
Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлдгээр бидний, чиний амьдрал цөм “амаргүй” байна. “Сайн явах санааных, сайхан төрөх заяаных” гээд сайн явахыг хичээж, борви бохисхийлгүй хөдөлмөрлөсөн ч амар биш байна.
Бүтэхгүй, болохгүй амьдралдаа өөрөөсөө өөр шалтаг, шалтгаан, буруутай хүн эрэхгүй байхад нэмэр алга. Хэдийгээр ийм байлаа ч өнөө маргаашаа биш үгүйдээ ирэх хоёр, гурван жилээ төсөөлөх гээд өндийгөөд харъя. 2028 оны сонгуулиас өмнө Монголын эдийн засагт нар гийж, өрх гэрийн эдийн засаг өндийх болов уу.
2026 оны наймдугаар сарын 20-нд өргөн барьсан 2027 оны төсвийн төсөлд “Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2027 онд 5.6 хувь, 2028 онд 5.0 хувь, 2029 онд 5.15 хувь байхаар төсөөлөгдөж байна. Монгол Улсын эдийн засаг тогтворгүй бөгөөд хэврэг, хүртээмжтэй бус байгаа бөгөөд 2025 оны эдийн засгийн өсөлт өндөр гарсан хэдий ч энэхүү өсөлт нь дунд хугацаанд үргэлжлэх баталгаа багатай байна” гэжээ.
Мөн Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн төлөвийг танилцуулсан (2026.09.23). Тус банкны зүгээс дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий буюу эдийн засгийн өсөлтийг 2026 онд 5.7 хувь, 2027 онд 6 хувь байна гэсэн өмнөх таамаглалаа хэвээр үлдээсэн. Энэ бүхнээс үзвэл эдийн засаг өсөх нь ч өсөх юм байна. Гэхдээ иргэдийн амьдрал сайжрах болов уу. Улсын маань эдийн засаг хагас жилээр чухамхүү өсөлттэй гарсан ч бидний амьдрал дээрдсэнгүй. Асуудал нь юундаа байна вэ?
Эдийн засагч Ө.Мөрөн
Монгол Улсын эдийн засаг эхний долоон сарын байдлаар 7.7 хувийн өсөлттэй гарсан. Өсөлтийг эдийн засгийн салбараар нь задлаад үзэхээр 3.7 хувийн өсөлт нь уул уурхайд, 0.8 хувийн өсөлт нь тээвэрлэлтийн салбарт оногдож байна. Нэг салбарын өсөлт 60-70 хувийг нь эзэлчихсэн. Үйлчилгээ болон худалдааны салбарт эдийн засгийн өсөлт гараагүй. Тэгш бус байдал өндөртэй байгаа учир эдийн засгийн өсөлт нийтэд мэдрэгдэхгүй байгаа юм.
Эдийн засагч Р.Даваадорж
Одоогийн эдийн засгийн тоонуудыг харахад “эдийн засаг өссөн ч айл өрхийн амьдралд мэдрэгдэхгүй байна” гэж дүгнэх бодит үндэслэлтэй. 2026 оны эхний хагаст ДНБ 7.7 хувь өссөн ч өсөлт голчлон уул уурхай, тээвэрт оногдож байгаа. Харин бусад салбарын идэвх сул байна. Бүр илүү тодорхой хэлбэл, 2026 оны II улиралд өрхийн бодит хэрэглээ 4.9 хувиар агшсан. Уул уурхайн экспорт, олборлолт огцом өсөхөд ДНБ өндөр гарч болно. Гэтэл тэр орлого цалин, ажлын байр, жижиг бизнесийн борлуулалтаар өрхүүдэд хүрэхгүй бол хүмүүс өсөлтийг мэдрэхгүй. Өсөлт уул уурхайд төвлөрсөн хэвээр, инфляц өндөр байвал макро түвшинд эдийн засаг өссөн ч өрхийн бодит худалдан авах чадвар хурдан сэргэхгүй байх шинжтэй байна.
Уул уурхай, тээвэр ложистикоос гадна худалдаа үйлчилгээ, мал аж ахуй зэрэг олон салбарт өсөлт гарч, мөн инфляц тогтуун байж гэмээнэ иргэдийн амьдрал өндийнө. Гэвч харамсалтай нь төсөвт зурагласнаар ирэх жилүүдэд бидний орлого олох зүйл нь өнөөх л нүүрс. Тиймээс эдийн засгийн өсөлт нь нөгөө хоёр салбарт л гарах өсөлтийг тооцсон дүн юм.
2026 оны наймдугаар сард инфляц 12.5 хувьтай гарсан. Өмнөх сарын 13 хувиас буурсан нь сайн мэдээ. Харин төсвийн төсөөлөлд ирэх оны инфляцыг 2027 онд 7.2 хувь, 2028 онд 7.0 хувь, 2029 онд 6.7 хувь байхаар төсөөлж, дунд хугацаанд буурах хандлагатай байна гэж тодорхойлсон. Харин мэргэжлийн байгууллагууд ирэх жилүүдийн инфляцын төсөөллөө улам нэмэгдүүлсэн юм. АХБ нь 2026 оны инфляцын төсөөллийг 7.8-10.7 хувь, 2027 оны төсөөллийг 6.8-8.3 хувь болгон тус, тус нэмэгдүүллээ. Энэхүү шинэчлэн тооцсон төсөөлөлд махны үнийн өсөлт, мөн түлш шатахууны үнэ болон үйлчилгээний төлбөрүүд нэмэгдсэн нь нөлөөлснийг онцолсон.
Мөн ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд доголдол үүссэний зэрэгцээ Ойрх Дорнодын мөргөлдөөнтэй холбоотой үнийн дарамт нэмэгдэж буй нь бүс нутгийн түлшний нийлүүлэлтийг хумьж, зардлыг нэмэгдүүлж байна гэж тайлбарлаж буй. Харин эдийн засагчдын зүгээс 2026 оны төсвийнг тодотгож, цалин, тэтгэврийг нэмбэл инфляц нэмэгдэж, хувийн хэвшлүүдэд дарамт ирнэ гэдгийг хэлж буй юм. Төсвийн тодотголоор нийт зарлагыг 998 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, хөрөнгийн зардлаас 154.1 тэрбум төгрөгийг танах замаар урсгал зардлыг 1.2 их наяд төгрөгөөр нэмэхээр төсөлд тусгаад буй. Энэ мөнгөний 58.6 хувийг цалингийн нэмэгдэлд, 13.6 хувийг тэтгэврийн нэмэгдэлд, 10.4 хувийг стратегийн хүнс, шатахууны нөөц бүрдүүлэх, 13.8 хувийг эрчим хүчний засвар, тоног төхөөрөмж, үнийн өсөлтөөс хамгаалах дэмжлэг хэлбэрээр, 3.5 хувийг боловсролын салбарт буюу гэрт ойр сургууль хөтөлбөрт зарцуулахаар төлөвлөжээ. Үндсэндээ 80 орчим хувийг цалин хөлсний нэмэгдэлд зарцуулахаар төлөвлөсөн.
Эдийн засагч Б.Алтанцэцэг
Төрийн сектороос гарч байгаа аливаа орлогын өсөлт эргээд юмны үнэн дээр очиж буугаад байна гэдгийг иргэд ч мэдэж байна. Худалдан авах чадварт нь нөлөөлж байгааг ойлгож байна. Цалин, тэтгэвэр нэмэгдэхийн хэрээр юмны үнэ дагаад өсчихвөл цалин нэмэгдээгүй үетэй худалдан авах чадвар нь адилхан л байна. Орлого нь өсөөгүй буюу төрд ажилладаггүй хувийн хэвшлийнхэнд энэ нь бүр ч илүү дарамт болж, худалдан авах чадварт нь нөлөөлж байна.
Эдийн засагч Б.Лакшми
Төсвийн тодотголоор цалин нэмж буй нь өрхийн орлого амьжиргааг нэмэгдүүлэх тал дээр тустай алхам болохгүй сөрөг алхам болох нь харагдаж байна. Шатахууны үнэ инфляцад нөлөөлж байгаа энэ үед төсвийн зарлагыг нэмэгдүүлснээр инфляцыг хурдасгах эрсдэлийг дагуулж байна.
Эдийн засагч Р.Даваадорж
Өнөөгийн үнийн өсөлт бол өмнөх жилүүдийн шийдвэр гаргагчдын буруу хариуцлагагүй шийдвэрүүдийн үр дагавар юм. Энэ тодотголоор энэ асуудлаа яг хуучин аргаар шийдэхийг оролдож байна. Өөрөөр хэлбэл, өмнөх бодлогын алдаагаа давтаж байна.
Цалин нэмээд эдийн засаг сэргэсэн үү гэвэл үгүй. Төсвөөс цалин хөлсөнд зарцуулж байгаа сүүлийн гурван жилийн статистикийг харвал 2022 онд 1.7, 2023 онд 2.3, 2024 онд 5.4, 2025 онд 6.2 наяд төгрөг болж, цалингийн зардал өсжээ. Ердөө гурван жилийн хугацаанд 264.7 хувиар буюу 3.6 дахин өссөн байна. Энэ хэр, хэмжээгээр иргэдийн тэр тусмаа төрийн албан хаагчдын амьдрал сайжирсан уу гэвэл бас л үгүй. Инфляцдаа буцаад идүүлсэн гэдгийг эдийн засагч байтугай энгийн иргэд ч бэлхнээ хэлнэ. Төсвийн зардал 1 их наяд төгрөгөөр өсөхөд эдийн засгийн өсөлт 3 улирлын дараа 1.2 нэгж хувиар өсдөг ч инфляц дөрвөн улирлын дараа 0.9 нэгж хувиар, суурь инфляц 1.2 нэгж хувиар өсдөг хамааралтайг Төв банкнаас ч мөн сануулж байгаа юм. Бүтээмжид суурилж, цалинг нэмэхийг мөн л сануулдаг. Гэвч нийтээр нь хавтгайруулж нэмсээр л сууна. Цалин, тэтгэврийг зөвхөн жил бүр автоматаар нэмэхээс илүү ажлын бүтээмж, үр дүнтэй нь уялдуулж нэмдэг тогтолцоо нь илүү сайн ажиллаж, илүү их үр дүн гаргасан иргэдийн орлого нэмэгдэхийн зэрэгцээ төсвийн ачааллыг хэт өсгөхгүй байх боломжтой.
Мөн орлогоо хэт өөдрөгөөр төсөөлж, зарлагаа хэт тэлэхгүй байхыг төсөв батлах бүрийд эдийн засагч болон олон улсын байгууллагууд сануулдаг.
Жишээлбэл, 2026 оны төсвийн тодотголд “Нээлттэй нийгэм форум”-аас зөвлөмж хүргүүлэхдээ Төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн хэмжээг огцом нэмэгдүүлэх нь инфляц хөөрөгдөх эрсдэлтэйг анхаарч, нэмэгдлийг эдийн засгийн нөхцөл, төсвийн боломжтой уялдуулан тогтоохыг сануулсан. Гэвч өмнөх алдаагаа дахин, дахин давтаж, улсын өр ихсэж, инфляц гэрлийн хурдаар өсөж, иргэдийн амьдрал улам доройтсоор байна.
Эдийн засагт олон талын сөрөг нөлөө авчрахыг мэдсээр байж Ерөнхий сайд, УИХ-ын даргатай нийлээд Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж, цалин тэтгэвэр нэмэх гэдэг сонгууль угтсан улстөржсөн бодлогоо хэрэгжүүлэх гэж байна. Сонгуулийн жил төсөв өмнөх оноосоо огцом нэмэгддэг жишиг манайд тогтоод удаж байна. УИХ-ын сонгууль болсон 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016, 2020, 2024 онуудад төсөв өмнөх оноосоо 19.2-41.2 хувь огцом өссөн байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд энэ байдал улам л өсөн нэмэгдэж, төсвийн хэмжээ мөнгөн дүнгээр эрс нэмэгдсэн. Тухайлбал, 2016 онд төсвийн зарлага өмнөх оноос 2.36 их наяд төгрөгөөр, 2020 онд 2.24 их наяд төгрөгөөр, харин 2024 онд 8.08 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Сонгуультай жил төсөв хэрхэн өсдөгийг дараах хүснэгтээс дэлгэрэнгүй харах боломжтой.

Засгийн газрын өрийн нэрлэсэн үлдэгдэл 2025 оны жилийн эцсийн байдлаар 35.4 их наяд төгрөг, ДНБ-ий 39.4 хувьтай тэнцэж байсан бол 2026 оны эхний хагас жилийн байдлаар 36.2 их наяд төгрөг, ДНБ-ий 35.5 хувьтай тэнцэж байна. Үүнээс Засгийн газрын өр 33.3 их наяд төгрөг, орон нутгийн өр 2.7 их наяд төгрөг, Засгийн газрын өрийн баталгаа 0.2 их наяд төгрөгийг эзэлж байгаа бөгөөд Засгийн газрын нийт өрийн 94.4 хувийг гадаад өр, 5.6 хувийг дотоод өр эзэлж байна.
Монгол Улс өрөө дарж дийлэхгүй, өрөө дарахын тулд дахин өр тавин өрийн хавханд орсныг хамгийн сүүлийн уг жишээ гэрчилнэ. Монгол Улсын Засгийн газраас 2026 оны гуравдугаар сарын 3-нд олон улсын санхүүгийн зах зээлд 500 сая ам.долларын 6 жилийн хугацаатай, 5.95 хувийн хүүтэй “Сенчири-5” бондыг арилжаалсан. Энэ нь бүтээн байгуулалт хийж, буцааж мөнгө олох салбарт оруулсан хөрөнгө оруулалт бус 2026 онд төлөгдөх 5.125 хувийн хүүтэй “Номад” бонд, 2028 онд төлөгдөх 8.65 хувийн хүүтэй “Сенчири-2” бондын хүүний зардлыг бууруулсан юм.

Сангийн сайд асан Б.Жавхлан
“Сенчири-5” бонд шинэ төсөл арга хэмжээг санхүүжүүлэх зорилготой биш. 2026- 2028 он хүртэл үргэлжилж буй өндөр үнэтэй бондуудын хүүгийн зардлыг буулгах, мөн 2026, 2027, 2028 онд нэг дор орж ирэх өндөр төлбөрүүдийг хугацаагаар нь төсөвт дарамт багатайгаар тараан байршуулах зорилготой байсан.
Эдийн засагч Р.Даваадорж
2027 онд төсвөөс өрийн үндсэн төлбөр, хүүд 5.23 их наяд төгрөг гарна. Үүнээс 3.66 их наяд нь үндсэн төлбөр, 1.57 их наяд нь зөвхөн хүү. Өрийн үйлчилгээ ганцхан жилийн дотор 3.16 их наядаас 5.23 их наяд болж 65.3%-иар өсөж байна. Аймар шүү. Цаашид энэ тоо геометрын прогрессор өснө гээд төсөөл дөө. 2027 онд бас Century-1-ийн 1.62 их наяд төгрөгийн төлбөр таарч байгаа. 2028 онд Century-2-ын үлдсэн төлбөр, цаашлаад 2029 онд Century-3-ын төлбөрийн хуваарь үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хуучин өрийн том төлбөрүүд эхлэхийн яг өмнө тогтмол зардлаа дахин томрууллаа.
Гэтэл ийм хүнд нөхцөл байдалтай байсаар атал хоёр их наядын алдагдалтай төсөв оруулж ирж, цалин тэтгэврийг нэмэхдээ өр төлбөр тавихаар болоод буй. Засгийн газрын өр ийнхүү нэмэгдсэнээр Монгол Улсын зээлжих зэрэглэл буурч, олон улсаас олж ирэх санхүүжилтийн суурь хүү өсөх эрсдэлийг дагуулж байна.
Эдийн засагч Ө.Мөрөн
Монгол Улсын зээлжих зэрэглэл буурснаар банкууд болон аж ахуйн нэгжүүд олон улсаас бонд босгох өртөг өндөр болно. Жишээлбэл, банкууд энэ олж ирсэн мөнгөөр зээл олгоход хүү өндөртэй зээл олгох, аж ахуйн ашиглахад зардал өндөр тусах тул компаниуд ажилтнаа цомхотгож, бүтээгдэхүүнийхээ өртгийг нэмэх арга хэмжээ авна. Улсын өр гэдэг том зургаараа хувийн хэвшилдээ хүчтэй нөлөө үзүүлдэг. Зээлийн хүүг бууруулна гэж байгаа ч Монгол Улсын өрийн хэмжээ ихэссэнээр зээлийн хүү бууруулах боломжгүй. Суурь өртөг нь өсөж байгаа учир боломжгүй. Засгийн газар зээлийн хүүг бууруулна гэвч авч буй арга хэмжээ нь эсрэгээрээ байна. Өрөө нэмэхгүй, ядаж алдагдалгүй төсөв батлах нь Засгийн газрын хувьд маш чухал байна.
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт болон холбогдох албаныхантай (2026.09.23) уулзав. Уулзалтын үеэр тэрээр эдийн засгийн өсөлт 7.6 хувьд хүрч, экспортын орлого 14.4 тэрбум ам.доллар болж өмнөх оноос 57 хувиар өссөн бол төлбөрийн тэнцэл 826 сая ам.долларын ашигтай гарсныг онцлоод, эерэг үзүүлэлтүүдийн үр нөлөө иргэдийн амьдрал, өрхийн санхүүгийн байдалд бүрэн мэдрэгдэхгүй байгааг тодотгов. Мөн 2027 оны мөнгөний бодлого төгрөгийн тогтвортой байдлыг хангах, инфляцыг зорилтот түвшинд хадгалж, эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг иргэн, өрх бүрд бодитоор хүргэхэд чиглэх шаардлагатайг сануулав. УИХ-ын гишүүдийн бүгдээрээ нийлээд нэмье гэж баталсан тэтгэвэр, тэтгэмж, цалин цавууны нэмэгдэл нь инфляцад хамгийн их гай болсоор байтал та нар инфляцаа барь гээд Монголбанкныхныг загнаад суухыг нь харахаар өөрөө өөрийгөө элэглэж суугаа хүүхэд шиг л харагдах. Ийм л эрх баригч, бодлого тодорхойлогчид бидний амьдралыг улам доройтуулах нь.
Өөр нэг таагүй мэдээ нь татварын орлого тасрах. 2027 оны төсвийн төсөлд аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг бууруулахаа мэдэгдсэн. Энэ хүрээнд том, дунд аж ахуйн нэгжийн татвар ногдох ашиг 6.0 тэрбум төгрөг хүртэл бол 10 хувь, 6.0-10.0 тэрбум төгрөг бол 15 хувь, 10.0 тэрбум төгрөгөөс дээш бол 25 хувийн татвар ногдуулна хэмээж буй. Мөн жижиг, бичил аж ахуйн нэгжид нэг хувийн татвар ногдуулах борлуулалтын орлогын босгыг 1.5-2.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, 180 мянга орчим аж ахуйн нэгжийг хамруулахаар төлөвлөж буй. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн үр дүнд бизнес эрхлэгчдийн татварын ачаалал нийт 246.0 тэрбум төгрөгөөр буурахаар тооцоолол хийсэн. Үүнээс гадна ногоон хөрөнгө оруулалтыг дэмжих хүрээнд сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, нарны хавтан, цахилгаан хураагуур, цэнэглэгч станц, мөн 0-3 жилийн насжилттай цахилгаан тээврийн хэрэгсэл, машин механизмын импортын гаалийн болон онцгой албан татварыг гурван жилийн хугацаанд тэглэнэ, мөн цахилгаан автомашины цэнэглэгч станц байгуулсан болон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн аж ахуйн нэгжид татвар ногдох орлогын нэг хувь хүртэлх хэмжээгээр хөнгөлөлт үзүүлж, хувийн хэвшлийн ногоон шилжилтийг дэмжихээр тусгаад буй. Шат дараалан хөнгөлөх энэхүү хөнгөлөлтийн хүрээнд 2028 он гэхэд төсөвт орж ирэх орлого гурван их наядаар тасрах тооцооллыг эдийн засагчид гаргаад байна.
Монгол Улсын нүүрсний гол зах зээл бол Хятад. Өнөөдөр бид БНХАУ руу нүүрсээ экспортолж, валютын орлого болон төсвийн орлогоо бүрдүүлж байна. Гэхдээ энэ боломж өнөөдрийнх шиг үүрд үргэлжлэхгүй. Одоогоор бидэнд гурван том боломж байна. Нэгдүгээрт, Хятад улс 2030 он хүртэл нүүрсний хэрэглээг өндөр түвшинд хадгалахаар болсон. Гэхдээ үүнээс цааш нүүрсний хэрэглээг тогтворжуулах, дотоодын үйлдвэрлэл болон сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх бодлого барьж байна. Хоёрдугаарт, Ормузын хоолой хаагдсанаас болж, газрын тосны нийлүүлэлт, үнийн эрсдэл нэмэгдэх үед Хятад нүүрсийг зөвхөн эрчим хүч, гангийн үйлдвэрлэлд бус химийн үйлдвэрийн түүхий эд болгон ашиглаж байна. Нүүрснээс хуванцар болон бусад химийн бүтээгдэхүүний түүхий эд үйлдвэрлэх хүчин чадал ч нэмэгдэж байна. Гуравдугаарт, дотоодын нүүрсний хэрэгцээний гуравны нэгийг хангадаг БНХАУын Шаньси мужийн уурхайнуудын шалгалтын үеэр дотоодын нийлүүлэлт хумигдахад Монголын нүүрсний эрэлт нэмэгдсэн. 2026 оны дөрөвдүгээр сард Монголын Хятад руу хийсэн нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс огцом өссөнийг статистик харуулна. Гэхдээ удахгүй хяналт шалгалт дуусаж, үйлдвэрлэл хэвийн нөхцөлд орно гэдгийг хэлж буй. Бид нүүрсээ гаргадаг олон зах зээлтэй биш. Үндсэндээ ганц зах зээлтэй. Тиймээс 2030 он хүртэлх хугацааг зүгээр л нүүрсээ их хэмжээгээр зараад өнгөрөөх бус олсон орлогоороо хуримтлал үүсгэх, валютын нөөцөө нэмэгдүүлэх, өрөө бууруулах, боловсруулах үйлдвэрлэл болон шинэ экспортын салбар бий болгоход зарцуулах шаардлагатай байна. Нүүрсний зах зээл хумигдахад орлого тасрахгүй байх эдийн засгийг өнөөдөр бий болгох ёстой.
Ерөнхий сайд асан Г.Занданшатар
Нүүрсний эрэлт болон үнэ 2030 оноос огцом буурахаар байна. Гэтэл Тавантолгой бүлэг ордын Бортолгой, Ончхараат, Оорцог, Бортээгийн хэсгүүдэд одоогоор олборлолт эхлээгүй байна. Цаг алдалгүй шийдвэр гаргаж, боломжоо өнөөдөр ашиглах нь маргаашийн тогтвортой байдлын үндэс юм.
Гэтэл эрх баригчид маань иймэрхүү дүр зурагтай сууна. Товчхондоо, эзэн нь ч хичээгээд, заяа нь ч хичээгээд ч хүчрэгдэхгүй байгаа “амаргүй” энэ цаг үеийг сонгуулиас сонгууль хоорондох “амаргүй” улстөрчид бидэнд ийнхүү бүтээж өгч байна.
“Монголын эдийн засаг өсөх үү, 2028 он гэхэд эдийн засгийн өсөлт айл өрхүүдийн амьдралд бодитоор мэдрэгдэх үү” гэсэн асуултад эдийн засагчид эдийн засгийн өсөлт үргэлжилсэн ч энэ нь өрх бүрийн орлого, худалдан авах чадварт ижил хэмжээгээр нөлөөлөхгүй гэсэн хариулт өгч байна.
Учир нь эдийн засгийн өсөлт өндөр байсан ч төсвийн зарлага орлогоосоо хурдан тэлж, дотоодын эрэлтийг хэт өдөөвөл суурь инфляц нэмэгдэх эрсдэлтэй. Харин цалин, тэтгэвэр, тэтгэмжийн өсөлтөөс бий болсон орлогын нэмэгдлийг үнийн өсөлт “идэж” эхэлбэл бодит орлого нэмэгдэхгүй. Үүн дээр геополитикийн тодорхойгүй байдал, эрчим хүч, хүнс, импортын түүхий эдийн үнэ өсөх зэрэг гадаад хүчин зүйлс нэмэгдвэл импортын инфляц дотоодын үнийн дарамтыг улам нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл, ДНБ өсөж болно. Гэхдээ инфляцыг хассан бодит орлого, нэг хүнд ногдох орлого, өрхийн худалдан авах чадвар зэрэг үзүүлэлтүүд зэрэг өсөж байж эдийн засгийн өсөлт иргэдэд бодитоор хүрнэ. Тиймээс 2028 он гэхэд Монголын эдийн засаг “өссөн” байх эсэхээс илүү өсөлт нь инфляцаас давж, өрхийн бодит орлого нэмэгдсэн байх уу гэдэг нь хамгийн чухал үзүүлэлт юм.