Энгийн хэрнээ ухаалаг шийдэл

Mонгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх, баталгаа, батлан даалт гаргах нийт санхүүжилтийн дүнгийн 60-аас доошгүй хувийг экспортыг дэмжсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулахаар тусгасан байдаг. Энэ ч утгаараа нийгмийн үр нөлөө, эдийн засгийн өгөөжийг хоёуланг нь чухалчилж үздэг. Энэ дагуу эдийн засгийн өгөөжөөс илүү нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд тустай, шинэлэг технологи, цахилгааны хэмнэлттэй зэргийг харгалзан үзэж “Монватт” ХХК-ийн эрчим хүчний хамгийн бага зарцуулалттай “Эко тулгат” зуухыг санхүүжүүлжээ.

20 жилийн ашиглалтын хугацаа бүхий 2 жилийн баталгаатай, цахилгаан бага зарцуулдаг “Эко тулгат” хэмээх утаагүй зуух нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хийгдэж буй эдийн засгийн хэмнэлттэй, аюулгүй, ухаалаг төхөөрөмж болж буйгаараа онцгой юм.

“Эко тулгат” төхөөрөмж нь шөнийн цагт ашиглагдахгүй байгаа цахилгаан эрчим хүчийг ашиглан дулааныг өөртөө хуримтлуулж, хуримтлуулсан дулаанаараа гэр болон амины орон сууцыг өдрийн турш дулаан байлгах, дулаанаа хуримтлуулах динамик төхөөрөмж аж.

“Монватт” компанийн менежер Г.Нямсүрэн

Зуухан дотор байх төмөр, хүдрийн хольцтой, 78 хувийн металл агуулсан 30 ширхэг герман үйлдвэрийн тоосго нь гурван спираль төмрөөр дулаанаа дамжуулан хуримтлуулж авна. Дулаанаа хуримтлуулсны дараа цахилгаан тасрахад халсан тоосго нь 2-3 өдөрт хөрөхгүй, дулаанаа хадгалдаг. Мөн “Эко тулгат” зуух нь дотроо цельсийн 650 хэм хүртэл халах бөгөөд дулаанаа сэнсний тусламжтайгаар зуухны гурван талруу гадагшлуулдаг. Ингэхдээ гаргаж байгаа дулаан нь хүний арьсыг хуурайшуулах, харшил үүсгэх асуудал байхгүй гэдгийг Германы шинжээчдийн баг дүгнэсэн.

Анх “Монватт” компанитай хамтран ажилладаг Германы компани динамик дулаанаа хуримтлуулж, халаах төхөөрөмжийн бүх эд ангийг угсарч илгээдэг байжээ. Тухайн үед төхөөрөмжийг угсрах, тээврийн хөлс нь өндөр гарч улмаар иргэдэд өндөр үнээр борлуулахаас өөр аргагүй болдог байж. Тиймээс хэрэглэгчдэдээ илүү хямд үнээр хүргэх гарцыг эрэлхийлж судалсны үндсэн дээр динамик төхөөрөмжийг зөвхөн монгол гэрт зориулсан шийдлээр “Эко тулгат” зуух болгон угсрах болжээ. Ингээд “Эко тулгат” төхөөрөмжийг угсарч, гэр хорооллын иргэдийг утаагүй, эрүүл тухтай орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор Хөгжлийн банкнаас 1000 зуух үйлдвэрлэх санхүүжилт авч чадсан байна. Энэхүү санхүүжилтын эх үүсвэрээрээ 300 гаруй зуухыг хэрэглэгчдэд хүргэжээ. Тус үйлдвэр нь өдөрт зургаан зуух үйлдвэрлэх хүчин чадалтай.

Хөгжлийн банкны Төслийн зээл, санхүүжилтийн хэлтсийн захирал Т.Мөнхтулга

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхийг зорьдог. Утаатай тэмцэх олон янзын санал санаачилга, төслүүд банканд ирдэг ч тэр болгон шалгуур үзүүлэлтийг хангаж чаддаггүй. Шалгуурын дараа тус төслийг үнэлээд зээл олгож болох эсэхийг шийдвэрлэдэг. Цаашид инновацид суурилсан, оновчтой шийдэл гаргасан төслүүдийг бид санхүүжүүлнэ. Зээлийн эргэн төлөлтийн хувьд компанийн онцлог, улирлын онцлог зэргээс хамаарч харилцан адилгүй байдаг. Мөн харилцагч болон банкны үйл ажиллагаанд нөлөөлөхгүйгээр эргэнтөлөлтийн нөхцөлийг тавьж өгдөг. “Эко тулгат” төхөөрөмж үйлдвэрлэх төслийн хувьд Монгол Улсын хөгжлийн банкны тухай хууль болон тус банкны зээлийн бодлогын дагуух шалгуурыг хангаснаар төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ аргачлал, шалгуурын дагуу тооцсоны үндсэн дээр шийдвэрлэсэн.

“Эко тулгат” зуух нь хоол, цай хийх хоёр ширэмтэй бөгөөд энэ нь яндангүй, цахилгаанаар ажилладаг зуухаар гэрээ халааж, түүн дээрээ хоол, цайгаа хийнэ гэсэн үг. Мөн цагийн тохиргоотой учир гэрийнхээ дулааныг тохируулж болохоос гадна цагийн тохиргоог тааруулсан байхад автоматаар гэрийг дулаан хэмтэй байлгах зэрэг олон давуу талыг хэрэглэгчдэд олгож буй юм. Монголчууд бидний хувьд нэн шинэ, дэвшилтэт уг төхөөрөмж нь утаа, агаарын бохирдлоос салах ухаалаг, хэмнэлттэй арга гэдгийг өөрийн биеэр туршиж мэдсэн хэрэглэгчтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонссон юм. “Эко тулгат” зуухыг дөрөв дэх жилдээ хэрэглэж буй Р.Нанжид тус зуухыг хэрэглэснээр утаанаас бүрэн салж чадсан төдийгүй худалдаанд буй бусад утаагүй зуухтай харьцуулахад цахилгааны хэмнэлт сайтай гэдгийг онцолж байлаа.

Иргэн Р.Нанжид

Манайх сард хэрэглээтэйгээ нийлээд цахилгааны төлбөрт 45 мянган төгрөг төлдөг. Эко зуухны цахилгаан хэрэглээнд сард 19 мянга орчим төгрөг төлдөг. Өмнө нь хэрэглэж байсан төслийн зуухнууд сард нэг машин нүүрс, дээрээс нь түлээ мод авах шаардлагатай болдог байсан. Тэр зардлыг эко зуухны хэрэглээний цахилгааны үнэтэй харьцуулахад 2 дахин их байжээ. Одоо бол эко зуухаа залгаад хэд хоногоор хөдөө яваад ирсэн ч өөрөө асч, унтраад гэрийг нэг хэвийн дулаантай байлгаж байдаг. Утаа тортог гэхгүй, шөнөдөө дулаахан хоноод сайхан байна.