Өнгөрсөн есдүгээр сарын 15-ны бямба гаригт “ДЦС IV”-ийн үйл ажиллагаа доголдож, дулааны станцуудын үйл ажиллагаа зогсож, цахим гүйлгээ тасарсан гэх мэт олон хүндрэл үүсч нийслэлчүүд багагүй бухимдсан. Гэнэтийн сэрэмжлүүлэг өгсөн гэмээр уг үйл явдал эрчим хүчний салбарын хөгжлийг мөн шаардсан юм. Тэр үед улс даяар л энэ талаар шуугиж, трэнд сэдэв болж байв. Төд удалгүй энэ тухай бүгд мартаж, өөр сэдвүүдийг сэвж эхэлсэн ч өвөлтэй цуг аюулын харанга дэлдсээр анхаарлын төвд дахин орж ирлээ.
Хэрэглээний өсөлт салбарын шинэчлэлт шаардаж байна
Манай улсын эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал 1200 МВт. Харин өнгөрсөн өвлийн ачаалал 1180 МВт хүрч, дулааны станцууд улаан гэрлээ асаан байж өвлийг давсан. Эрчим хүчний хэрэглээ жил бүр 5-8 хувиар нэмэгддэг. Гэтэл энэ жил 10 хувиар нэмэгдсэн талаар Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох ярьсан. Тэрээр энэ талаар “Өвөл болохоор дулааны цахилгаан станцууд бүх тоноглолоо ажиллуулан байж ачааллаа давж гардаг. Нөөц тоноглолгүйгээр, өндөржүүлсэн бэлэн байдалд ажилладаг. Эрчим хүчний хэрэглээний өсөлт энэ онд 10 хувиар нэмэгдсэн. Өмнө жилүүдэд өвлийн үед ачаалал таван хувиар өсдөг байсан. Гэтэл энэ жил хоёр дахин нэмэгдээд байна” гэсэн юм. Төвийн бүсийн нэгдсэн системийн хэмжээнд эхний найман сарын байдлаар цахилгаан эрчим хүчний түгээлт 3449.4 сая кВт.цаг болж, төлөвлөгөөнөөс 162.5 сая.кВт цагаар өсжээ. Энэхүү хэрэглээний өсөлтийн 78.2 сая нь “ДЦС IV”, 27.5 сая “ДЦС III”, 58.1 сая кВт.цагийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн дулааны цахилгаан станц үйлдвэрлэсэн байдаг. Эхний найман сарын байдлаар импортоор 199.3 сая кВт цахилгаан эрчим хүч авахаар төлөвлөснөөс 185 сая кВт. цаг цахилгаан эрчим хүч авсан байна. Харин экспортоор 31.8 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч өгөхөөр төлөвлөж байснаас 20.5 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч өгч 11.3 сая кВт.цаг-аар хэмнэсэн аж. “Диспетчерийн үндэсний төв”-ийн гаргасан дүгнэлтээр одоогоор манай улсын эрчим хүчний хоногийн их ачаалал 904.72 МВт, бага ачаалал 637.36 МВт байна. Хүйтрэх тусам эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, ачаалал ихэснэ.
Шинэ эх үүсвэртэй болохоос татгалзан, хуучин станцуудаа засварлах нь зөв сонголт уу
ДЦС II 1961, ДЦС III 1968, ДЦС IV 1983, Дарханы станц 1965, Эрдэнэтийнх 1986, Дорнодынх 1969, Даланзадгадынх 1980 онд ашиглалтад орсон. Өнөөдөр манай эрчим хүчний эх үүсвэрүүдийн хамгийн залуу нь 33 жил болсон байна.
Салбарын шинэчлэлийн асуудал ачаалал, цахилгааны хэрэглээний өсөлттэйгөө цуг үргэлж яригддаг. Эг, Шүрэнгийн голын усан цахилгаан станц, Тавантолгой хийгээд V цахилгаан станцуудыг энд нэрлэж болно. Гэтэл далдын ямар нэгэн хар хүчийн гэмээр шалтгаанууд нөлөөлсөн аятай ажил хэрэг болохгүй цаасан дээр үлддэг.
Түүнийг салбарынхан хэрхэн тайлбарладгийг сонирхуулъя.
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан
ДЦС IV, ДЦС III гэх мэт цахилгаан станцыг хүмүүс насжилт өндөртэй, хуучирч муудсан гэж ойлгодог. Ашиглалтад орсон жилийг нь харвал удсан нь үнэн. Гэхдээ анхны тавьсан тоноглол шинэчлэгдэж байгаа гэдгийг иргэд төдийлөн сайн ойлгохгүй байна. 1990 оноос хойш манай салбарт техникийн шинэчлэл хийсэн. Өнөөдрийн байдлаар нийт тоног төхөөрөмжийн 50 гаруй хувь шинэчлэгдсэн. Цаашид ч шинэчлэлийн ажил хийгдэнэ. Эрчим хүчний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж байна. Цаашид ч хэрэглээ улам өснө. Тиймээс цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлага тулгарлаа. Шинээр цахилгаан станц барих гэхээр барьж байгуулах газраас эхлээд асар их хөрөнгө оруулалт шаардагддаг.
Ингэснээр салбарынхан хямд зардлаар, хоёр дахин бага хугацаанд эрчим хүчний суурилагдсан хүчин чадлаа нэмэгдүүлэхээр ажиллаж эхэлжээ. Энэ нь шинэ эх үүсвэр, том станц барих биш одоогийн байгаа станцуудаа өргөжүүлэн, шинэчлэх явдал юм. Тухайлбал, “ДЦС IV”-ийн 1-4 дүгээр турбиныг шинэчлэх хөрөнгийг ОХУ-аас зээлж, ажлаа эхлүүлжээ. Ингэснээр тус станцын суурилагдсан хүчин чадал 89 МВт-аар нэмэгдэж, дөрвөн турбины ажиллах хугацаа 220 мянган цагаар уртсана. Мөн “ДЦС-III” дээр 25 МВт-ын тавдугаар турбиныг 50 МВт болгож солих, тус станцын баруун талд 50 МВт-ын нэг зуух турбин тавих, 48 МВт-ын дунд даралтын хэсгийг буулгаж, оронд нь шинээр 250 МВт-ын станц барихаар төлөвлөжээ. Түүнээс гадна “ДЦС II”-ын суурин дээр 200 МВт-аас дээш хүчин чадалтай цахилгаан станц барихаар судалж байгаа. Эрдэнэт, Дарханы дулааны цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөлийн ажлыг шуурхайлах, Амгалангийн дулааны станц дээр турбин генератор суурилуулан 50 МВт-ын өргөтгөл хийж, цахилгаан үйлдвэрлэхээр зэхэж байгаа. Хоёр дахин хямд зардлаар, хоёр дахин бага хугацаанд минут секунд бүрт өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах зам нь тэднийхээр энэ.
Эрчим хүчний дараагийн шийдэл нь “эх оронч голууд”
Эрчим хүчний бие даасан тогтвортой байдлыг хангах дараагийн зөв шийдлээр салбарынхан усан цахилгаан станцыг нэрлэдэг. Үүнийг бодит болгохоор Эрчим хүчний сайдын санаачилгаар “Усан цахилгаан станцыг хөгжүүлэх хөтөлбөр” боловсруулсан.
Харамсалтай нь манайд яригдаж буй усан цахилгаан станцын төслүүд бусад төслүүдийн ижлээр гацаанд орсон. Магадгүй үүнд эскпорттой холбоотойгоор хоёр хөршийн нөлөө буйг үгүйсгэх аргагүй. Ингээд салбарынхан дахин мэргэн санаа олсон нь эх оронч голуудыг онилжээ. Өөрөөр хэлбэл, Монголоос эх аваад, Монголд цутгадаг голуудыг түшиглэн усан цахилгаан станц байгуулах.
Тухайлбал, Баян-Өлгий, Ховд аймгийг дамжин Алтай Таванбогдоос, Хар усан нуур хүртэл урсдаг 500 км урттай “Ховд” голыг түшиглэн станц байгуулах. Тэнд хоёр усан цахилгаан станц барих боломжтой гэж ажлын хэсгийн дүгнэлт гарчээ. Нэгийг нь, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дэвсгэрт 64 МВт-ын хүчин чадалтай. Нөгөө нь Баян-Өлгий аймгийн Тавалтайн хавцалд 92 МВт-ын хүчин чадал бүхий станц барихаар ТЭЗҮ нь гарсан. Тэнд дахиад тийм хэмжээний станцууд барих боломжтой ч гэдэг.
Системд шинэчлэл хэрэгтэйг бүгд улиг болтол ярьдаг хэрнээ шинэ эх үүсвэр төдийлөн нэмэхгүйгээр, 60 жилийн настай хэдэн станцдаа өртгөлтгөл шинэчлэл хийж гал унтраах маягаар тус салбар явсан. Өндөр хүчин чадал бүхий станцуудын олон төсөл яригддаг ч элсэнд шингэсэн мэт аниргүй болдог уламжлалтай. Сүүлдээ улам нэмэгдлээ. Өргөтгөлд хойд хөршийн хөрөнгө оруулалт ч зонхилох болж. Магадгүй энэ нь манай улсын эрчим хүчний салбарын хөгжлийг “түгжих” их гүрний бодлого ч байж мэдэх юм. Тэгэхээр улс аюулгүй байдлын бодлогын хүрээнд гаднын хөрөнгө оруулалтаар бус дотоодын хүчээр эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох хэрэгтэй байна.