Шинэ жилийн баярыг санагдуулдаг содон дурсамж хүн бүрт бий. Тийм нэг дурсамжтай үйл явдал “Шинэ жилийн факт” баярын хөтөлбөрт өрнөнө. Аялалд явсан эхнэрээ эргэж ирэхээс нь өмнө гэртээ үдэшлэг зохиосон Идэрээ болон Ганаа нар өглөө сэрээд хүндхэн байдалд орсноор үйл явдал эхэлнэ. Хэцүүхэн асуудалтай тулгарч эхнэртээ баригдсан хоёр залуугийн факт үзэгч таны баярын уур амьсгалыг таатай болгох нь дамжиггүй.

Хүлэгү комедис болон Номадиа пикчерсийн хамтын бүтээл “Шинэ жилийн факт” баярын хөтөлбөр Юнивишн, Скаймедиа, ДдэшТв, LookTV-гийн видео санд байршсан бөгөөд үзэгчдийн заавал үзэх шинэ жилийн контент болжээ. Учир нь баяр ойртох тусам  найз нөхөд, гэр бүлээрээ ширээ тойрон суугаад шимтэн үзэх нэвтрүүлэг, хөтөлбөр юу байх бол гэсэн хүлээлт хэн бүхэнд байдаг. Тэр хүлээлтэд нийцсэн шинэхэн контентын найруулагчаар С.Баттулга, зохиолчоор С.Сумъяа ажиллаж гол дүрд жүжигчин Д.Энхбаяр, Ш.Жавхлан, Г.Алтаншагай, Б.Одончимэг, Б.Баатархүү, Ц.Нямжав, Ө.Мөнх-Эрдэнэ, Э.Батхүү, Д.Төмөрбаатар, Б.Ариунгэрэл нар тогложээ.

Уншигч танд содон дурсамжтай, адал явдлаар дүүрэн өнгөрүүлсэн шинэ жил байдаг уу? Он гарах мөчид гэртээ амжиж ороогүй, сонирхолтой газар ганцаараа шинэ оноо угтсан эсвэл найзуудтайгаа хамт өнгөрөөсөн бүтэлгүй адал явдал гэх мэтээр факталж байсан дурсамж байдаг бол “Шинэ жилийн факт” баярын хөтөлбөрийг үзэж хуучин дурсамжаа санаарай.