Жил бүр таван хувиар нэмэгддэг эрчим хүчний хэрэглээ энэ жил хоёр дахин нэмэгдэж 10  хувьд хүрээд буй. Энэ нь үйлдвэрлэл, өрхийн хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой. Түүнчлэн нийслэлд бол хүн амын суурьшил, агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн хүрээнд иргэдэд үзүүлж буй цахилгааны хөнгөлөлтээс үүдэлтэй гэж болно. Хэрэглээний өсөлтийг дагаад олон жилийн настай эрчим хүчний систем доголдох, мөн насжилтаас үүдэн цаг агаарын үзэгдэлд цахилгаан дамжуулах багана, шугам гэмтэх зэрэг эрсдэл сүүлийн үед ойр ойрхон давтамжтай гарсан. Хамгийн сүүлийн жишээ гэхэд өнгөрсөн долоо хоногт баруун бүсэд болсон цасан шуурганы улмаас  Баян-Өлгий  аймгийн 12,  Говь-Алтай аймгийн тав, Ховд аймгийн 15,  Увс аймгийн 18, нийт 4 аймгийн 50 суманд цахилгаан тасарсан. Түүнээс хоёр сарын өмнө нийслэлд “ДЦС IV”-т “0” зогсолт хийж, нийслэл даяар цахилгаангүй болсон билээ.

Эрчим хүчний системд сэргээгдэх эрчим хүчийг шингээх боломж

Тэгвэл салбар яамнаас энэ асуудлыг шийдвэрлэх ойрын арга замын талаар зөвлөлдөж, гарцыг эрэлхийлжээ. Тодруулбал, өнгөрсөн сарын 28-нд Эрчим хүчний сайдын зөвлөлийн ээлжит хуралдаан болсон байна. Хуралдаанаар “Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт цэнэг хураагуурын эзлэх хувь хэмжээ ба эрчим хүчний системд сэргээгдэх эрчим хүч шингээх боломж” сэдвийг хөнджээ. Манай улс сэргээгдэх эрчим хүчний баялаг нөөцтэй орны тоонд багтдаг. Энэ утгаараа Азийн супер сүлжээнд нэгдэн сэргээгдэх эрчим хүч экспортлохоор зэхэж буй. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчийг нөөцлөх зайн хуримтлууртай болох хэрэгтэйг салбарын сайд өнгөрсөн наймдугаар сард болсон Ази, Номхон далайн бүсийн сэргээгдэх эрчим хүчний форумын үеэр онцолж байсан Тэрээр, “Улс бүр сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх өөрсдийн гэсэн зорилготой. Манай улсад нар, салхины эрчим хүчээ ашиглан эрчим хүч үйлдвэрлэн, экспортлох зорилго бий. Гэхдээ бид байгалийг захирч чадахгүй тул нар, салхийг ашиглах нь мэдээж хүндрэлтэй. Нарны станц шөнө хэрхэн эрчим хүч үйлдвэрлэх вэ. Салхи гарахгүй тогтуун өдөр яаж ажиллах билээ гэх мэт хүндрэлүүд гардаг. Энэ асуудал бүх улсад тулгарч байгаа шүү дээ. Тиймээс сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх явцад тулгарсан бэрхшээлийг хэрхэн даван туулсан талаараа улсууд туршлага солилцож байна. Улс орнуудад янз бүрийн туршлага байдаг. Харин манай улс 100 мВт-ын цэнэгт хуримтлуур бий болгохоор ярьж байна. Өөрөөр хэлбэл, нар, салхитай үед зайгаа цэнэглэж аваад нар, салхигүй үед хуримтлуулсан эрчим хүчээ ашиглах юм. Манай говийн бүст нар, салхины эрчим хүчийг хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой, арвин нөөцтэй. Үүнийг ашиглах, харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой олон улс орон Азийн супер сүлжээг бий болгохоор зорьж байна. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлбэл бид Япон, Солонгос зэрэг улс руу нар, салхины эрчим хүч экспортлох боломжтой болно” гэсэн юм.

Аюулгүй байдлыг хангах шийдвэрүүд

Өнгөрсөн лхагва гарагт болсон тус хурлаар эрчим хүчний тогтвортой байдлыг хангах, ийнхүү хангахын тулд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах талаар тодорхой шийдвэр гаргасан байна. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг диспетчерийн зохицуулалтад оруулж чадал, давтамжийн савлалтыг арилгах, эрчим хүчний системийн горим ажиллагаанд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, оргил ачааллын үеийн импортын урсгалыг багасгах гэнэ. Доголдол гарсан үед тодорхой хугацааны нөөц эх үүсвэрээр хангах зорилгоор нарны эрчим хүчний эх үүсвэрт суурилагдсан хүчин чадлын 20 хувьтай тэнцэх, салхины эх үүсвэрийн хувьд суурилагдсан хүчин чадлын 40 хувьтай тэнцэх хэмжээний суурилагдсан чадалтай, суурилагдсан хүчин чадлыг дөрвөн цагаас багагүй хугацаанд гаргах чадалтай, нэгж циклийн цэнэг алдалтын гүн 90 хувиас багагүй, энерги хуримтлуулах технологитой ашиглалтын хугацаа 10 жилээс багагүй байх цэнэг хураагууртай байхаар болжээ. Энэ хүрээнд ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах аж. Мөн цаашид эрчим хүчний дамжуулах шугамын дамжуулалтын хүчин чадал, шингээх чадварыг харгалзан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт эрчим хүчний системд холбогдох техникийн нөхцөл олгохыг түр хугацаагаар түдгэлзүүлжээ. Дараагийн шийдвэр нь системд шаардлагатай хүчдэлийн, давтамжийн тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх, хөрөнгийн эх үүсвэрийг холбогдох компаниудын бизнес төлөвлөгөөнд тусгуулахаар болсон байна.