Монгол Улсын дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ "Монголын үндэсний бөхийн холбоонд үүссэн асуудал бол арав гаруй жилийн түүхтэй. Одоо ямар нөхцөлтэй байна вэ гэвэл бөхийн өргөө хаалттай байгаа. Яагаад гэхээр, "Та бүхэн олон нийтийн энэ өмчид халдахгүй гэсэн бичиг гаргаж өг. Тэр цагт хамгаалалтаа буулгана" гэж цагдаагийнхан хэлж байгаа. Тиймээс бид хоёр нэгдүгээрт, ахмад хүмүүс, хоёрдугаарт монгол бөхийн хамгийн дээд цолыг авсан хүмүүсийнхээ хувьд асуудлыг шийдэх нь зүйтэй гэж үзлээ. 20 насны зөрүүтэй бид хоёр монгол бөхийн дэвжээнд аав хүү хоёр шиг, ах дүү хоёр шиг явсан. Энэ үүднээсээ хэд хэдэн уудаа уулзаж ярилцаад асуудлыг шийдэх нь зүйтэй гэж үзлээ. Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүний төлөө өрсөлдөж байгаа асуудал бол үүнээс тусдаа. Тэр асуудлаар шүүх ямар шийдвэр гаргахаас үл хамаарч бид хоёр гарц шийдэл олох нь зүйтэй гэж үзсэн юм. Үүнийхээ дагуу долоон хүний бүрэлдэхүүнтэй хамтран ажиллах түр зөвлөл байгуулсан. Түр зөвлөлд бид хоёроос гадна гарьд Б.Гантогтох, И.Доржсамбуу, заан Б.Сайнбаяр, Ц.Магалжав, аймгийн заан, доктор Энхням нар орсон. Түр зөвлөл ажиллаж эхэлснээр бөхийн өргөөний үйл ажиллагаа хэвийн явагдана. Шүүхээр явж байгаа маргаан ямар хугацаанд үргэлжлэхийг хэлж мэдэхгүй. Тиймээс шүүх ямар ч шийдвэр гаргасан хоёр тал Их эеэ шинээр хуралдуулна гэж тохирсон. Би маргаан үүссэн үед Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр цаашид ажиллахгүй гэдгээ хэлсэн. Одоо ч энэ байр сууриндаа байгаа" гэлээ.
Мөн Дархан аварга Х.Баянмөнх "Бөхийн холбооны маргаанаас үл хамаарч Б.Бат-Эрдэнэ бид хоёр бурхнаас заяасан үүргийнхээ дагуу энэ будлиантай асуудлыг шийдэх ёстой. Өөрөөр хэлбэл, монгол бөх бичигдээгүй хуулиар, цагийг эзэлсэн их аваргуудынхаа зан заншил, ёс суртахуунаар явсаар өдийг хүрсэн. Холбоотой, холбоогүй явсаар ирсэн гэсэн үг. Тиймээс бид жудгаа гаргаж, эрэмбэ зиндаагаа эдэлж бөхчүүдээ удирдаж зохион байгуулах ёстой. Ийм өртэй хүмүүс. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол хэцүүдлээ. Бөхчүүд нь барилдах газаргүй зодог шуудгаа цүнхэлчихээд яваад байдаг. Иргэд ч үзэх харах юмгүй байна. Ес эхэлсэн энэ үед бөхийн өргөө дотор талдаа ямар байдалтай байгааг мэдэж байгаа хүн алга. Тэнд ажилладаг 30 гаруй хүн цалин мөнгөгүй байж байна. Ийм амьдралтай байж болохгүй. Тиймээс бид уулзаж ярилцаад бөхчүүдийнхээ эрхийг хүндэтгэж ийм шийдвэр гаргалаа. Шүүхийн асуудал шүүхээрээ явна биз. Би бол Л.Чинбатын холбоо нь хууль ёсных гэж үздэг хүний нэг. Б.Бат-Эрдэнэ аварга бол наймдугаар Их эеэс сонгогдсон тэргүүн. Бид хоёр энэ байр сууринаасаа ухраагүй. Гэхдээ түүнээс наана үүссэн асуудлыг шийдэж монгол бөхийнхөө төлөө ажиллахаар шийдлээ. Шүүхийн шийдвэр аль ч талдаа гарсан байсан бидэнтэй зохицож байж нэгдсэн хурлаа хийнэ. Ингэхгүй бол маргаан дахиад л үргэлжилнэ" гэлээ.