зардлаар л явсаар ирсэн. Эхлээд хэцүү байсан бол одоо найз нөхөд, хамтран хичээллэгчид, дэмжигчдийн тусламжаар зардлаа цуглуулдаг болсон.
-Дэлхийн аваргын бай шагналыг сонирхож болох уу?
-Ази болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн шагнал дагалддаггүй. Нэр хүнд нь нэмэгдсэн учраас улсынхаа нэрийг гаргадаг учраас зөвхөн цом, медаль дагалддаг.
-Одоо бусад орны тамирчид Г.Угалзцэцэгийг харахаараа яадаг бол?
-Айна шүү дээ /инээв/ Угаасаа мэддэг болсон болохоор бараг л битгий ирээсэй гэж боддог байх. Тэмцээнд очихоор "Чи яг аль ангилалд орох гэж байна. Дээшээ юу, доошоо юу" гээд л асууна. Бид өндрөөрөө тэмцээнд ордог.

-Паулифтингийн тамирчдын хувьд жин нэмэгддэг. Харин танай төрөлд үзүүлэлт, шалгуурууд нь хэрхэн өөрчлөгддөг юм бэ?
-Ангилал болгон өөр өөрийн гэсэн онцлогтой. Бикини гээд манай охин ордог ангилал байна. Тэр ангилал л гэхэд том булчин шаардаад байхгүй, мэдээж спорт учраас тодорхой хэмжээний булчин харна. Мөн эмэгтэйлэг байдал, төгс биеэ хөгжүүлсэн эсэхийг харна. Миний ангилалд булчингийн хэмжээ, биеийн харьцаа, эмэгтэйлэг байдлаа хэрхэн хадгалсныг харна гэх мэтчилэн зургаан үзүүлэлтийг голчлон дүгнэнэ. Жишээ нь, миний оролцдог ангилалд зарим эмэгтэйчүүд булчингийн хэмжээ томтой байгаа ч биеийн харьцаа нь алдагдчихсан өргөн тайлтай, эмэгтэйлэг байдлаа алдсан тохиолдлууд байна. Хэдийгээр булчингаа хөгжүүлдэг спорт ч гэсэн ерөөсөө л харахад гоёмсог байх ёстой. Булчингийн хэмжээ томрохоор дээд ангилал болон бодибилдийнгийн ангилалдаа ороод явна. Миний хувьд өөрийнхөө ангилал болох классик буюу гоёмсог бодибилдингээ хадгалж үлдэхийн тулд булчингийн хэмжээг томруулахгүй барьж байх ёстой.
-Охин нь сая болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Охиныхоо тухай ярихгүй юу?
-Манай охин бодибилдингоор хичээллээд гурван жил болж байгаа. Өнгөрсөн жил БНХАУ-д болсон олон улсын тэмцээнээс бикини ангилалдаа хүрэл медаль хүртсэн. Сая болсон ДАШТ-ний залуучуудын ангилалд оролцоод хүрэл медаль авсан.

-Ер нь яагаад бодибилдингээр хичээллэе гэсэн юм бэ?
-Одоо бол бодибилдинг бүх насныхныг хамарсан, ямар ч ажил мэргэжилтэй хүн энэ спортоор эрүүл мэнддээ анхааран хичээллэх боломжтой. Би ч гэсэн анх хөдөлгөөнтэй байх, жингээ хасахаар явж эхлээд гоё юм байна тэмцээнд орж үзэх юмсан гэсэн бодолд хөтлөгдөн тэмцээнд оролцож эхэлсэн. Ингэж явсаар л тамирчин болсон доо.
-Хамгийн анх ямар тэмцээнд орж байв?
-Хотын аварга шалгаруулах жижиг тэмцээнд орсон. Шинэ залуу тамирчид оролцдог энэ тэмцээнд хамгийн хөнгөн ангилал болох бикини төрөлд оролцон дөрөвдүгээр байрт шалгарсан. Тухайн жилийнхээ улсын аваргын тэмцээнд тавдугаар байр эзлэн дараа жилийн тэмцээнүүдээс медаль руу орон олон улсын тэмцээнд оролцох эрхээ авч эхэлсэн.
-Эмэгтэй хүн уян налархай, гуалиг гээд л ярьдаг шүү дээ. Бодибилдингээр хичээллэхэд эмэгтэй хүний биед ямар нэгэн сөрөг өөрчлөлтүүд ордог уу. Иргэд эмэгтэй хүн төрнө хичээллэж болохгүй гээд л янз бүрээр ярьдаг?
-Ямар ч асуудал байхгүй. Дэлхий нийтээрээ бодибилдингээр хичээллэж байна. Ялангуяа Европт энэ спортоор хичээллэдэггүй хүн байхгүй. Тамирчин хүн хүүхэд гарахаар болоход өмнө нь тодорхой хэмжээгээр уураг, бэлдмэлээ хасаад 2-3 сарын дараа жирэмслэн хүүхдээ тээдэг. Хүүхдээ гаргасны дараа буцаад хичээллэн тэмцээндээ ороод явж байгаа тамирчин эмэгтэй олон бий.

-Эмэгтэйчүүд энэ спортыг хэр их сонирхож байна. Бид үүгээр хичээллэх боломж хэр байна?
-Маш их сонирхдог. Ирэх нэгдүгээр сард Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн болно. УАШТ олон улсын ангиллуудаа дагаад 30-аас дээш насны эмэгтэйчүүдийн ангилалтай болж байгаа. Үүнийг дагаад олон эмэгтэйчүүд хандаж байгаа. Эмэгтэй хүн бүр миссийн тэмцээнд оролцоод байх боломжгүй ч фитнессээр хичээллээд тэмцээнд орох бүрэн боломжтой. Өнөөдөр ийм ангилалтай болж тэмцээнд ороод үзье гэсэн эмэгтэйч олон байна. Хүмүүс тухайн насны ангиллаас шалтгаалан надад их ханддаг. Миний настай ойролцоо гэдэг утгаараа би тэмцээнд оролцож болох уу гэж их асуудаг. Болохгүй зүйлгүй шүү дээ. Аль болох тэмцээнд орж, өөрийгөө сорин, гоё тайзан дээр алхаад үзэх хэрэгтэй. Эмэгтэйчүүд "Би гоё тайзан дээр алхаж үзээд зургаа авахуулан хүүхэддээ үзүүлмээр байна. Хэдэн жилийн дараа үр хүүхэд маань ээжийгээ тайзан дээр ингэж алхаж байсан гэж хараг" гэж их хэлдэг. Эмэгтэй хүн бүрийн дотор хэлж чадахгүй ч гэсэн гоё сайхан байх хүсэл байдаг. Миссийн тэмцээнд өндөр царай зүс заадаг бол фитнессийн тэмцээнд гоё биеэ хөгжүүлэн жингээ хасаад орох боломжтой.

-Аав ээж, хань ижил нь "Үгүй ээ, Угалзцэцэг ээ заавал ийм спортоор хичээллэж яах юм бэ гэж байсан үе бий юү?
-Байлгүй яах вэ. Би чинь их л хаалтуудтай тулгарсан шүү дээ. Би гурван эмэгтэй дүүтэй. Бүгд л чиний насан дээр спортоор хичээллээд амжилт гаргана гэж байхгүй, тэр тусмаа ийм спортоор хичээллээд амжилт гаргадаг тохиолдол Монголд байхгүй. Ихэвчлэн чөлөөт бөх юм уу, олимпийн төрлийн спортоор амжилт гаргадаг гээд л аав ээж, гэр бүлийн хүн, хүүхдүүд маань ч тийм дуртай байгаагүй.
-Гэтэл одоо охин нь хүртэл энэ спортоор хичээллэж байна?
-Ер нь манайх бол фитнесс гэр бүл гэж хэлж болно. Бүгд хичээллэдэг, одоо охин маань тэмцээнд оролцоод эхэлсэн.

-Хэдэн настайгаасаа хичээллэх ёстой юм бол оо?
-Хэдэн ч настайгаасаа хичээллэж болно. Ази, европ хүмүүсийн насны онцлогийг хараад байхад европчуудын тухайд 10 настайгаас нь биеийн тамирын хичээлүүд ороод эхэлдэг. Гэтэл манайд сагс, волейболын хичээл л ордог. Ази хүүхдүүд өсөлтийн насаа тооцоод 15-16 настайгаасаа хичээллэж эхэлж байгаа.
-Монголд энэ спорт хөгжөөд 27 жил болж байна. Бидний мэдэхийн "Мисс, мистер" тэмцээн зохион байгуулагдан Энхтайван гээд булчинлаг ахыг хардаг байсан бол сүүл рүүгээ булчинлаг хүүхнүүдийг хардаг болсон. Энэ спортын ач тус, гоо сайхныг таниулах ажил хэр хийгддэг гэж та бүхэн үздэг вэ. Холбоод нь хэр ажиллаж байна?
-Одоо бол хүн бүр л фитнесс, бодибилдингийн талаар ойлголттой болсон. Зөвхөн энэ бол бэлтгэл хийгээд явах биш мөн зөв зохистой хооллолттой хослуулдаг гэдгийг ойлгодог болсон. Хүмүүс цаг заваа баар, цэнгээний газар өнгөрүүлэхээс илүү фитнесст зарцуулж байна. Бодибилдинг, фитнессийн холбоо харьцангуй сайн ажилладаг гэж хэлж болно. Тамирчдаа гадагшаа, дотогшоо төлбөр мөнгөнөөс бусад бүхий л асуудлыг нь зохицуулан авч явдаг. Олон нийтэд энэ спортыг сурталчлан таниулах олон ажлуудыг хийж байгаа. Одоо Монгол Улс даяар тэр бүү хэл нийслэлд гэхэд л бараг л байр бүрийн доор фитнесс байна.
-Манай хүү нэг хэсэг хичээллээд их дажгүй болсон. Тэгснээ хичээллэхээ больсон чинь таргалаад эхэлсэн. Заавал уураг хэрэглэх ёстой байдаг уу?
-Заавал хэрэглэх албагүй. Уураг бол шингэрүүлсэн хоол. Хоол хүнснээс авах ёстой уургаа авч байгаа бол заавал уураг уух шаардлагагүй. Жаахан эрчимтэй бэлтгэл хийдэг болон ажлын хажуугаар бэлтгэл хийдэг хүмүүс уураг уух нь зүгээр. Уураг нь дотроо нэмэлт витаминтай бүхий л зүйлийг агуулсан зүйл. Дэлхий даяар 30-40 жил хэрэглэгдэж байгаа туршигдсан бүтээгдэхүүн. Хуурай сүүг бид сүү гээд найруулаад уудаг шиг мах, өндөгний уургыг шингэн хэлбэрт оруулан хүний биед хурдан задрахаар болгосон бүтээгдэхүүн бол уураг. Хамгийн гол нь уургаа зөв зохистой хэрэглэх ёстой. Өдөрт нэг удаа бол зааврын дагуу хэрэглэх ёстой. Залуус хурдан гоё болох гээд уураг л уувал гээд өдөрт 3-4 удаа уугаад байхаар бөөр, элэг түүнийг боловсруулах гэж ачааллан өвчилдөг. Зөв зохистой хэрэглэвэл уураг ямар ч сөрөг нөлөөгүй.

-Та сонирхогчдын тэмцээнд явж байгаа. Мэргэжлийн болоход хэдий хэр хугацаа хэрэгтэй вэ?
-Миний хувьд мэргэжлийн тэмцээнүүдэд орох боломжтой. Надад мэргэжлийн тэмцээн гэхээсээ илүүтэй Ази, дэлхийн аваргын тэмцээн хамгийн гоё санагддаг. Учир нь, тэнд төрийн далбаагаа мандуулна, дэлхийн бүхий л улс орны тамирчид оролцдог. Мэргэжлийн тэмцээнд тийм биш. Хэзээ ч тайзан дээр монголын тамирчин гэж дуудагддаггүй. Тамирчин тэр байна гэдэг. Мөнгөний төлөө тэр тэмцээнд ордог гэх үү дээ. Таксаа төлж ороод шагналд нь мөнгө авдаг. Мэдээж мэргэжлийн тэмцээн учраас нэр хүнд өндөртэй. Миний хувьд мэргэжлийн тэмцээн рүү орох гэж яарахгүй байна. Энэ жил Хятадад болсон мэргэжлийн тэмцээний эрх авах тэмцээнд оролцон хүрэл медаль авсан. Дахиад хэдэн жил Ази, дэлхийн аваргын тэмцээндээ оролцох бодолтой байгаа.
-Бусад тамирчид чинь Угалзцэцэг ээ одоо болно оо гэж байгаа байх?
-Гэхдээ л би олон удаа аварга болмоор байна.
-Зөв шүү. Хүн амжилтандаа ханана гэж байдаггүй байх. Амжилт үзүүлж чадаж л байгаа бол явах ёстой. Сая Угалзцэцэг Дэлхийн дөрвөн удаагийн аварга боллоо гээд мэдээлэл орж ирэхэд доор нь одоо гавьяат цолоо өгөөч, Хөдөлмөрийн баатар болгооч ээ Монгол Улсынхаа нэрийг гаргалаа шүү дээ, яагаад Угалзцэцэгт шагнал, урамшуулаа өгдөггүй юм бэ гэсэн сэтгэгдэлүүд хөвөрсөн. Түүн дотор энэ бол мэргэжлийн хэмжээнд үнэлэгдэх тэмцээн биш гээд янз бүрийн сэтгэгдлүүд бас байлаа. Та үүнд тайлбар хэлээч?
-Ялгаагүй спорт бол спорт. Америкт гэхэд хамгийн их үнэлэгдсэн тамирчид бол бодибилдинг, фитнессийн тамирчид байгаа. Манайд олимпийн төрлийн спорт гээд байдаг. Гэтэл энэ маань залууст эерэг үлгэр дуурайл үзүүлдэг спорт. Гавьяат цолны тухайд өгвөл авна. Өгөхгүй бол би авмаар байна гэхгүй.

-Бодибилдинг, фитнесс хэр шударга спорт гэж та хэлэх вэ?
-Хамгийн гол нь хүний нүдэнд ил харагддаг шударга спорт. Тэр хүн бүтэн жил бэлтгэл, сургуулилтаа хэрхэн хийж, хоолоо яаж зохицуулсан нь тайзан дээрээс олны нүдэнд шууд харагддаг. Энэ тамирчинг урдуур нь оруулаад алт өгье гэсэн зүйл байхгүй. Шүүгч, үзэгч хэн ч харахад ойлгомжтой спорт.
