Зул сарын гацуурын чимэглэл бидэнд баярын уур амьсгалыг авчрахаас гадна эцэг эхээсээ өвлөн авч, үр хүүхэддээ дамжуулах гэр бүлийн нандин дурсгал болдог. Шинэ жилийн гацуурын чимэглэл хаанаас үүсэж, хэрхэн хувьсан өөрчлөгдөж ирсэн түүхээс сонирхуулья.
Гоё, гэрэл гэгээтэй, амттай
Сүүлийн хэдэн жилд гацуурыг амттанаар чимэх хандлага их болжээ. Гэтэл энэ нь цоо шинэ зүйл биш аж.Зул сарын анхны чимэглэлийг шашины номлогч Мартин Лютер алс тэртээх 1512 онд бодож олсон нь алим, лаа байжээ. Эхнийх нь Адам, Ева хоёрын амталсан танин мэдэхийн модны үр жимсийг, лаа нь бурхан агуу их хайрын бэлгэдэл байсан гэнэ. Гацуурын оройг тэр шинэчлэгч волхавчуудад бурханд хүрэх замыг заасан Вифлеемын галыг бэлгэдсэн одоор чимсэн байлаа.

Шинэ жилийн гацуурыг урт хугацаанд алим жимсээр чимэглэж иржээ. Дараа нь самар, чихэр, жигнэмэг орлох болов. Дашрамд сонирхуулахад, одоо Европийн орнуудад дундаа нүхтэй жижиг ёотон, шоколадаар бүрсэн жигнэмэгээр чимэглэх хандлага газар авчээ. Мөн гацуурыг дагнасан өнгөтэй хийх, чимэглэлд нь хоёр, гурван өнгө ашиглах болжээ.
Шилэн эрхи ба бөмбөлгүүд
Домог яриагаар бол анхны шилэн бөмбөлгийг Германд Тюрингийн Лауша нутгийн үйлдвэрт 1848 онд хийсэн аж. Тэр жил ургац муу байснаас гацуур чимэглэх алим бараг үлдсэнгүй. Ингээд мастерууд шилэн бөмбөлөг үлээн, дотор талд нь тугалга хийж гаднаас нь оогоор бүрсэн байна. Оросын I Петр хаан 1700 оны нэгдүгээр сарын 1-нд шинэ оныг хамгийн анх тэмдэглэхэд яг тийм шилэн бөмбөлөг авчирсан байжээ.

XIX зуунд Санкт-Петербург, Москвагийн дэлгүүрүүдэд Германы шилэн тоглоомууд зарагдаж эхэлжээ. Дэлхийн нэгдүгээр дайны үеэр Кёльн хотын шилний үйлдвэрт шилэн тоглоомуудыг үлээж эхэлсэн байв. Олзны германчууд шилэн бөмбөлөг хийх аргаасаа орос мастеруудад сургажээ. Энэ үеэс шилэн эрхи гаргаж эхэлсэн гэдэг. Харин Монголд өрнийн соёл нэвтэрч шинэ жилийг өргөн тэмдэглэх болсон тавиад оны үеэс Оросоос гацуурын шилэн тоглоом орж ирэх болжээ. Хөдөө орон нутагт дэвтрийн цаасыг будаж хэлхсэн гинжин чимэглэлээр голчлон ногоон хуш модыг чимдэг байв. Мөн тавиад оны сүүлчээр хятадуудаас сурсан цаасан цоолтуур, хайчилбар бас нэг чимэг болж байжээ.

Handmade ба уламжлал
Гацуурыг шилэн бөмбөлгөөр чимэглэх нь том хотын чинээлэг давхаргынхны гоёл байлаа. Бусад нь тоглоомыг өөрсдийн гараар эсгий, цэмбэ, картон зэргээр бүтээж байсан бөгөөд тийм чимэглэлүүд XVIII-XIX зуунд Англи, Чех, Дани, Голланд, Америкт гарч иржээ.
Нэгэн үе картон цаасаар зүүж хийсэн биет тоглоомууд ихэд дэлгэрч зүүлт уяаг нь гялгар утсаар чимдэг байлаа. Мөн төмөр утсан хэлхээг өнгө бүрийн будагтай хөвөнгөө ороох чимэглэл ч дэлгэрсэн. Энэ үел гацуурын чимэглэлд алиалагч, сахиусан тэнгэр, усан цэргийн дүрснүүд голлодог байжээ.
Зөвлөлтийн тоглоомууд: Эрдэнэ шиш, шүхэрчин ба улаан цэрэг
Октябрийн хувьсгалын дараа гацуурын чимэглэл хүртэл өөрчлөгдөв. 1927-1937 он хүртэл шинэ оны баяр хориотой байлаа. ЗХУ-д тоглоомын аж үйлдвэр бий болсны дараа гацуурын тоглоомууд улс төрийн сэдэвт захирагдах болов.
Дэлхийн хоёрдугаар дайны дараах хүүхдүүд тоглоомоос фашистуудтай тэмцэлдэж байгаа Өвлийн өвгөнийг олж харсан бол 1937 онд Ленин, Сталин, Маркс, Энгельсийн шилэн дүрсүүд гарч ирсэн байлаа. Гэхдээ эдгээр тоглоомууд богино настай байжээ. Учир нь ийм тоглоомыг маш болгоомжтой өлгөж, хэрэглэхгүй бол удирдагч нараа “хагалж” улстөрийн хэрэгт унах аюултай дагуулжээ. Ингээд үлгэрийн баатрууд чимэглэлд орж ирлээ.


Н.Хрущевын захиргааны үеэр эрдэнэ шиш, тариан түрүү бүхий дүрс дэлгэрч байлаа. Мөн гацуур модонд сансрын нисгэгч, шүхэрчдийн дүрс өлгөх болжээ.ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг 15 улсыг бэлгэдсэн “15 эгч дүү” нэртэй үндэсний хувцастай бүсгүйчүүдийн дүрс ч эрэлттэй тоглоомын нэг байжээ. Харин далаад оноос гацуурын чимэглэл тоглоомнууд илүү энгийн болж, самарын боргоцой, бөмбөлөг, шоо, гүзээлзгэнийн дүрсийг олноор үйлдвэрлэх боллоо.
Гэрлэн гинж ба чийдэн
Анхны цахилгаан гэрлэн чимэглэлийг Америкийн иргэн Ральф Моррис бүтээсэн гэдэг.Түүнээс өмнө гацуурт лаа л асаадаг байсан нт мэдээж галын аюул дагуулж байсан юм. Цахилгаан чимэглэлийг АНУ-д 1895 оноос үйлдвэрлэж, анхны гэрлээр Цагаан ордны өмнөх аварга гацуурыг чимжээ. Хэсэг хугацааны дараа гэрлэн чимэглэлд реле нэмснээр анивчуулдаг болголоо.

Хожим хэвлэлийн үйлдвэрийн хаягдлаар цаасан тууз хийж баярт ашиглах хэв маяг дэлгэрлэв.Зөвлөлтийн Хөдөлмөрийн улсын хорооны тогтоолоор цаасан тууз ороогч гэсэн мэргэжлийг 1984 онд баталсан байдаг. Тугалган цаасны “бороо”-г 1970-1980-аад оны шинэ жилийн баярт өргөнөөр ашиглаж байв.
Он цаг, хэв маягаа дагаад гацуурын тоглоом,шинэ жилийн чимэглэлүүд моодноос гарч, эргээд ирж л байдаг. Гэхдээ аль ч цаг үед тэдгээр нь хүүхэд багачууд төдийгүй томчуулыг ч догдлуулж, шинэ жилийн баярын уур амьсгалд өнгө нэмсээр ирсэн юм.