“Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” дэлхийн долоо хоногийг тохиолдуулан УХТЭ-ээс иргэдэд антибиотикийн зохисгүй хэрэглээний улмаас үүсч буй хор уршгийг мэдээллэж, тэдний мэдлэг хандлагыг дээшлүүлэх зорилгоор “Дахин сайн бод. Эмчээс зөвлөгөө ав”, “Антибиотикийг буруу хэрэглэх нь биднийг бүгдийг нь эрсдэлд оруулж байна” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг Улсын Их Дэлгүүрийн 2 давхарт  байгууллаа.

Өдөрлөгийн үеэр тус эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар болон резидент эмч нар үзлэг хийн, зөвлөгөө өгч, сувилагч нар иргэдийн биеийн жин, сахарын хэмжээг тодорхойлох болон эмнэлзүйн эм зүйч нар эмийн зохистой хэрэглээний талаар зөвлөгөө өглөө.

Антибиотикыг буруу хэрэглэвэл: Өвчин үүсгэгч нян тухайн антибиотикт дасан зохицож тэсвэртэй болохоос гадна өөр ямар ч антибиотикаар эмчлэгдэхгүй нян үүсгэдэг. Антибиотикыг хэрэглэх заалтгүй өвчний үед хэрэглэвэл өвчний шинж тэмдгийг бүдгэрүүлж, оношлоход түвэгтэй байдлыг бий болгох, өвчин архагшихад хүргэнэ.

Антибиотикын дасал: Бага тунгаар удаан хугацаагаар эсвэл эмчилгээний үргэлжлэх хугацааны турш бүрэн хэрэглэхгүй дутуу орхисноос, эмчийн зааваргүй, өөрөө дур мэдэн буруу хэрэглэх нь антибиотикын дасалтай болох гол шалтгаан болдог. Хэрвээ ямар нэг антибиотикт дасалтай болсон бол адил үйлдэлтэй бусад антибиотик ч үйлчлэхгүй болох аюултай. Гентамицин, канамецин, стрептомицин, эритромицин, кларитромицин зэрэг антибиотикуудыг удаан хугацаагаар болон өндөр тунгаар хэрэглэхэд сонсголд муугаар нөлөөлдөг байна.