Сүхбаатар аймагт хилийн орчимд хууль зөрчин зөвшөөрөл олгосон талаар цахим орчинд тархаад буй. Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн алба, хилийн төлөөлөгчийн газрын дарга, хурандаа Ш.Баатарсүхээс тодрууллаа.
-Сүүлийн үед цахим орчинд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Макс Ойл” ХХК-ийн талаар гарч байгаа мэдээлэлд тайлбар өгнө үү?
-Монгол Улсын Засгийн газраас 2016 оны зургадугаар сарын 20-нд 337 дугаар тогтоол гаргаж, Газрын тосны хайгуулын “Ар булаг XXIX” талбайд үндэсний хөрөнгө оруулалттай “Макс Ойл” ХХК-тай “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г 2016 оны долдугаар сарын 6-нд байгуулсан байдаг. Дээрх гэрээний дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам 2017 оны наймдугаар сарын 29-нд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт орших газрын тосны хайгуулын “Ар булаг-XXIX” талбайд газрын тосны хайгуулын үйл ажиллагааг явуулах 114 дүгээр тусгай зөвшөөрлийг найман жилийн хугацаатай олгосон байна.
Хил хамгаалах байгууллага нь ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах ямар нэгэн тусгай зөвшөөрөл олгодоггүй бөгөөд “Макс Ойл” ХХК-д Монгол Улсын Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газраас олгосон хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг үндэслэж, хилийн зурвас, бүсэд нэвтрэх түр зөвшөөрлийг 2017 оны тавдугаар сарын 10-наас эхлэн олгосон.
-Хил дээр үйл ажиллагаа явуулж буй компаниудад ямар хууль эрх зүйн үндсэн дээр зөвшөөрөл олгодог вэ?
-Монгол Улсын Хилийн тухай хуулийн 25.2-т “Хилийн боомт, зурвас, бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг улсын хил хамгаалах байгууллагын дарга батална” гэж заасны дагуу Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2017 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн А/97 тоот тушаалаар “Улсын хилийн зурвас, боомт, бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг баталж, Хууль зүй, дотоод хэргийн яамны энэ оны тавдугаар сарын 24-ний өдрийн 81 тоот захиргааны хэм хэмжээний эрх зүйн актын бүртгэлд бүртгүүлж, нийтээр дагаж мөрдөж байна.
Мөн хуулийн 26.2.2-т “Улсын хилийн зурваст хил хамгаалалтын зориулалттайгаас бусад барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулах, газар ашиглах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Засгийн газраас гаргасан шийдвэрийг үндэслэн улсын хил дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид 26.2.3-т “Иргэн аж ахуйн нэгж, байгууллага нь улсын хилийн зурваст улсын Хил хамгаалах байгууллагын зөвшөөрөлтэйгөөр нэвтэрч энэ хууль болон бусад хууль тогтоомжоор хориглоогүй ажил үйлдвэрлэл явуулах” гэж заасны дагуу хилийн зурваст түр нэвтрэх зөвшөөрөл олгодог.
-Олон нийтийн сүлжээнд “Хилийн торыг тасалсан, аргаа барсан хилийн цэргийн дугаар заставынхан хандив гуйж тороо зассан” гэх агуулга бүхий мэдээлэлд тайлбар өгнө үү?
-Ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа тухайн хэсэгт одоогоор хилийн торон саадгүй бөгөөд 1980-аад оны үед улсын хилийн шугамаас тодорхой зайд хилийн дагуу нутгийн гүнд татсан модон шон бүхий өргөст торон хашааны шонгууд тал хээрийн түймэрт шатсан юм. Ирэх хавар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар аймгийн хилийн хэсэгт торон хашааг сэргээн засварлахаар бэлтгэл хангагдаад явж байна.
Хилийн аймаг, сумдууд жил бүр хуулийн дагуу төсөвтөө хил хамгаалалтад дэмжлэг үзүүлэх зориулалт бүхий нэмэгдэл зардал тусгаж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлдэг явдлыг буруу ойлгож, ташаа тайлбарласан байна.
-Хилийн зурваст Хятад иргэд ажиллаж байсан гэх мэдээлэл бий. Энэ мэдээлэл үнэн, бодитой юу?
-“Макс Ойл” ХХК нь хайгуулын үйл ажиллагаагаа явуулах зорилгоор “Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 106, тавдугаар сарын 16-ны өдрийн 134 дүгээр тогтоолуудын дагуу БНХАУ-ын 23 иргэнийг ажиллуулж байсан. Гадаадаас ажиллах хүч авах, мэргэжилтэн урих, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгохыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Гадаадын иргэд Монгол Улсад оршин суух, бүртгэл болон түүнд хяналт тавих асуудлыг Гадаадын иргэн харьяатын газар хариуцан ажилладаг.
-Хилчид үүргээ биелүүлэхгүй байна, хилийн тороо тасалсан гэх мэдээллийг ташаа гэж ойлгож болох уу?
-Хил хамгаалах байгууллага, хилчид Монгол Улсын хуулиар хүлээсэн чиг үүргээ үнэнчээр биелүүлж, улсын хил хамгаалалтыг тасралтгүй явуулж байгаа болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Та бүхэн олон нийтийн цахим сүлжээнд гарч буй дээрх мэдээллүүдэд ул суурьтай хандаж, шаардлагатай мэдээлэл, эрх зүйн актуудыг Хил хамгаалах байгууллагын вэб сайтаас танилцаж, үнэн зөв мэдээлэл авах боломж нээлттэй байгаа.