Тухайлсан нэг салбарын өөрийн зохицуулалттай холбоотой дотоод асуудал мэт боловч хүний эрхтэй шууд холбогддог, маш эмзэг, ээдрээтэй нэг хэм хэмжээ бий. Энэ бол био ёс зүй. Биологи, анагаах ухаан, гүн ухаан, ёс зүй, эрх зүй зэрэг олон шинжлэх ухаанд хамрагдах цогц асуудлыг авч үздэгээрээ био ёс зүй онцлог.
Анагаах ухааны ёс зүй хоёр мянга гаруй жилийн түүхэн уламжлалтай. Эртний Грекийн алдарт эмч хүн төрөлхтөний анагаах ухааны эцэг Гиппократ өөрийн зохиосон “Эмчийн тангараг”-таа эмчийн ёс зүй, хариуцлага, үйл ажиллагааны дагаж мөрдөх үндсэн зарчмуудыг анх нэгтгэн цэгцэлсэн байна. Гиппократын амьдарч байсан он цагаар баримжаалах юм бол анагаах ухааны ёс зүй, эмчийн ёс зүй бараг л Буддын сургаалтай нэг цаг үед үүсчээ. Харин анагаах ухааны ёс зүйн нэг салбар болох био ёс зүй 40 гаруй жилийн өмнө л шинжлэх ухааны нэр томъёолол болж орж ирсэн юм.
Био ёс зүй гэдэг нэр томъёог АНУ-ын биологич В.Р.Поттер 1971 онд хэвлүүлсэн “Био ёс зүй - Ирээдүйд хүрэх гүүр” номдоо анх хэрэглэж, шинжлэх ухааны эргэлтэд оруулсан байна.
Тэрээр орчин үеийн шинжлэх ухаан, техниологийн дэвшил ололт хүн төрөлхтний эрүүл энх амьдрах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, түүнийг оношлох эмчлэхэд асар их эерэг нөлөө үзүүлж байгаа ч нөгөө талаар ихээхэн сөрөг үр дагавартай байж болох юм гэсэн санааг дэвшүүлсэн юм. Ингээд энэ болзошгүй эрсдэлээс сэргийлэх асуудлыг хөнджээ.
Био анагаахын ёс зүй нь хүнийг шууд ба шууд бусаар хамруулдаг биологи, анагаах ухаан зэрэг амьдралыг судлах шинжлэх ухаануудын хөгжлийн явцад гарч буй нийгэм, ёс зүй, улс төр, шашны үзэл бодлын зөрчилдөөн юм. В.Р.Поттер “Дэлхий нийтийн ёс зүй” ном. 1988 он
2005 оны аравдугаар сард ЮНЕСКО 33-р Ерөнхий бага чуулганаараа “Био ёс зүй ба хүний эрхийн түгээмэл тунхаглал” баримт бичгийг баталжээ. Уг тунхаглалын гол агуулга нь хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн хамгаалах. хувь хүний эрх ашиг, сонирхол нь нийгэм, шинжлэх ухааны ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавигдах ёстойг онцлон авч үзсэн байдаг. Био ёс зүйн асуудал төдийлөн олон нийтийн дунд яригддаггүй боловч бидний өдөр тутмын амьдралд болж буй олон зүйлийг хамарч байдаг. Тиймээс био ёс зүй гэж юу вэ гэдэгт В.Р.Поттерын тодорхойлолтоос өөрөөр, илүү энгийнээр хариулах гээд үзье. Био ёс зүй нь “Хүнийг хэзээ ч хэрэгсэл гэж бүү ханд. Ямагт зорилго болгон ханд’’ гэсэн чухал зарчмыг баримталдаг бөгөөд дотроо гурван салбартай. 1-рт, анагаахын ёс зүй. Үүнд үр хөндөлт, хүнийг клоничлох, эвтанази гэх мэт асуудал яригддаг. 2-рт, амьтны ёс зүй. Энэ салбарт амьтан дээр хийж буй туршилтуудын ёс зүйн асуудал яригддаг ажээ. Харин 3-рт хүрээлэн буй орчны ёс зүйд цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөх, байгаль орчныг эвдэн сүйтгэх гэх мэт асуудлууд хамаардаг байна. Био ёс зүйтэй холбоотой anthropocentrism буюу хүн төвтэй, biocentrism буюу байгаль төвтэй гэсэн хоёр ойлголт байдаг.
Эдгээрээс яагаад заавал хүн энэхүү биологийн зүйлсийн тойргийн дээр байх ёстой юм бэ, хүнд өөрөөсөө бусад амьтныг дорд үзэх эрхийг хэн өгсөн юм бэ гэдэг асуулт урган гардаг
Мөн анагаахын ёс зүйн салбарт философийн үүднээс деонтологийн буюу үүргийн зарчмын тухай яригддаг байна. Дээрх хэдэн агуулгын хүрээнд био ёс зүйн талаар онолын ерөнхий ойлголт авч болно. Харин практик дээр гэвэл олон жишээ бий. Тухайлбал, үр хөндөлт, генийн инженерчлэл. Үр хөндөлт манай улсад тулгамдаад буй асуудлын нэг. Энэ нь хэдийгээр эмч, эх хоёрын хооронд шийдэгдэх асуудал мэт боловч үүний цаана нийгмийн болон философи, хүний эрхийн асуудал хөндөгдөж байдаг. Генийн инженерчлэл ч мөн адил олон салбарын, олон асуудлын уулзвар дээр байдаг. Орчин үед гений инженерчлэл хүн төрөлхтнийг хэрхэн өөрчлөх вэ гэдэг асуулт хүртэл гарч ирж буй. Био анагаахын судалгааны ёс зүй хүний эрх, эрх чөлөөг шууд хөнддөг эмзэг асуудал учраас төрийн бодлогын түвшнээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхан шатны байгууллага хүртэл бүх шатанд анхаарч, сахин хэрэгжүүлэх, анхаарах шаардлагатай гэж үздэг байна. Манай улсад 2000-аад оны эхэн үеэс ЭМЯ болон сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны зарим байгууллагын дэргэд анагаах ухааны ёс зүйн хяналтын хороо, салбар хороод байгуулагдан ажиллах болжээ. Харин төрийн бодлогод био ёс зүйн асуудал тусгагдаагүй өнөөг хүрсэн байна. УИХ-аас 2003 онд баталсан “Монгол Улсад Хүний эрхийг хангах хөтөлбөр”-т энэ асуудал огт тусгагдаагүй. Хүний эрхийн комиссоос зохион байгуулж буй ажлууд, уг комиссоос сүүлийн 20-иод жилийн турш жил бүр тогтмол гаргаж буй Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын тайлан илтгэлд эдүгээ хүртэл эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, био анагаахын судалгаа, туршилтад хүний эрхийг хамгаалах асуудал хөндөгдөөгүй. Гэвч энэ нь Монголд био ёс зүйн зөрчил гардаггүй гэсэн үг биш. Анагаахын салбарын эрдэмтэн, судлаачид био ёс зүйн зөрчлийн талаар мэр сэр бичиж байжээ.
Баримт-1. 2008-2013 онд хэрэгжсэн Монголын мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төслийн хүрээнд хөхний болон умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд өсвөр насны охидыг хамруулсан. Энэ нь монгол хүний эрүүл мэндийг дэмжих, эмчилгээ, урдчилан сэргийлэлтийн шинэ арга нэвтрүүлэхэд чухал хувь нэмэртэй ажил байсан боловч ёс зүйн үүднээс Монголд мөрдөж буй “Эмчилгээ, оношлогоо, урьдчилан сэргийлэлтийн шинэ арга туршин нэвтрүүлэх” журмын дагуу ёс зүйн зөвшөөрөл аваагүй, өөрөөр хэлбэл дүрэм, журмын дагуу зохион байгуулагдаагүй гэнэ. Үүгээрээ био ёс зүйн зөрчил гэж болох аж.
Баримт-2. Манай эрүүл мэндийн салбарынхан байсхийгээд л “Эрдэм шинжилгээ-онол практикийн бага хурал” зохион байгуулдаг. Уг хурлаараа ямар нэг байдлаар хүний оролцоотой хийсэн судалгаанд тулгуурласан илтгэл тавьж хэлэлцүүдэг. Гэтэл ийм судалгаанд хүмүүсийг хамруулахдаа био ёс зүйг зөрчих тохиолдол олон гардаг байна. Энэ нь Монгол Улсын хүлээн зөвшөөрч нэгдсэн олон улсын баримт бичгийн заалтыг эрүүл мэндийн салбарын зарим судлаач зөрчиж байна гэж Доктор, профессор Х.Дамдинжав, доктор Ц.Нямсүрэн нар “Монгол дахь био анагаахын судалгааны ёс зүйн өнөөгийн төлөв, цаашдын хандлага” илтгэлдээ онцолжээ. Ийм хандлага манай анагаахын салбарт газар авсныг тэд мөн дурдсан байна.
Гадаад орнуудад суралцаж байгаа зарим докторант болон бусад судлаач эрүүл мэндийн судалгаанд эрүүл монгол хүний цус, ийлдсийг ихээр ашиглаж, гадаадын лабораториудад зөөвөрлөн шинжлүүлж байгаа нь монгол генийн сангийн нарийн эмзэг нууцыг харьд алдах, энэ нь улмаар үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлөхийг үгүйсгэх арга үгүй юм.
Доктор, профессор Х.Дамдинжав, доктор Ц.Нямсүрэн нарын илтгэлээс
Хэнийг ч эрүү шүүлт, харгислал, хүмүүнлэг бус эмчилгээ, шийтгэлд хамааруулж үл болно. Бүр тухайлбал хэнийг ч өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр анагаах ухааны болон шинжлэх ухааны туршилтад хамруулж үл болно.
Иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын пакт. 7-р зүйл. НҮБ.
Өндөр хөгжилтэй орнуудын судлаачид хөгжиж буй болон хөгжлөөр буурай орнуудын хүн ам, тэр дундаа эмзэг бүлгийн хүмүүсийг био анагаахын судалгаанд хямд төсөр зардлаар хамруулж, амьдралын бэрхшээлтэй байдлыг нь ашиглах сөрөг хандлага түгээмэл байгаа гэдгийг ДЭМБ болон бусад олон улсын байгуулагуудаас онцгойлон анхааруулсан байдаг аж. Дээр дурдсан баримтууд Монголд дахь ийм зөрчлийн илрэл байхыг үгүйсгэхгүй.